Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам өчигдөр/2026.03.11/ ярихдаа цахим спортын “CS2” төрлийн дэлхийн аваргыг Монгол Улсад энэ оны сүүлээр зохион байгуулна гэв. Өнгөц талаасаа сонсоход таатай мэдээ боловч бодит байдал дээрээ энэ бүхэн биеллээ олох боломжтой юу?
Мэйжор = Дэлхийн аварга
“CS” төрлийн цар хүрээ, нэр хүндээрээ хамгийн том, алдартай тэмцээнийг Мэйжор гэдэг. Энэхүү тэмцээнийг дэлхийн аварга гэж ойлгохуйц. Цар тахлын үеийг эс тооцвол жилдээ хоёр удаа болдог.
Энэ жилийн төдийгүй ирэх жилийн хуваарь нь хэдийнэ гарчихсан. “CS” видео тоглоомыг хөгжүүлэгч “Valve” тэмцээнийг ивээн тэтгэж, 2013 оноос зохион байгуулж байгаа.
Одоогоор товлогдсон Мэйжорын хуваарийг танилцуулъя.
- Кёльн 2026: 2026 оны зургадугаар сарын 2-21
- Сингапур 2026: 2026 оны арваннэгдүгээр сарын 25 – арванхоёрдугаар сарын 13
- Буэнос Айрес 2027: 2027 оны тавдугаар сарын 31 – зургадугаар сарын 20
- Шанхай 2027: 2027 оны арваннэгдүгээр сарын 22 – арванхоёрдугаар сарын 12
Өнгөрсөн жилийн эхний Мэйжорын финалд Монголын “The MongolZ” баг шалгарч, түүхэн амжилт үзүүлсэн билээ. Үүнийг л бид дэлхийн аварга гэж нэрлэдэг. Яг л хөлбөмбөгийн дэлхийн аварга шиг.
Бусад тэмцээн зохион байгуулагчид өөрсдийн тэмцээнийг дэлхийн аварга гэж нэрлэх тохиолдол бий. Жишээлбэл, “The MongolZ” багийн хувьд “Thunderpick World Championship”-д түрүүлсэн түүхтэй.

Дэлхийн аварга гэх нэршлийг илүү дэлгэрүүлж, энэ нэрэнд таарсан зохион байгуулалт, шагналын сантай тэмцээнийг Саудын Араб зохион байгуулж эхэлсэн. “Esports World Cup” буюу Цахим спортын дэлхийн аварга гэх тэмцээн дан ганц “CS2” гэлтгүй төрөл бүрийн видео тоглоомыг нэгтгэсэн цогц арга хэмжээ.
Магадгүй Монгол Улсын тухайд олон улсын багуудыг урьж, дэлхийн аварга гэх нэрэн дор өөрсдийн тэмцээнийг зохион байгуулж болох юм. Гэхдээ одоог хүртэл албан ёсны зар, мэдээ, товоо гаргаагүй учир дэлхийн чансааг тэргүүлэгч багууд оролцоно гэдэг эргэлзээтэй. Ингээд бодохоор хоёрдугаар зэрэглэлийн дундаж багууд шагналын мөнгө эрэлхийлж ирэх юм шиг.
Одоо бүх тэмцээнийг урилга, чансааг “Valve”-ийн оноон дээр үндэслэн тооцдог болсон. “Valve” оноо өгөхгүй тэмцээнд том багууд ирэх ч үгүй. Магадгүй Сингапурын Мэйжорын өмнө “Valve”-ийн оноо олгох тэмцээн хийвэл чансаагаа дээшлүүлж, Мэйжорын эрх авах гэсэн багууд ирж болох талтай.
Монголд “CS2”-ийн тэмцээн зохион байгуулах боломжтой юу?
Сүүлийн жилүүдэд энэ төрлийн тэмцээнийг зохион байгуулах туршлагыг монголчууд алдаа, оноотой хуримтлуулсан. MESA болон ESN нар энэ тал дээр туршлагатай. Одоогоор хамгийн том тэмцээнийг MESA зохион байгуулж, “Nomadic Masters” хэмээн нэрлэсэн. Өнгөрсөн жилийнх нь шагналын сан, оролцсон багууд ч муугүй. Дэмжиж чадвал алсдаа дэлхийн том багуудыг анхаарлыг татаж болохоор. Гэхдээ л гол ивээн тэтгэгчийг нь Монголд хааснаас болж, дахин хуучин шигээ тэмцээн хийнэ гэдэг ярвигтай.
Ирэх Кёльн Мэйжорын шагналын сан нь 1.25 сая ам.доллар.

Үзэгчид бэлэн үү?
Өнгөрсөн жилийн “Nomadic Masters”-ийн финалыг харахад монголчууд цахим спортын олон улсын томоохон тэмцээн үзэх соёлд суралцаагүй нь харагдсан. Финалын тоглолт нь АСА аренад бараг л хоосон болсон гэхэд хилсдэхгүй. Ерөнхийдөө л монголчууд “The MongolZ”-оос өөр багийг тоож үздэггүй гэлтэй. Танхим дүүрэн үзэгчид, “галзуу” уур амьсгал нь тамирчдыг татах нэг шалтгаан болно.
Энэ оны төгсгөлд Монголд “CS”-ийн тэмцээн болвол Орос, Хятадын багуудыг урих нь хамгийн зөв алхам биз. Маш том хоёр зах зээл. Цаг тайван, дэлхий энх тунх үед Москвад цуврал тэмцээнүүд болдог байлаа. Хятад бол ойрхон хоёр Мэйжор хийх гэж байна. Хөрш улсуудаа харсан ч, оролцох багуудаа бодсон ч Монголд тэмцээн болвол үүнийг үзэхийг хүсэгчид хоёр хөршөөс багагүй орж ирнэ.
Монголд "CS2"-ийн тэмцээн зохион байгуулах боломж нь бүрэн бий. Гэхдээ Мэйжор шиг том тэмцээн хүлээн авах хугацаа нь арай болоогүй мэт. Ядаж PGL, ESL, BLAST-ийн цуврал тэмцээн хүлээн авч, экосистемээ бүрдүүлэх хэрэгтэй гэж цахим спорт сонирхогчид ярьж байна.
3,569.17






















































Нэргүй 2026-03-12 202.9.41.91
Тэмцээнийг ммонголд явуулаад хэрэггүй юм байнаа
Балай 2026-03-12 66.181.161.68
юмийг байнга сурталчилж дэмжээд байх юм… аргагүй л юм үзээгүй нөхдүүд
зочин 2026-03-12 66.181.184.214
Паралимпод ОХУ аас 6 хүн оролцсоноос 5 нь медал авсан, 3 алт 2 мөнгө гэв үү Энэ бол гайхамшигт амжилт, Хэн гэдгээ харуулжээ