Өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангахыг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2018.08.16-нд нийтлэгдсэн

Өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангахыг анхаарууллаа

Өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангахыг анхаарууллаа

Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ажиллаж байна. Энэ үеэр Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, үер усны нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл сонслоо.

Сэлэнгэ аймгийн хувьд он гарсаар аймгийн хэмжээнд нийт 72 удаагийн аюулт үзэгдэл тохиолдож, 318 сая төгрөгийн хохирол учирсан. Харин дээрх аюулт үзэгдэл ослоос иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 1,5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Өнгөрсөн долдугаар сарын 17-нд Сэлэнгэ аймгийн төв, Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт хүчтэй аадар бороо орсны улмаас цахилгаан эрчим хүч, харилцаа холбоо, инженерийн шугам сүлжээ тасалдаж, олон улсын болон орон нутгийн авто зам, төмөр замын хэсэгт саатал үүсч, нийтийн орон сууц, гэр байшин үерийн усанд автжээ. Үерийн улмаас нийт 1,6 тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Тиймээс энэхүү хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтээ Улсын Онцгой комисст илэрхийллээ. Мөн аймгийн хэмжээнд нийт 9490 гаруй малчин өрхийн 1,6 сая мал өвөлжинө. Өнөөдрийн байдлаар аймгийн өвс тэжээлийн аюулгүй нөөцдөө 3000 боодол өвс, 1000 боодол ногоон тэжээлийг бэлтгэхээр ажиллаж байна.

Харин Дархан-Уул аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Засаг даргын нөөц хөрөнгөөс нийт 11,5 сая төгрөгийг шийдвэрлэн, дэд бүтцийн болон өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхээр ажиллаж байгаа хэмээн танилцууллаа.

Мэдээллийн дараа, Шадар сайд Ө.Энхтүвшин дээрх хоёр аймгийн удирдлагуудад, орон нутгийн эрчим хүчний үйлдвэр, нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өвлийн бэлтгэлийг сайтар хангуулж, нүүрс, түлшийг бэлтгүүлж, шаардлагатай аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, орон сууцны цэвэр бохир ус, дулааны шугам хоолой, авто замын засвар үйлчилгээг хугацаанд нь хийж дуусгах, ургац хураалтад ажиллах хүн хүч, техникийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан цаг агаарын гамшигт үзэгдлээс ургацаа хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, үерийн улмаас учирсан хохирлын хэмжээ, гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгоход зарцуулсан зардлыг нарийвчлан тогтоох үүрэг чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж