Дотуур байрны сезон эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.08.16-нд нийтлэгдсэн

Дотуур байрны сезон эхэллээ

Дотуур байрны сезон эхэллээ

Хичээлийн шинэ жил эхлэхэд цөөн хоног үлдээд байна. Хөдөө орон нутгийн оюутнууд их хотын зорин ирсээр зуны гурван сар нам гүмхэн байсан нийслэл хотод хөл хөдөлгөөн хэдийнээ оржээ. Жил бүрийн энэ өдрүүдэд оюутны байрны хүрэлцээний асуудал эцэг, эхчүүдийн “толгойны өвчин” болдог нь нууц биш.

Нийслэлд жил бүр 35-40 мянган оюутан ирж, дотуур байранд амьдардаг гэх судалгаа бий. Улаанбаатар хотын хэмжээнд  44 оюутны байр байдаг.  Эдгээр дотуур байранд нийт 15 мянган оюутан хамрагдах боломжтой. Энэ нь нийт суралцагчдын дөнгөж арав хүрэхгүй хувийг эзэлдэг аж. Дотуур байранд хамрагдаж чадаагүй оюутнууд хамаатан садныдаа эсвэл найз нөхдөөрөө нийлж хажуу өрөө түрээслэн амьдрахад хүрдэг. Энэ удаад бид оюутны байрны хүрэлцээ, үнэ ханшийн талаар мэдээллийг хүргэхийг зорьсон юм.

Оюутнуудын эрэлт хэрэгцээн дээр үндэслэн одоогоос зургаан жилийн өмнө “Оюутны өргөө” буюу хүмүүсийн хэлж заншсанаар 1000 оюутны байрыг ашиглалтад оруулсан. Тус байранд төрийн өмчийн нийт 22 их дээд сургуулийн оюутнууд амьдардаг. Өдрийн 11 цагийн үед 1000 оюутны байрны “Б”  корпус дээр очиход засварын ажил хийгдэж байлаа. Дотуур байранд оюутнуудыг энэ сарын 25-наас эхлэн бүртгэх  учир 2-3 засварчдаас өөр хүн харагдсангүй. Засвартай байгаа хэдий ч  дотуур байраар орж сонирхохыг үйлчилгээний ажилтан зөвшөөрсөн юм. Дотуур байрны хаалгаар ороход үүдэн хэсэгт гал тогоо байрлана. Урдаас харагдах хоёр хаалганд оюутнууд дөрөв дөрвөөрөө амьдардаг. Найман оюутны дунд гал тогоо, душ, 00-тэй аж. Доторх нь тохилог учир хүүхдүүд хувцсаа аваад ирэхэд л болно гэж үйлчилгээний ажилтны хэлж байна.

Тус дотуур байрны төлбөр сарын 85.000 төгрөг бөгөөд арван сарын төлбөр болох 850.000 төгрөгийг бэлнээр авдаг байна. Монгол Улсын багшийн их сургуулийн /МУБИС/ харьяа оюутны байр учраас өөрийн сургуулийн оюутнуудыг түлхүү оруулдаг, бусад сургуулиудыг оюутнуудад квот олгодог аж. Дараа нь МУБИС-ийн оюутны нэгдүгээр байраар ороход мөн засварын ажил хийгдэж байлаа. Дээрх байр 400 оюутны багтаамжтай. Сарын өмнөөс засвар хийгдэж эхэлсэн ч түр тасраад байсан засварын ажлын материал ирснээр өнөөдрөөс /2018.08.16/ үргэлжүүлэн хийж эхэлжээ.

Харин Анагаах ухааны үндэсний их сургуулийн оюутны нэгдүгээр байран дээр очиход хаалттай хаалга угтсан юм. Хаалгыг хэсэг нүдэхэд нэг бүсгүй гарч ирэв. Түүнд учир байдлаа тайлбарласан ч “Сургуулиас  зөвшөөрөл авахгүй бол яриа өгөхгүй” хэмээн хаалга хааж орхив. Тус байр 400 оюутны багтаамжтай бөгөөд бусад сургуулийн дотуур байрны адил  мөн л засварын ажил хийгдэж байсан юм. Оюутнуудыг наймдугаар сарын 25-аас эхэлж байрандаа оруулж эхлэх  юм байна.

Хамгийн сүүлд Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн дотуур байраар орлоо. Өнөөдөр засварын ажил эхэлж байгаа бөгөөд хананы будгаа хусаж байсан юм. Энэ байранд оюутнуудаас гадна бусад хүмүүс байр түрээслэн амьдардаг байна. Төлбөрийн хувьд оюутнуудын түрээсийг бодвол арай өндөр аж. Өдөр 12 цагийн үед очиход байр түрээслэгч нар байраа суллаж өгч байхтай таарлаа. Тэдний хэлж буйгаар гадуур гурван сар байр түрээслэхээр дор хаяж 750.000 төгрөг төлдөг. Энд гурван сар түрээсээр байрлахад хамаагүй хямд тусдаг” гэсэн юм.

“Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн дотуур байр нь 420 оюутны багтаамжтай. Энэ жил дөрөвдүгээр давхрын бүх хаалгыг нь сольж, өрөөнүүдээ засаж байна. Энэ сарын 25-ны өдөр гэхэд оюутнуудаа авахад бэлэн болно” гэдгийг тус сургуулийн багш М.Туяа хэллээ. Тус сургуулийн оюутан жилд байрны түрээсэнд 550.000 мянган төгрөг төлдөг бол бусад сургуулийн оюутнууд болон байр түрээслэгч нар 660.000 мянган төгрөг төлдөг байна.

Стандартчилал хэмжилзүйн үндэсний зөвлөл 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Оюутны дотуур байрын үйлчилгээний нэгдсэн стандарт”-ыг баталж 2010 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсон байдаг. Уг стандартаар оюутны дотуур байрны үйлчилгээ, дотуур байрны өрөөний зохион байгуулалт, ариун цэврийн өрөө, номын сан, өрөөний цонх зэргийг стандарттай болгожээ. Гэвч дийлэнх оюутны байр 30-40 жилийн өмнө ашиглалтад орсон болохоор дээрх стандартыг биелүүлэхэд саад учирч байгаа гэх. 

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж