“Stamford” сүлжээний бизнес 100 тэрбумын хохирол учруулжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.17-нд нийтлэгдсэн

“Stamford” сүлжээний бизнес 100 тэрбумын хохирол учруулжээ

“Stamford” сүлжээний бизнес 100 тэрбумын хохирол учруулжээ

Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гадаа сүлжээний залилангаас болж хохирсон иргэд цугларчээ. Биднийг 17.00 цагийн орчимд тус цагдаагийн хэлтэст очиход хүмүүс бөөгнөрч бухимдангуй царайтай  угтав. Одоогоос жил гаруйн өмнө Монгол Улсад “Stamford” нэртэй хөрөнгө оруулалтын компани үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Тодруулбал, иргэдээс хөрөнгө оруулалт авах зарчмаар мөнгө босгож нийтдээ 7000 гаруй иргэнээс 100 тэрбум төгрөгийг босгожээ. Иргэдийн мэдээлснээр интернет дэх “Forex” арилжаатай ижил төрлийн зарчмаар мөнгө олдог бөгөөд жилийн хугацаанд гэрээ байгуулж, долоо хоног бүрийн хагасайн өдөр ногдол ашгаа авдаг байсан аж. Тус компанийг хариуцсан гэх ОХУ-ын иргэн Евгений Персов биднийг очиход тус цагдаагийн хэлтэст байцаалт өгч байлаа.

Хохирогчдын нэг болох иргэн Г.Нэргүй “Жи–Тайм” сүлжээний хохирлоос хэд дахин давсан хохирол учраад байна. Эхэндээ хөрөнгө оруулалтын компани нэрийдлээр орж ирсэн. Оруулсан хөрөнгө оруулалтаасаа долоо хоног бүр ногдол ашиг хүртдэг байсан. Өвлийн турш ашигтай ажиллаж хавар бидний дунд 20 хувийн урамшуулал зарласан юм. Тэр үед хүмүүс хуйларч байгаа бүгдээ л шавхсан даа. Жишээлбэл, хоёр мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд 2600 ам.доллар болж өсөх байсан юм. 2017 оны дөрөвдүгээр сард хүмүүс хөрөнгө оруулалтаа хийсний дараа сайт ажиллахаа больсон юм. Шалтгааныг нь бидэнд засвартай байна гэж холбогдох хүмүүс тайлбарласан. Дараа нь сайт ажиллаж бидний ногдол ашиг ихэссэн  ч тэр мөнгийг хөрвүүлж чадахгүй ийм нөхцөл байдал үүссэн. Бид тавдугаар сард тус компанийг үүсгэн байгуулсан гэх Казак иргэнийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хүсэлт өгсөн. Гэтэл түүнийг шалгасан эсэхийг мэдэхгүй тавиад явуулсан байсан. Нийтдээ долоон мянга гаруй иргэн 100 тэрбум төгрөг алдчихаад яаж буцааж авахаа мэдэхгүй сууж байна. Үүний ард УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа бас байгаа түүнийг хөрөнгө оруулсан гэж сонсоод итгэл төрсөн” гэв.

Монголчууд хашрах байх

Би зургаан мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Хөрөнгө оруулалт гэдэг утгаар нь элссэн. Бид нарт энэ бол сүлжээний бизнес биш. Та нар хөрөнгө оруулалтын бизнес хийж байгаа. Та нарыг ядуу байлгахгүйн тулд ийм бизнес оруулж ирлээ. Тийм учраас сайхан амьдрахыг хүсвэл их мөнгө хий  гэж оруулж ирсэн хүмүүс ярьж байсан. Хамгийн ноцтой нь энэ компанид ороод жилийн дараа байртай болчихно. Барилгын компанитай гэрээ хийчихвэл жилийн дараа гэхэд байранд орно хэмээн хүмүүсийг татсан. Хамгийн багадаа таван мянган ам.доллар, цаашилбал 50 мянган ам.доллар хийсэн хүмүүс ч энд байна” гэж иргэн О.Баярцэнгэл ярилаа.

Байрны урьдчилгаа хийх мөнгөөр байр авах боломжтой гэж хүмүүсийг элсүүлжээ

Хохирогчдын нэг болох дунд эргэм насны залуу бидэнд ингэж ярилаа. Тэрбээр 2018 оны гуравдугаар сарын 17-нд арван мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Гурван долоо хоногийн турш ногдол ашгаа хүртэж, улмаар ээж, эгч, аавын хамтаар нийтдээ 24,9 мянган ам.долларыг тус компанийн дансанд хийсэн байна. Тэрбээр “Манай найзын ээж надад хэлэхэд итгэл төрж эхэлсэн. Хүмүүс нүдэн дээр мөнгөө аваад байсан болохоор мөнгөө өсгөчих байх гэж найдсан. Тэгтэл бүх хүмүүсийн ногдол ашиг энэ оны дөрөвдүгээр сараас эхлээд орохоо байсан. Бидэнд хэлэхдээ 10 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийвэл 12 мянган ам.доллар буцаж орно гэсэн. Ийм байдлаар мөнгөө хийгээд залилуулаа. Хамгийн анх надад байрны урьдчилгаа хийх мөнгөөр байр авах боломжтой гэж танилцуулж байсан. Гэрээний тухайд эрсдэлийг 100 хувь өөрөө хүлээнэ, мөнгөө алдвал компани хариуцлага хүлээхгүй гэж нэг ч хүн тайлбарлаагүй. Яг үнэндээ яах учраа олохгүй сууж байна.  Бидний мөнгийг буцаан өгөхгүй бол арбитрын шүүхэд хандана” гэв.

Цагдаагийн байгууллагаас эл асуудлыг тодруулахад иргэдийн гомдлын дагуу шалгаж байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн тайлбарыг өглөө.

Э.Ариун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж