АНУ-ын домогт дуучин Арета Франклин өнөөдөр 76 настайдаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Домогт дуучин Детройт дахь гэртээ хайртай дотны хүмүүсээрээ хүрээлүүлэн нас барсан гэж гэр бүлийнхэн нь хэлжээ. Soul хөгжмийн хатан хаан гэгддэг хайртай дуучнаа алдсанд дэлхий даяараа харамсан гашуудаж байна. Арета Франклиний бие долоо хоногийн өмнөөс огцом муудаж Мичиган муж улсын Детройт хотын эмнэлэгт хүргэгдсэн аж.
Тэрбээр АНУ-ын гурван ч ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцон ая дуугаа өргөж байсан юм. Мөн иргэний эрхийн төлөө хүчтэй тэмцэгч нэгэн байжээ.
АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп, ерөнхийлөгч асан Барак Обама нараас авхуулаад урлаг соёлын томоохон одууд цахим хуудастаа гүн эмгэнэл илэрхийлсээр байна. Трамп ‘Бурханаас өгсөн гайхалтай хоолойтой агуу дуучин" хэмээжээ.
АНУ-ын ерөнхийлөгч асан Билл, Хилари Клинтон нар ’50 жилийн турш бидний сэтгэл зүрхийг уянгат сайхан дуугаараа хөглөсөн агуу дуучин’ хэмээн чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж байгаагаа цахим хуудастаа постолжээ.
Түүний бүх цаг үеийн хамгийн гайхалтай хит дуунууд ‘Respect’, ‘I say little prayer’ зэрэг дуунууд нь сэтгэл зүрхэнд үлдсэн байдаг. Тэрбээр 18 удаа Грэммигийн шагналыг хүртэж байсан. 2010 онд хорт хавдартай хэмээн оношлогдсон бөгөөд байнгын эмчийн хяналтад эмчлүүлж байсан юм. Өнгөрсөн жил их хөгжмөөсөө зодог тайлж байгаагаа зарласан.
76 настай А.Франклин энэ оны эхээр хийхээр төлөвлөөд байсан тайлан тоглолтуудаа эрүүл мэндийн шалтгааны улмаас цуцалсан байсан аж.
Эх сурвалж: BBC
Т. Мядаг