“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” -ийн 2018 оны бүртгэлийг 8 дугаар сарын 13 (Даваа) -ны өдрөөс эхлэн зарлаж байна. Өргөдлийн маягт хүлээж авах эцсийн хугацаа: 10-р сарын 19 (Баасан) хүртэл
Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд гар бие оролцох, ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх залуу төрийн албан хаагчдыг Япон улсын их, дээд сургуулийн магистр, докторын түвшний хөтөлбөрт суралцуулах замаар мэргэшүүлэн бэлтгэж, төгсөөд өөрийн улсад тулгарч буй нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг бодитойгоор шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах, цаашлаад Япон хүмүүстэй харилцаа холбоо тогтоон, ирээдүйд хоёр улсын түншлэлийг бэхжүүлэхэд хөтөлбөрийн зорилт оршино. Энэхүү хөтөлбөр нь 1999 оноос шинээр хэрэгжиж эхэлсэн буцалтгүй тусламжийн хөтөлбөр бөгөөд өдгөө Зүүн Өмнөд Азийн орнууд зонхилсон 15 улсад хэрэгжиж, 2017 оны байдлаар нийт 3,970 гаруй залуус Япон улсад суралцаад байна.
Энэхүү хөтөлбөр нь Монгол улсад 2001 оноос хэрэгжиж эхэлсэн ба өнөөг хүртэл нийт 320 оюутан залуус Япон улсад суралцаад байна. Үүнээс 262 оюутан төгсөж ирээд Засгийн газрын холбогдох байгууллагууд, Их дээд сургуулиуд, Төв банк зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.
Энэхүү жил JDS хөтөлбөрөөр төрийн байгууллагаас 18 хүн, хувийн хэвшлээс (Зөвхөн Япон хэл дээр) 2 хүн, нийт 20 магистр оюутан, мөн дээд тал нь 2 доктор оюутныг сонгон шалгаруулж, Япон улсын их, дээд сургуульд илгээж, тус тусын мэргэжлээр Англи хэл дээр (Магистр: 2 жил, Доктор: 3 жил) суралцах болно. Суралцах чиглэлийг дараах хүснэгтээс харна уу.
Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв дээр 8-р сарын 20 (Даваа), 8-р сарын 25 (Бямба), 9-р сарын 7 (Баасан), 9- сарын 9 (Ням), 9-р сарын 13 (Пүрэв)-ны өдрүүдэд элсэлтийн танилцуулга семинарыг зохион байгуулах болно. Ажлын өдрүүдэд 18:30-аас, амралтын өдрүүдэд 11:30-аас зохион байгуулна. Мөн хүсэлт гаргасан байгууллагууд дээр зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.
JDS хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://jds-scholarship.org/ цахим хуудаснаас, эсвэл JICE JDS Төслийн Монгол дахь Оффисоос авна уу.
Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөр (Японы улсын 2016-2019 санхүүгийн жилүүдэд) Салбар чиглэлүүд болон хүлээн авах их дээд сургуулиуд