Цусаа өгсний дараа таны биед ямар өөрчлөлт гарах вэ? | News.MN

Цусаа өгсний дараа таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

Хуучирсан мэдээ: 2018.08.17-нд нийтлэгдсэн

Таны цус амьдрал бэлэглэнэ

Цусаа өгсний дараа таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

Цусаа өгсний дараа таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

Гурван хүний амь аварч, эрүүл мэндийг сайжруулан гурван гэр бүлд элэг бүтэн амьдралыг бэлэглэхийн тулд та ердөө 350-400 мл цус өгөхөд л хангалттай.

Хүний бие махбодь  цусны эс, сийвэнгээ нөхөн төлжүүлэх бүрэн чадалтай юм.

Хэрвээ та цусаа өгч, бусдад амьдрал бэлэглэж, донор болсон бол цусаа өгсний дараа ямар дэглэм барих, ямар зүйл хийх ёстой, ямар зүйл хориглодгийг мэддэг байх хэрэгтэй. Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Чанарын Албаны дарга Т.Алимаа ингэж зөвлөлөө.


цусны тухай товчхон:

  • Цус гэдэг хүний судсаар урсдаг шингэн эрхтэн
  • Биеийн жингийн 7-8 хувийг эзэлдэг
  • Улаан эс, цагаан эс, сийвэн, ялтаст эс гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэнэ

-Цусаа өгч буй хүнд ямар нэгэн сөрөг нөлөө гарах эсэхийг хүмүүс их асуудаг?

-Энэ асуултанд хариулахын тулд эхлээд ямар хүн цусны донор болох талаар яръя.

17-60 насны эрүүл хүн бүр цусны донор болж болно. Цусны алба  донор өөрөө эрүүл байна уу, энэ хүнээс авсан цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг өвчтөнд эмчилгээний зорилгоор сэлбэхэд харшлах зүйл байна уу гэдгийг цус өгөх бүрд тодорхой шалгуур үзүүлэлт, эрүүл мэндийн үзлэг, асуумжийн дагуу үнэлж, сонгож авдаг.

Тухайн хүн эрүүл бол стандарт хэмжээгээр цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ өгөхөд эрүүл мэндэд нь ямар нэг сөрөг нөлөө илрэхгүй, ямар нэг эмгэг өөрчлөлт гардаггүй гэсэн судалгааны үр дүн, нотолгоо олон улсад хэвлэгдэн гарсан нь цөөнгүй. Мөн донороос авч болох цус, сийвэн, эсийн хэмжээг тогтоож өгсөн байдаг.

Цусны донорууд ч цус, сийвэнгээ өгөхөд өөрийгөө бэлтгэж ирдэг. Нойр, хоолны дэглэм, хувийн ариун цэвэр ялангуяа сэтгэл зүйн бэлтгэл сайн хийх хэрэгтэй.

Цусны алба донороос цус, сийвэн, эс авах ажилбар зөв зохион байгуулагдсан, хэрэглэж байгаа бүх зүйлс нэг удаагийн зориулалттай, чанартай байдаг тул цусаа өгөх явцад донорт ямар нэг сөрөг нөлөө илрэхгүй тул  санаа зовох зүйл байхгүй.

Харин цусаа өгсний дараа тухайн донор:

  • Цус, сийвэн, эс авсны дараа зүү хатгасан хэсэгт цус гоожихоос сэргийлж, даралттай ариун боолт хийж өгдөг. Энэ  боолт дээр  дарж, 5 минут орчим  тайван суух хэрэгтэй.
  • Энэ боолтыг бага зэрэг суллан 6 цагийн дараа авна.
  •  Цус өгсний дараа хамгийн багадаа хоёр аяга шингэн зүйл ууж, хөнгөн зүйл идэнгээ 10-15 минут амарч сууна. Энэ үед ямар нэг асуудал , шинж тэмдэг илэрвэл эмч, сувилагчид мэдэгдэнэ.
  • 24-48 цагийн хугацаанд шингэн зүйл ердийн хэмжээнээс арай  ахиу уух хэрэгтэй.
  • Төмөр агуулсан хүнсний зүйл болох  өөхгүй мах, шинэ ногоо, самар, төмөр шимэгдэлтийг сайжруулах зорилгоор витамин С ихээр агуулсан жимс, ундаа  хэрэглэх шаардлагатай.

-Цусны доноруудын хувьд ямар давтамжтайгаар дахин бэлэглэх боломжтой болдог вэ?

-Улаан эс буюу бүхэл цусаа өгсөн эрэгтэй донор хоёр сарын дараа, эмэгтэй донор гурван сарын дараа дахин цусаа бэлэглэх боломжтой болно. Энэ хугацаанд цусны эзлэхүүнд байх ёстой улаан эсийн тоо эргэж хэвийн хэмжээндээ орж, бүрэн нөхөн төлждөг.

Харин сийвэнгээ өгсөн хүмүүсийн хувьд хоёр долоо хоногийн дараа дахин сийвэнг өгч болно. Учир нь донор сийвэнгээ өгч байх үеэс нь эхэлж сийвэнгийн нөхөн төлжилт эхэлж 14 хоногт бүрэн нөхөгдсөн байдаг. Донор ялтас эсээ өгсөн үед 1 сарын дараа дахин өгч болдог.

Тэгвэл цусаа өгсний дараа хориглох зүйлс юу байдаг вэ?

-Цусаа өгсний дараа донорууд:

  • Архи согтууруулах ундаа хэрэглэх,
  • Өндөрт гарах, ажиллах,
  • Хүнд машин механизм жолоодох
  • Их ачаалалтай ажиллах,
  • Биеийн хүч их шаардсан дасгал, бэлтгэл хийх,
  • Халуун наранд, бүгчим газар удаан ажиллах,
  • Саунд суухыг тус тус хориглоно.

-Зөвлөгөө өгсөн танд баярлалаа.

 

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж