5G-гийн эрин үе тун удахгүй | News.MN

5G-гийн эрин үе тун удахгүй

Хуучирсан мэдээ: 2018.08.17-нд нийтлэгдсэн

5G-гийн эрин үе тун удахгүй

Техник технологи болон ухаалаг утас үсрэнгүй хөгжиж байгаа одоо цагт хурдтай байх нь хамгаас чухал. Тиймдээ ч ирэх 2019 оноос дэлхийн томоохон үүрэн телефоны сүлжээний операторууд шинэ технологи нэвтрүүлэх гэж байгаа нь “5G” юм. Бидний өдөр тутам хэрэглэдэг 3G, 4G LTE сүлжээнүүдийг бодвол 5G сүлжээ нь даруй 15-50 хувь дахин хурдан аж. Өөрөөр хэлбэл, интернетээс өндөр нягтралтай видео бичлэг үзэхэд гацаж тасалдахгүй, нүд эрэмхийн зуур хүссэн зүйлээ татан авах боломжтой болох ажээ.

Мөн 5G нь дан ганц хурд ч гэлтгүй мэдээлэл дамжуулахад хүлээлгэхгүй, сүлжээний хамрах хүрээ том учир тасалдана гэсэн ойлголт байхгүй болно. Түүнчлэн 5G сүлжээ нь ухаалаг утаснаас илүүтэйгээр өөр олон технологид ашиглах боломжтой нь өөрийгөө жолоодох чадвартай автомашинууд юм. Өөрийгөө-жолоодох чадвартай автомашинууд нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар орчин тойрныг шинжилж мэдээлэл боловсруулах хэрэгтэй болдог бөгөөд интернетийн тусламжтайгаар мэдээллийн төвтэй холбогддог. Эдгээр өөрийгөө-жолоодох чадвартай автомашинууд 5G сүлжээг хэрэглэж эхэлснээр түргэн шуурхай, цаг алдалгүй мэдээллийг татан авч боловсруулах бөгөөд улмаар гарч болох аюул эрсдэлээс зорчигчийг бүрэн хамгаалах боломжтой гэнэ.

 Шинэ сүлжээг хэрэглээнд нэвтрүүлэхэд нарийн төлөвлөлт болон засвар ордог бөгөөд цаг хугацаа шаардлагатай гэнэ. Одоогийн байдлаар 5G сүлжээ нь БНХАУ, Япон, АНУ зэрэг улсуудад туршигдаж, 5G сүлжээний стандартыг бүтээгч байгууллага болох 3GPP нь олон улсын үүрэн телефон операторуудтай хамтран 2019 онд албан ёсоор нэвтрүүлэхээр зорьж байна. Дашрамд дуулгахад, Мобиком корпораци Монгол Улсад 5G сүлжээг 2020 он гэхэд нэвтрүүлэх зорилт тавьсан байна.

Тэгвэл Samsung групп нь өчигдөр /2018.08.16/ 5G сүлжээг дэмжих чип үйлдвэрлэсэн хэмээн мэдэгджээ “Exynos Modem 5100” чип нь 5G сүлжээний стандартын дагуу бүтээгдсэн мөн өмнөх үеийн 3G, 4G LTE сүлжээнүүдийг дэмжихээр зохион бүтээгджээ. Харамсалтай нь Samsung группийн танилцуулж, удахгүй худалдаанд гаргах “Galaxy Note S9” ухаалаг утас 5G сүлжээг дэмжихгүй аж. Харин 2019 онд гаргах “Galaxy” цувралын ухаалаг утаснуудад 5G сүлжээнд бүрэн нэвтрэх функцтэйгээр үйлдвэрлэхээр  зорьж байгаа аж. Түүнчлэн Apple компани ирэх 2019 онд шинэ “Iphone” ухаалаг утаснуудад 5G-г суурилуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдээд буй. Ийнхүү дэлхийн томоохон ухаалаг утас үйлдвэрлэгч компаниудын дунд 5G сүлжээнд анхдагч болох уралдаан эхэллээ.

Эх сурвалж: Mashable, T3
Г. Батмандах

 

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-17 202.179.24.179

15-50 хувь дахин хурдан ? Эндээс нөхөр Г. Батмандах нь хэр нимгэн боловсролтой нь харагдаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж