Хотын төв жорлон боллоо

Хуучирсан мэдээ: 2018.08.17-нд нийтлэгдсэн

Хотын төв жорлон боллоо

Хотын төв жорлон боллоо

Нийслэл хотоо нэг сайхан цэвэрлэж авах юм сан. Гэр хорооллын гудамж нь хог, угаадсаар дүүрч, хотын гудамж нь нус цэр, шээс, бөөлжис болсон хотод бид аж төрж байна. Угтаа бол Монгол Улсын иргэн олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж талбайд бие зассан, эсхүл нус цэр, тамхины иш, хог хаясан бол иргэнийг 10 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай.

Монголчууд бид гудамжинд нус цэрээ хаях, шээж баахаа хуулиар заалгах хүртлээ ухамсрын доройтолд оржээ.  Хууль батлагдсан ч хэрэгжүүлэх иргэн, хэрэгжилтийг хянах байгууллага байхгүй нь харамсалтай. Ганцхан жишээ дурдахад л хотын төв цэг болсон Соёлын төв өргөөний гадна талбай нүд хальтарч, огиудас хүргэм шээс, бөөлжистэй хутгалдаж байна. Уран зураг, урлаг уран сайхан, номын сан гээд соён гэгээрүүлэх уурхай болсон өргөөний маань гадна талбайг ийм болгосон нь үнэхээр эмгэнэлтэй. Гэхдээ энэ бол Соёлын төв өргөөнд ажилладаг албан хаагч, удирдлагуудын буруу биш гэдгийг энд онцолмоор байна. Ойр орчмын бар, пабд суугаад гарсан согтуу хөлчүү иргэд л соёлын төвийн арк, орц, гарцыг “бузарладаг” бололтой. Ганцхан жишээ дурдахад л ийм байдалтай байна.   

Гэтэл хөгжил дэвшилтэй орны иргэд амьдарч буй хотоо өөрсдийн ухамсраар цэвэрхэн байлгадаг билээ. Тэд нэгэндээ хогоо хогийн саванд хийхээс эхлээд нус, цэр, шээс баасны асуудалд шаардлага тавьж, тавьсан шаардлагыг нь ч хэрэгжүүлж чаддаг байна. Гэтэл монголчууд эх орондоо эмх замбараагүй байдаг хэр нь хүний  нутагт хотын соёлд суралцдаг тухай ам дамжсан яриа бий.

Ай даа нийслэлчүүд минь хотоо, ухамсартайгаа нэг сайхан цэвэрлэх юм сан.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж