Азийн зуны спортын 18 дугаар наадам наймдугаар сарын 18-нд Индонезийн нийслэл Жакартад эхэлнэ. Чөлөөт бөхийн тэмцээн нээлтийн ёслолын ажиллагааны маргааш буюу 19-21-нд Жакартагийн “Jakarta Convention Center”-т болно. Жакартагийн дэвжээнд эрэгтэйчүүдийн жинд хаанахын хэн хэн гэдэг сайчууд ирж, медаль хүртэх боломжтойг хүргэе.
57 КГ:
Өнгөрсөн жилийн Парисын дэлхийн аварга Японы Юки Такахаши, ДАШТ-ий хошой хүрэл медальт манай Э.Бэхбаяр гавьяатын хэн ялсан нь Азийн наадамд түрүүлэх боломж өндөр. Тэд 2015 он Лас-Вегасын ДАШТ-д анх таарахад Бэхээ гавьяат ялсан бол өнгөрсөн жил Парист япон эр манай бөхийг ялж аваргалах замаа зассан. Тиймээс тэд Жакартад хайнаа хагалах магадлалтай. Бөхийн орон Иранаас Реза Атри, Энэтхэгээс 2016 оны Азийн аварга Сандип Томар, БНАСАУ-ын Кан Кум Сон, Казахстаны Жондас Исмаиловыг тооцооноос хасч болохгүй. Ялангуяа энэ жилийн Азийн аварга Кан Кум Сон гэж “битүү морь” бий. Хойд Солонгосын хөнгөн жингийн бөхчүүд Азийн наадамд өндөр амжилт үзүүлдэг уламжлалтай. Дохад Жон Хьюн Гук, Гуанжоуд Ян Кьон Ил, Инчёнд Жон Хак Жин нар финалдаж байсан нь дээрхийг илтгэнэ.
65 КГ:
Будапешт-2013” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий медалийн иж бүрэн цуглуулгатай Энэтхэгийн Бажранг Пунья, энэ жилийн Яшар Догугийн ОУТ-ий аварга Ираны Мехрам Насири, өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий медальтай Японы Дайчи Такатани, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт манай ОУХМ Б.Батмагнай, “Инчён-2014” Азийн наадмын хүрэл медальт, БНХАУ-ын Катай Йерленбек нар гол нэр дэвшигчид. Дээрээс зургадугаар сард “Монголиа Опен”-д үзүүрлэсэн даруухан амжилттай Казахстаны Саятбек Окасовыг тооцооноос хасч болохгүй. Тэрбээр ДАШТ-ий хүрэл медальт, Азийн гурван удаагийн аварга Даулет Ниязбековыг гэрт нь үлдээсэн. Дээрх нэр дэвшигчдээс Энэтхэгийн Бажрангийн хувьд сүүлийн үед тун сайн формтой байгаа. Түүний хувьд өнгөрсөн сард болсон Тбилиси, Яшар Догугийн тэмцээнд дараалан түрүүлээд байна.
74 КГ:
“Ташкент-2014” ДАШТ-ий хүрэл медальт, “Инчён-2014” Азийн наадам болон Азийн хошой аварга Узбекистаны Бекзод Абдурахманов, олимпийн мөнгө, хүрэл медальт, 2010 оны дэлхийн аварга Энэтхэгийн Сушил Кумар, ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга Г.Мандахнаран, “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт Японы Юки Фүжинами, “Будапешт-2016” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга Ираны Мостафа Хоссейнхани, Азийн аварга Муслим Евлеов, олимпийн хошой аварга Мавлет Батыровын дүү Бахрайн иргэншилтэй Адам Батыров, Азийн АШТ-ий хүрэл медальт Казахстаны Данияр Кайсанов, энэ жилийн Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт Туркменистаны Довлемурат Оразгилижов гээд хэн хэнийгээ гол гаргаж мэдэх хүч тэнцүүхэн наймаас есөн өрсөлдөгч дундаас энэ жингийн дөрвөн медальтаны нэр тодрох нь гарцаагүй. Мандахаа гавьяат найман жилийн өмнөх амжилтаа бататгах үгүйг бөхийн хорхойтнууд чих тавин хүлээж суугаа.
86 КГ:
Олимп, дэлхийн аварга Ираны Хассан Яздани тивийн наадамдаа тасархай түрүүлэх биз. Торгон ирэн дээрээ байгаа түүнтэй Азид ойрхон үзэх хэмжээний өрсөлдөгч байхгүй гэхэд хэтрүүлсэн болохгүй болов уу. Харин “Будапешт-2013” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга Узбекистаны Рашид Курбанов, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт ОУХМ О.Үйтүмэн, энэ жилийн Азийн АШТ-ий дэд аварга Казахстаны Адилет Дауланбаев, “Инчён-2014” Азийн наадмын хүрэл медальт БНСУ-ын Ким Гван Ук, “Рио-2016” олимпийн наадамд оролцсон БНХАУ-ын Би Шенфенг нар үлдсэн гурван медалийн төлөө өрсөлдөх болов уу.
97 КГ:
“Лас-Вегас-2015” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга Ираны Алиреза Карими, “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, 2017, 2018 оны Азийн аварга Узбекистаны Магомед Ибрагимов, тивийн аваргын нэг алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медальт Кыргызстаны Магомед Мусаев, зургадугаар сард Улаанбаатарын дэвжээнд түрүүлсэн, өсвөр үе, залуучуудын Азийн аварга Казахстаны Бакдаулет Алментай нар Жакартад медалийн төлөө өрсөлдөнө. Энэ жинд ухаантай, тооцоотой барилдвал манай ОУХМ Ө.Батзулд ямар ч өнгийн медаль хүртэх боломж бүрэн дүүрэн бий.
125 КГ:
Хүнд жинд дөрвөн жилийн өмнө Инчёний Азийн наадамд аваргалж, бас болоогүй Азийн АШТ-д гурван удаа түрүүлсэн Ираны Парвиз Хади, Гүржийн нэрийн өмнөөс Лондоны олимпод үзүүрлэж, ДАШТ-ээс хүрэл медаль зулгааж байсан Узбекистаны Давид Мозманашвили, “Шар тив”-ээс таван медаль зүүсэн манай ОУХМ Н.Золбоо, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай, Катарын гүрж легионер Гиоргий Сакандалидзе нарын дундаас аварга болон медальтан тодрох биз. Хэрэв сугалаа аятайхан таарвал Казахстаны Олег Болтин, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт БНХАУ-ын Денг Зивей нар медаль хүртэх боломжтой.
Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо