Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэв

Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө наймдугаар сарын эцсийн байдлаар 467,5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 15,2 тэрбум төгрөг буюу 3,4 хувь, өмнөх оны мөн үеэс 83,4 тэрбум төгрөг буюу 21,7 хувиар тус тус өсчээ. Монголбанкнаас гаргасан мэдээгээр мөнгөний нийлүүлэлт 3,6 тэрбум төгрөгт хүрээд байгаа юм. Ийн мөнгөний нийлүүлэлт өсөхөд төгрөгийн болон гадаад валютын хадгаламж, харилцах дансан дахь мөнгөний хэмжээ өссөн нь нөлөөлсөн байна. Зөвхөн төгрөгийн хадгаламж л гэхэд өмнөх сараас 1,6 хувь, өмнөх оныхоос 50 хувь нэмэгдсэн дүн гарчээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 2,2 их наяд  төгрөгийн хадгаламж байгаагийн 1,6 их наяд нь төгрөгийн хадгаламж ажээ. Харин үлдсэн нь гадаад валютын хадгаламж юм байна. Мөнгөний нийлүүлэлт өсөхөд гадаадын хөрөнгө оруулалт нөлөөлсөн үү гэсэн сэтгүүлчийн асуултад Үндэсний статистикийн газрын Макро эдийн засгийн газрын дарга Б.Бадамцэцэг “Оны эхний хагас жилийн дүнгээс харахад гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 40 дахин нэмэгдсэн байна. Гэвч мөнгөний нийлүүлэлтэд гадаадын хөрөнгө оруулалт хамаардаггүй. Гагцхүү хадгаламж, харилцахаас л шалтгаалдаг” гэсэн хариу өглөө.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж