Ж.Батзандан: Ц.Нямдорж ажлаа хийхгүй байна, огцор

Хуучирсан мэдээ: 2018.08.16-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан: Ц.Нямдорж ажлаа хийхгүй байна, огцор

Ж.Батзандан: Ц.Нямдорж ажлаа хийхгүй байна, огцор

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Эрхэм гишүүн ийнхүү аяглах болсон нь Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ буюу төрсөн ахыг нь ажлаас халсантай холбоотой гэж хардах нэгэн бий. Ингээд түүнээс дараах тодруулгыг авлаа.


-Ардчилсан намын бүлэг Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөж байна. Таны хувьд ямар үндэслэлээр Засгийн газрыг шүүмжилж байна вэ?

-Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаад, Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ Засгийн газрын ажил иргэдийн хүсэн хүлээсэн шаардлагад хүрэхгүй байна. Хүний эрх зөрчсөн олон шийдвэрийг гаргасан. Ерөнхий сайд нийгэмд хувьсгал хийнэ гэж амлаж, гарч ирсэн. Гэтэл амласан хувьсгалаа эхлүүлэхгүй байна. Эрдэнэтийн асуудлыг шийдээгүй, С.Зоригийн хэргийн захиалагчийг ил болгоно гэж амласан Ц.Нямдорж сайд алга болчихлоо. Олон асуудал дээр иргэд бухимдалтай байна. Наадмын дараа намар гэдэг. Одоогоор сургууль цэцэрлэгийн барилга салан задгай, тендер сонгон шалгаруулалт дөнгөж 50 хүрэхгүй хувьтай байгаа. Сайд дарга нар нь ажлын байран дээрээ архидаж, хүний амь насанд хүрсэн. Тэнгэрийн ааш араншин амаргүй байгаагаас үүдэж олон ч зам үерийн усанд сүйдлээ. Тиймээс Ардчилсан намын бүлэг энэ Засгийн газрыг ажлаа хийвэл хийсэн шиг хий, хийж чадахгүй бол огцор гэдэг шаардлагыг хүргүүлсэн.

-Та Ц.Нямдорж даргатай өмнө их санаа нийлдэг, ах дүү шиг байсан. Гэтэл одоо ямар учраас шүүмжлэх болов?

-Ц.Нямдорж гуай сайд болохоос өмнө би гурван асуудал дээр ойлголцож, тохиролцож, дэмжиж явсан. Бид хамтдаа Эрдэнэтийн 49 хувийг шийднэ гэж тогтоолын төсөл өргөн бариад, УИХ-аар батлуулсан. Эрдэнэтэй холбоотой маргааныг цэгцэлнэ гэж Ц.Нямдорж гуай амлалт өгч сайд болсон. Гэтэл энэ асуудал шийдэгдэхгүй байна. Хоёрдугаарт, С.Зоригийн хэргийн захиалагчийг ил болгоно, энэ хэрэгт холбогдож байгаа залуучуудын асуудлыг нэг тийш болгоно гэж ярьсан. Өнөөдөр болтол шийдэгдэхгүй байна. Гуравдугаарт, Ц.Нямдорж хуулийн хайчийг хөдөлгөнө, авлига, хулгай, луйврын гэмт хэрэгтнүүдтэй тэмцэнэ гэж амлалт өгсөн. Түүний ярьсан хуулийн хайч хөдлөхгүй байна. Би хүнтэй тодорхой зарчим, бодлого дээр л нөхөрлөдөг.

Ц.Нямдорж гуай бид хоёр сүүлийн хоёр жил нөхөрлөсөн. Өнөөдөр зарчим зөрчигдөж байна, Хууль зүй дотоод хэргийн сайд маань ажлаа хангалттай хийхгүй байна. Нэг ч олигтой хуулийн төсөл УИХ-д оруулж ирэхгүй байна. Прокурор, АТГ, шүүх засаглалыг өөрчлөх ёстой. Шүүх засаглалыг шударга болгох эрх зүйн бодлогыг Хууль, зүй дотоод хэргийн сайд боловсруулах ёстой. Гарахгүй байна. Иймээс л би аргаа барахдаа хатуухан үг хэлж байгаа юм.

Мэдээж, Засгийн газраа огцруулах нь сайхан зүйл биш. Гэхдээ Засгийн газарт хариуцлага тооцох хэд хэдэн хэлбэр байдаг. Ажлаа хийж чадахгүй бол хариуцлага тооцно шүү гэдгийг сануулах замаар ташуурдаж байгаа юм. Энэ Засгийн газар цаашид ажлаа сайн хийх байх гэж итгэж байна. Амласан хувьсгалаа эхлүүлээч ээ.

-Таныг Засгийн газрыг ажил хийлгэхэд биш, төрсөн ах нь ажлаасаа халагдсан учраас шантаажилж байна гэж хардаад байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Би үргэлж ажлаа хийдэг хүн. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. Ж.Бат-Эрдэнэ гэдэг хүн ажлаа өгнө үү байна уу, надад “падгүй”. Тэр хүн насанд хүрсэн, надаас 10 ах хүн. Би өөрөөсөө 10 ах хүний асуудлыг шийдэх гэж гүйхгүй. Ах маань бие даасан хүн. Харин би ажлаа л хийж байна. Өнөөдөр Төрийн ордонд над шиг ажил хийж байгаа гишүүн алга. Би бол тойрог дээрээ ажиллаж байна. Сөрөг хүчний гишүүн, Ардчилсан намын бүлгийн дэд даргын хувьд Засгийн газрыг шахаж шаардаж байна. Цаашид ч шахна, шаардана. Монголын ард түмэнд туслах гэж бид сонгогдсон. Түүнээс монголын ард түмнийг цуслах гэж сонгогдоогүй шүү гэж хэлдэг. Энэ Засгийн газар ажлаа хийх хэрэгтэй. Хулгай луйвартайгаа тэмцэх шаардлагатай. Ядуурал 30 хувьд хүрсэн. Ажилгүйдэл хэрээс хэтэрлээ. Одоо ажлаа хийцгээ.    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж