Хөгжлийн банкны гэх тодотголтой 42 хүн, гурван хуулийн этгээдэд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар дахин хэлэлцэж, 2026 оны гуравдугаар сарын 10-нд шийдвэрээ танилцуулсан юм . Өнгөрсөн гурван жилийн хугацаанд энэ хэргийг анхан шатны шүүх хоёр, давж заалдах шатны шүүх нэг, УДШ-д нэг удаа шүүгдэж, шийдвэрээ гаргасан. Ингэхдээ гурван аж ахуйн нэгж, 19 хүнийг буруутган яллаж, 23-ыг нь цагаатгах шийдвэр гаргасан билээ. Харин энэ онд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, мөн өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь шүүмжлэл дагуулж байна. Ингээд Хөгжлийн банкны гэх хэргээр давж заалдах шатны шүүхээр дахин шүүлгүүлсэн улчтөрч болон албан тушаалтнуудыг танилцуулъя.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГИЙГ ЦАГААТГАСАН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
Шүүгдэгч Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нарт холбогдох Монгол Улсын Засгийн газрын тухай болон бусад хууль тогтоомжийг зөрчин “Говийн зам” ХХК-ийн барьсан авто зам, “Энержи ресурс” ХХК-ийн Гашуун сухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зориулалтаар барьсан дэд бүтцийг төрийн өмчид худалдан авч, улмаар “Энержи ресурс” ХХК, “Говийн зам” ХХК-иудад хууль бус давуу байдал бий болгосон гэх хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж, цагаатгасан шийдвэрийг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн юм.
Мөн Н.Алтанхуягт холбогдох Монгол Улсын Засгийн газрын тухай болон бусад хууль тогтоомжийг зөрчин “Бэрэн групп” ХХК-нд хууль бус давуу байдал бий болгосон хэргүүдийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэхдээ хамаарах яллах ба цагаатгах нотлох баримтуудад бодитой тулгуурлан нотолгооны стандарт шаардлагын хүрээнд хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар дүгнэлт хийхгүй орхигдуулсан, мөн дээд шатны шүүхээс хүчингүй болгосон буюу өмнөх анхан болон давж заалдах шатны дүгнэлтийг дахин хуулбарлан бичсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд тус шүүхээс зөвтгөх боломжгүй гэж үзжээ.
Прокурорын яллах дүгнэлт болон Улсын Дээд шүүхийн тогтоолын дүгнэлт, прокуроруудын эсэргүүцэл, холбогдох шүүгдэгч нар, өмгөөлөгч нарын тайлбар зэргээс үзэхэд, дээрх шүүгдэгч нарын үйлдсэн гэх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд гэмт хэргийн шинж, нотолбол зохих асуудал нэг бүрийг яллах ба цагаатгах талын бүхий л нотлох баримтуудын хүрээнд нотолгооны стандарт шалгуурын дагуу нарийвчлан, бүрэн, бодитой шалгаж, үнэлж дүгнэх буюу эсрэг тэсрэг эх сурвалж бүхий нотлох баримтуудын аль нэг хэсгийг, эсхүл бүхэлд нь баталсан, эсхүл үгүйсгэн няцаасан талаарх хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэх зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг шүүгч нар танилцуулсан юм.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.НАЙДАЛАА НАРЫН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСНЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖ ШИЙДВЭРЛЭВ

УИХ-ын гишүүн Б.Найдалаа:
Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдсан 80 хүний нэг нь УИХ-ын гишүүн Б.Найдалаа юм. Тэрбээр Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж улсад 44.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдаж байв. “Бэрэн групп” ХХК-д 22.7 сая хүртэлх ам.долларын зээлийг олгохыг дэмжсэн санал өгч, 2014 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай “Бэрэн групп” ХХК-д зээл олгох тухай” тогтоол гаргаж байсан гэх мэдээллийг хуулийн байгууллагаас өгч байсан юм.
Тэгвэл хамгийн сүүлд болсон нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Б.Батзаяа нарт холбогдох “Бэрэн групп” ХХК-нд хууль бус давуу байдал бий болгох гэмт хэрэгт хамтран оролцсон гэх хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм. Ингэхдээ тухайн шүүгдэгч нарын хувьд Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг холбогдох хууль тогтоомж зөрчсөн эсэхийг мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй буюу хянан шалгах эрхгүй байсан нь нотлогдсон гэж үзсэн байна.
Н.БАТБАЯР НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ДАХИН ШИЙДВЭРЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ

Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр:
Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэргийг дахин шийдвэрлүүлэхээр болжээ. Тодруулбал, шүүгдэгч Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нарт холбогдох Монгол Улсын Засгийн газрын тухай болон бусад хууль тогтоомжийг зөрчин “Говийн зам” ХХК-ийн барьсан авто зам, “Энержи ресурс” ХХК-ийн Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зориулалтаар барьсан дэд бүтцийг төрийн өмчид худалдан авч, улмаар “Энержи ресурс” ХХК, “Говийн зам” ХХК-иудад хууль бус давуу байдал бий болгосон гэх хэрэг, Н.Алтанхуягт холбогдох “Бэрэн групп” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон гэх хэргийг тус тус цагаатгасныг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүгдэгч Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нарыг гэм буруутайд тооцсон бусад гэмт хэргийг бүхэлд нь дахин хянан хэлэлцүүлэх үндэслэлтэй гэж үзсэн байна.
Н.Батбаярын хувьд өмнө нь энэ талаар ярихдаа “175 тэрбум төгрөг зарцуулж, хүүнд нь 40-50 тэрбум төгрөг төлсөн замаар 600-700 тэрбум төгрөг олсон. Хөгжлийн банк өөрсдөө хохиролгүй гэж хэлсэн. Хохирогчгүй хэрэгт биднийг буртуугаж суугаадаа ичих хэрэгтэй” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Хөгжлийн банкны хэрэг надад ямар ч хамаагүй. Энд зогсож байгаадаа дургүй хүрч байна” гэж мэдэгдэж байв.
Г.БАЙГАЛМААГИЙН ХЭРГИЙГ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГЫН ХУРАЛДААНААР ШИЙДВЭРЛҮҮЛНЭ

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Г.Байгалмааг өмнө нь Хөгжлийн банкны хэргээр яллаж, гурван сая төгрөгөөр торгох, зургаан сараар зорчих эрхийг хязгаарлах ял оноож байв. Тэгвэл 2026 онд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд шүүгдэгч Г.Байгалмаагийн хуурамч бичиг баримт ашигласан гэх үйлдлийн хөөн хэлэлцэх хугацааг зөв тодорхойлох, зарим хөрөнгө орлого хураах асуудлыг хэрхэн шийдвэрлэх, зарим шүүгдэгч нарын гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон болон мөнгө угаах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн зөв хэрэглэх үндэслэл, шаардлага зөрчигдсөн байх тул тус шүүх зөвтгөх боломжгүй.
Шүүгдэгч хуулийн этгээдийн мөнгө угаах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, түүний ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргасан тухайн шүүгдэгч хүний үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаанаас хамаарах тул цогц байдлаар нэг мөр шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзжээ. Тиймээс анхан шатны шүүхээс түүний гэм бурууг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, харин эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, бусад алдаа зөрчил гаргасан байх тул зөвтгөх боломжгүй гэж үзэн хэргийг эрүүгийн хариуцлагын хуралдаанаар шийвэрлүүлэхээр болжээ.
Түүнийг "Пирамид-Орд” компани Хөгжлийн банкнаас зээл авахад МоАХ-ын газрыг барьцаанд тавих зөвшөөрөл олгосон Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гарын үсгийг Г.Байгалмаа нь дуурайлгаж зурсан, хуурамч бичиг баримт үйлдсэн гэх хэрэгт холбогдон ийнхүү шүүхийн хаалга татахад хүрсэн.
Тэрбээр өмнө нь шүүх хурлын үеэр "Хоёр хэрэгт буруутгагдаад байгаа. Нэг нь гарын үсэг дуурайлган зурсан гэсэн. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгчийн тайлбарыг хоёр дахь шатанд няцаагаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан юм байна гэж ойлгосон. Нөгөө нь мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Хоёр жилийн хугацаанд 2021 оноос үе шаттайгаар хүмүүсийг орон сууцанд хамруулсан. Зээлийг зориулалтын бусаар зарцуулсан юм уу, өөр зүйлд хувирган зарцуулсан гэдэг зүйл шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нотлогдоогүй учраас мөнгө угаасан гэх хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг хэлмээр байна.
“Пирамид орд” компани болон МоАХ хоёрын дунд байгуулсан гэрээ дуусаагүй, гэрээг дүгнээгүй байгаа гэдгийг ахин дахин мэдэгдсэн. Би бол өөрийгөө хорих ялаар шийтгэгдэх хэмжээний алдаа дутагдал гаргасан гэж үзэхгүй байна. Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү гэж хүсч байна" гэдгийг хэлж байв.
Б.МАХБАЛ НАРЫГ ЦАГААТГАСАН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ

Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээр ажиллаж байсан Д.Бат-Очир, Ж.Үхэртар, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, Н.Баярчимэг, О.Хуягцогт, Д.Даваасамбуу, Б.Махбал нар нь холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “НВЦ”, “Монгол драй милк”, “Пирамид орд”, “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн”, “Мондулаан”, “Бэрэн групп” зэрэг компаниудад тус тус хууль бус давуу байдал бий болгоход “1-ээс 7” хүртэлх удаагийн үргэлжилсэн үйлдлээр хамтран оролцож, Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэх эрүүгийн хэргийг анхан шатны шүүх цагаатгаж шийдвэрлэснийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, шийдвэрлэсэн юм.
Анхан шатны шүүхээс “хэргийн болсон үйл явдал, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, хамтран оролцоо”-нд хамаарах яллах ба цагаатгах талын бүхий л нотлох баримтуудыг нотолгооны стандарт шаардлагын хүрээнд нарийвчлан, бүрэн, бодитой шалгаж үнэлээгүй буюу эсрэг тэсрэг эх сурвалж бүхий нотлох баримтуудын аль нэг хэсгийг баталсан эсхүл үгүйсгэн няцаасан талаарх хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзсэн байна.
3,576.02






















































хүннү 2026-03-13 124.158.120.198
Яг үнэндээ Прамид Орд гэдэг чинь Байгалмаагийх биш Х. Баттулгых байх. Пирамид гэж 1-р хороололд байдаг. Түүний өмнөөс Байгалмаа хэрэгтэн болсон. Байгалмаа хүний гарын үсэг дуурайлгаж зурах хүн биш дээ.
moi 2026-03-13 202.131.233.50
Odoo tgeed daraa ni yahin?
ЗОЧИН 2026-03-13 103.157.184.146
Н. БАТБАЯР Н АЛТАНХУЯГ НАР БОЛ ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ШҮҮ 17 ХУВИЙН ӨСӨЛТТЭЙ БАЙСАН ЭДИЙН ЗАСГИЙГ АВААД УЛС ӨРӨНД ОРУУЛЧИХААД УИХ ДЭЭР ХОЙЧ ҮЕ МААНЬ ТӨЛЧИХ БЛГҮЙ ДЭЭ ГЭЭД ЗОГСОЖ БАЙСАН АЛТАНХУЯГ, БАТБАЯР ЭДИЙН ЗАСГИЙН ЯАМЫГ АШИГЛАН ЗАМ БАРИЛГЫН КОМПАНИТАЙ ЛУЙВАРЧДАД ЧИНГИС БОНДЫН ХУГАЦААТАЙ ХҮҮТЭЙ МӨНГИЙГ ХЭЗЭЭ АШИГ НЬ ОРЖ ИРЭХ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ЗҮЙЛД ЗАРСАН ЭНЭ БҮХНИЙ АРД АВЛИГЫН АСУУДАЛ БАЙЖ ТААРАА
Иргэн 2026-03-13 192.82.92.42
МАН еронхийлогч сонгуулиас айж бна. Соц судалгаа нь хэцуу гарах нь ойлгомжтой!