Хуруу даран хүлээсэн тэдний өдөр

Хуучирсан мэдээ: 2018.08.17-нд нийтлэгдсэн

Хуруу даран хүлээсэн тэдний өдөр

Эх орноо хамгаалахаар албандаа мордсон залуус энэ л өдрийг хуруу даран хүлээсэн. Тэдний хүсэн хүлээсэн өдөр, баяр өчигдөр /2018.8.16/ тохиож, оюутан цэргүүдийн мэргэжлийн бэлтгэл сургалт өндөрлөж, тангарагийн баяраа тэмдэглэв.

Цэргийн албаны тухай Монгол Улсын хуулиар цэргийн алба хаах нэг хэлбэр болсон “Оюутан цэрэг” цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад энэ онд 1500 оюутан бүртгүүлснээс Улаанбаатар хотод 650, хөдөө орон нутагт 350 нийт 1000 оюутан хамрагджээ. Эдгээр оюутан дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-нд онолын сургалтад хамрагдаж, зургадугаар сарын 30-нд эхэлсэн цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтаа өчигдөр өндөрлөж, тангараг өргөх ёслолоо тэмдэглэлээ.

Монгол Улсын Засгийн газраас тав дахь жилдээ зохион байгуулж буй “Оюутан цэрэг” сургалтын цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалт Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Шархад дахь хээрийн сургалтын төвд хоёр сар үргэлжилсэн юм. Сургалт өндөрлөснөөр тэд эр цэргийн албанаас чөлөөлөгдөж байгаа юм. Дөрвөн сарын турш бэлтгэгдсэн шинэхэн цэргүүдийн сэтгэгдлийг хүргэе.

СУИС-ийн кино найруулагчийн ангид суралцаж буй С.Төмөрбаатар: ЦАНГАХАА БОЛИОД ӨЛСДӨГ БОЛСОН

Цэрэгт явахаасаа өмнө “Маш нууц-2′-ыг үзсэн. Монголоороо омогшиж, цэрэгт явж үзэхийн хүслэн болсон. Цэрэгт явснаар маш олон зүйлийг сурж авлаа. Ус чандмана эрдэнэ, цаг бол алт, ээж бол бурхан, анд нөхөд маш чухал, эр хүн зангарагтай байх ёстой зэрэг зүйлийг маш сайн ойлгосон. Хоёр сар онол, хоёр сар хээрийн бэлтгэл хийсэн. Хээрийн бэлтгэл дээр бүх зүйлийг өөрийн гараар хийсэн. Халуунд дасгал хөдөлгөөн байнга хийхээр эхэндээ их цангадаг байсан. Сүүлдээ дасаад цангахаа болиод өлсдөг болсон. Өмнө нь хоол сайн идэж чаддаггүй байсан бол одоо хоолонд сайн болсон. /инээв/ Тамхи татдаг байсан залуус тамхинаас гарч, зарим нь нэлээд турсан. Эхний хэд хоногт маш хүнд байсан. Хоёр дахь долоо хоногоос цэргийн амьдралд дасч эхэлсэн. Харин 14 хоногийн өмнөөс энэ өдрийг хуруу даран хүлээсэн.

Их засаг олон улсын их сургуульд эрх зүйчээр сурдаг Э.Содбаяр92 КГ ЖИНТЭЙ БАЙСАН БОЛ ОДОО 76 КГ БОЛСОН

-Цэргийн алба хаахаар явахдаа 92 кг жинтэй байсан бол одоо 76 кг болжээ. Тэрбээр “Эхлээд шантардаг байсан. Гүйхэд маш их бахарддаг байлаа. Долоо хоногийн дараагаас амьсгаа задарч гүйж сурсан. Ирснээс хоёр долоо хоногийн дараа жингээ үзэхэд 83 кг болсон байсан. Харин 10 хоногийн өмнө үзэхэд 76 кг болсон байсан. Одоо хэд болсныг мэдэхгүй. Түүнээс илүү жин хассан байх. Очоод байнга дасгал хийнэ. Тэгэхгүй л бол эргээд жин нэмнэ” гэлээ.

Гурван жил цэргийн алба хаахдаа олон зүйл сурсан болохоор хүүгээ цэрэгт явуулсан

Цэмцгэр цагаан оюутан залуус бүгд хөрслөг бор цэрэг болжээ. Цэрэг эрсийг харсан ээж нар хүүгээ үнсээд “Миний хүү борлочихож, бас турчихсан юм уу даа” гэх хаа сайгүй. Харин аав нар хүүгээ үнэсээд хайрласан харцаар харснаа ямар нэгэн үг хэлсэнгүй. Хүүгээ тосч буй аав, ээжийн сэтгэгдлийг сонсов.

Хүүгээ тосч буй аав Х.Ням-Очир: “Би гурван жил цэргийн алба хаасан. Тэнд олон зүйл сурч байсан болохоор хүүгээ цэргийн алба хаалгаж байна. Хүүгээ тэсвэр хатуужилтай, хүнээс үг сонсдог болоод, олон аавын хүүтэй нөхөрлөөд ир гээд цэрэгт явуулсан. Хүүгийн маань бие бялдар хөгжөөд их сайхан болсон байна” гэлээ.

Хүүгээ тосч буй ээж бас нэгэн А.Мөнгөн: “Хүүгээ тэсвэр хатуужилтай эр хүн болоод ирэг гээд цэрэгт явуулсан. Энэ хугацаанд эргэж очсон. Бие нь сайн хөгжсөн байсан” гэв.

Тангараг өргөх ёслолын үеэр оюутан цэргүүд дунд бөхийн барилдаан зохион байгуулав. Барилдаанд “Аварга” дээд сургуулийн оюутан Б.Гэрэлчулуун түрүүлж, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан Д.Баяндалай үзүүрлэв. МУИС-ийн оюутан Э.Чингүүн, Т.Барсболд, М.Билгүүн зэрэг зарим оюутнуудад сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэг гардууллаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.Батмөнх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж