Санхүүжилт нь шийдэгдчихвэл хоёр дахь хиймэл дагуулыг хөөргөх хугацаа тодорхой болно

Хуучирсан мэдээ: 2018.08.16-нд нийтлэгдсэн

Санхүүжилт нь шийдэгдчихвэл хоёр дахь хиймэл дагуулыг хөөргөх хугацаа тодорхой болно

Санхүүжилт нь шийдэгдчихвэл хоёр дахь хиймэл дагуулыг хөөргөх хугацаа тодорхой болно

Тэртээ 1981 оны гуравдугаар сарын 22-нд Монгол хүн сансарт анх удаа ниссэн. Түүнээс хойш 36 жилийн дараа буюу 2017 оны долдугаар сард Монгол Улс анхны хиймэл дагуул болох “Мазаалай”-г сансарт хөөргөсөн билээ. Тэгвэл Монгол Улс хоёр дахь хиймэл дагуулаа сансарт хөөргөх төслийн ажилдаа ороод байгаа тухай  “Мазаалай” төслийн багийн инженер Д.Эрдэнэбаатар ярилаа.

Ийнхүү Монгол Улсад сансар судлалын салбар хөгжиж, цаашид энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэх, хөгжиж буй орнуудын сансрын технологийн сүлжээнд нэгдэх зорилготой “BIRDS” олон улсын төслийн III хурал МУИС дээр өнөөдөр /2018.08.16/ эхэллээ. Тус хуралд 18 орны эрдэмтэн, судлаачид оролцож байна. Энэхүү хурлаар Монгол Улсын хоёр дахь хиймэл дагуул болох том хэмжээний хиймэл дагуулыг бүтээх, сансар хөөргөхтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна.

Монголын хамгийн анхны хиймэл дагуул нь Япон Улсын “BIRDS-1” төслийн хүрээнд сансарт хөөрсөн. Одоогоор “Мазаалай” хиймэл дагуул хамт хөөрсөн таван улсын хиймэл дагуулаас ганцаараа ажиллаж, мэдээлэл дамжуулж байгаа юм байна.

Мазаалай хиймэл дагуул нь шинжлэх ухааны дөрвөн даалгавартай. Одоогоор хиймэл дагуул  400 км өндөрт агаарын нягтыг тодорхойлох, Сансрын цацрагийн 400км дэх тархцыг хагас дамжуулагч элементүүдэд үзүүлэх нөлөөгөөр нь дамжуулж судлах зэрэг мэдээллийг дамжуулж байна.

Японы Кюшү технологийн их сургуулийн профессор, “Birds” төслийг үндэслэгч Мэнгу Чо

“BIRDS” төслийн гол зорилго нь хөгжиж  буй орнуудын хиймэл дагуулын боловсон хүчинг бэлтгэх, хиймэл дагуулыг хэрхэн зохион бүтээх арга ухааныг заах, энэ салбарт олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, бэхжүүлэхэд оршино. Birds-1 төсөлд Монгол, Япон, Гана, Нигери, Тайланд, Тайван зэрэг улс хамрагдсан. Харин Birds-2 төсөлд Филиппин, Малайз, Бутан, Birds-3 төсөлд Шри-ланк, Непал зэрэг улсууд хамрагдаад байна. Мөн Birds-1 төслийн хиймэл дагуул өнгөрсөн 2017 онд хөөрсөн. Одоогоор “Мазаалай” хиймэл дагуул амжилттай даалгавраа гүйцэтгээд явж байна.  Харин Birds-2 төслийн хиймэл дагуул энэ наймдугаар сард хөөрсөн. Birds-3 төслийн хүрээнд ирэх 2019 онд Непал, Шри-ланк, Японы хиймэл дагуул хөөрнө.

Энэ төслийн хамгийн гол зорилго нь тухайн орны инженерүүд сурсан мэдлэг, туршлагаа ашиглан, эх орондоо хоёр дахь хиймэл дагуулын төслөө эхлүүлэх явдал юм. Хоёр дахь хиймэл дагуулын төслөө эхлүүлсэн тохиолдолд Япон Улсын зүгээс дэмжээд, туслаад явна. 

МУИС-ийн Физикийн тэнхимийн багш, “Мазаалай” төслийн багийн инженер Д.Эрдэнэбаатар 

МУИС-ийн Физикийн тэнхимийн багш, “Мазаалай” төслийн багийн инженер Д.Эрдэнэбаатар

“Мазаалай” хиймэл дагуул сансарт амжилттай хөөрч, мэдээллээ дамжуулж байна. Өнөөдрийн байдлаар тооцоолж байсан хугацаанаас илүү ажиллаж байна. Ерөнхийдөө даалгавар дуусах чиглэлд хандаж байгаа. “Мазаалай” төслийн баг эх орондоо ирээд хоёр дахь хиймэл дагуулыг бүтээх ажилдаа орчихсон явж байна. Санхүүжилтийн асуудал шийдэгдчихвэл угсралтын ажилдаа орно. Энэ үед хоёр дахь хиймэл дагуулаа хөөргөх хугацаа нь тодорхой болно.  Хоёр дахь хиймэл дагуул нь хоёр зорилготой байна. Нэг нь, хэрэглээнд чиглэсэн, хоёр дахь нь шинжлэх ухаанд чиглэсэн байна. 
Бид цаашид МУИС дээр жижиг оврын шинжлэх ухааны зориулалттай хиймэл дагуулыг хөгжүүлээд явах бүрэн боломжтой. Үүний цаад зорилго нь өндөр технологийг эх орондоо нутагшуулж, инноваци шингэсэн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх боломжтой болох юм. 

А.АНИР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж