"МАНАН-гийн бүлэглэл ИЗНН-аас айж байна"

Хуучирсан мэдээ: 2018.08.16-нд нийтлэгдсэн

"МАНАН-гийн бүлэглэл ИЗНН-аас айж байна"

"МАНАН-гийн бүлэглэл  ИЗНН-аас айж байна"

Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-аас нөхөн сонгуульд оролцохоор ирүүлсэн хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж авахаас татгалзсан байдаг. Энэхүү шийдвэрийг ИЗНН-ынхан  эсэргүүцэж, сонгох, сонгогдох эрхэд халдаж, Үндсэн хууль зөрчиж байгаа гэж эсэргүүцэж байгаа юм. Энэ талаар тус намын дарга Ц.Ганхуягтай цөөн хором ярилцлаа.

-Сонгуулийн ерөнхий хороо танай намын нөхөн сонгуульд оролцох хүсэлтийг хүлээж аваагүй шалтаан нь ямар учиртай юм бэ?

-Манай намыг 2016 оны УИХ-ынхаа сонгуулийн зарлагын тайланг хугацаандаа ирүүлээгүй гэдэг үндэслэлээр УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Нэр дэвшигчийн болон намын зарлагын тайлан гэж хоёр төрөл. Манай намын нэр дэвшигч тухайн үед зарлагын  тайлангаа  аудитаар баталгаажуулаад  хуулийн хугацаанд нь өгсөн байдаг. Намын  хувьд орлого, зарлага ч гараагүй.  Нэг ёсондоо хоосон данс гэсэн үг. Тайлан гаргах ямар ч шаардлагагүй. Гэхдээ ямар нэгэн зарлага байхгүй гэдэг мэдэгдлийг уг нь СЕХ-д  өгчих ёстой байтал тухайн үед  манай намын генсекээр ажиллаж байсан хүн хугацаанд нь өгөөгүй юм билээ. Бид үүний дагуу тухайн хүнд нам дотроо хариуцлага тооцсон. Ердөө намынхаа зарлагын тайланг өгөөгүй гэдэг шалтгаанаар Сонгуулийн ерөнхий хороо манай намын хүсэлтийг бүртгэхээс татгалзсан. Энэ нь сонгох, сонгогдох эрхэнд ноцтой халдаж буй хэлбэр юм л даа. Сонгуулийн ерөнхий хороо шүүх байгууллага болж хувирсан байна.  Шүүн таслах үйл ажиллагаа явуулдаг, намын дотоод үйл хэрэгт оролцдог зэрэг  улстөрийн намын үйл ажиллагаанд илт халдах болсон. Сонгуулийн ерөнхий хороонд томилогдсон удирдлагууд нь хоёр намын  гар хөл болж, тэднийхээ хүсэл зоригийг илэрхийлдэг ийм л байгууллага болж хувирсан.  Уг нь бол СЕХ-ны үүрэг нь сонгуулийг будилаангүй, шударга явуулах үүрэгтэй төрийн үйлчилгээний байгууллага шүү дээ. Гэтэл төрийн үйлчилгээний байгууллага нь өөрөө өнөөдөр хүний эрх, эрх чөлөө, улстөрийн намын эрх чөлөөнд халдаг байгууллага болчихсон байна. 2016 оны сонгуулиар СЕХ манай намыг  мөн сонгуульд  оролцуулахгүй байх шийдвэрийг гаргаж байсан. Шалтгаан нь улстөрийн агуулгатай. Энэ удаад дахин үүнийгээ давтлаа.

 Энэ нь улс төрийн ямар зорилго агуулж байна вэ?

-МАНАН-гийн бүлэглэл манай намаас болгоомжилж өөрсөдтэйгөө өрсөлдөх улс төрийн хүчнийг байлгахгүй байх гэж ийм шийдвэрийг СЕХ-ноос гаргуулсан.

Бид бол улстөрийн гуравдагч хүчин. Намынхаа түүхийг эргээд харсан ч гэсэн манай нам АН, МАН-тай өрсөлдөх боломжтой намын нэг. Ялангуяа ногоон хөгжлийн асуудлаар шударга дуу хоолойгоо хүргэж ирсэн нам. Сүүлийн үед Оюутолгойн талаар нэлээд дуугарсан. Энэ бүхэнд хоёр намын дургүйг нь хүргэдэг бололтой.

2016 онд СЕХ-ны гаргасан шийдвэрийн дагуу манай нам  Дээд шүүх болон давж заалдах шатны шүүхэд  хандаж эцэстээ СЕХ-ний шийдвэр буруудсан шүүхийн дүгнэлт гарсан. Ингээд сонгууль бараг өндөрлөх шатандаа орох үед нь манай намын эрх сэргээгдэж байсан.  Дээд шүүхээс манай намын талд гаргасан шийдвэрт Үндсэн хуулийн хоёр заалтыг дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл, СЕХ өөрийн хэмжээнээсээ хэтэрсэн  шийдвэр гаргасан гэж үзээд Монгол Улс иргэнийхээ сонгох, сонгогдох эрхэд хэзээ халдаж болох уу гэхээр дайны болон онц байдал зарлагдсан тохиолдолд Үндсэн хууль болон бусад хуулиар  олгосон хүний эрхэд хязгаарлалт хийж болно гэж  Үндсэн хуульд заасан байдаг. Үүнээс бусад тохиолдолд улстөрийн намыг сонгуульд оролцуулахгүй байх, тухайн нэр дэвшигч гэмт этгээд биш л бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зэрэг  ямар ч эрхзүйн орчин байхгүй. Гэтэл СЕХ Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчиж манай намыг нөхөн сонгуульд бүртгэхээс татгалзлаа. СЕХ-ны энэ удаад бүртгэхээс татгалзсан шалтгааны нэг нь 2016 онд Дээд шүүхэд ялагдсан  өшөөгөө  авч байна гэж харж байна. Дахин бид энэ асуудлаар Дээд шүүхэд хандвал ялах нь тодорхой. Улстөрийн намыг сонгуульд оролцуулахгүй байна гэдэг нь бараг татан буулгаж байгаатай адил эрхийг нь хааж байгаа  гэж ойлгогдож байна.

-Цаашид танай нам яах вэ?

-Шүүхэд гомдол гаргаад шийдвэр нь хэдий хэр хугацаанд гарахаас хамаарна. Шүүхэд өгөхөөр материалуудаа бэлтгэж байна. СЕХ-ны шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор нэхэмжлэх гаргах ёстой. Гэтэл СЕХ манай намын хүсэлтийг бүртгэхээс татгалзсан гэдэг шийдвэрээ гарснаас хойш дөрвөн хоногийн дараа бидэнд өгсөн. Монголд өнөөдөр засаглалын асар том хямрал бий болчихсон гэдгийг илтгэж байгаа нэг жишээ нь СЕХ-ны шийдвэр. Хэн дуртай нь хууль зохиож, тайлбарлаж хэрэгжүүлдэг болчихлоо.

-Шүүхэд хандах хугацаанаас СЕХ  зориуд хожсон гэлээ. Энэ талаар тодруулж хэлнэ үү?

-.Бүртгэхээс татгалзсан шийдвэртээ гарын үсэг зурах дутуу гэсээр зориуд хугацаа хожсон.Гэтэл улстөрийн бусад намын батламжид гарын үсгээ зураад өгчихсөн байсан. Энэ хооронд бид шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа алдсан. Дөрвөн хоног бол бидний хувьд үнэтэй. СЕХ улстөрийн байгууллага болсон байна.  СЕХ-ны дарга нь АН-ын талын хүн. Нарийн бичгийн дарга нь МАН-ын хүн.  Тохиролцоогоор томилогдсон хүмүүс. МАНАН-гийн бүлэглэлийнхэн ИЗНН-аас айж байна,сандарч байна.

-Хэрэв шүүхийн шийдвэр танай намын талд гарвал СЕХ  бүртгэх боломжтой гэсэн үг үү?

-Тийм ээ. СЕХ-ны аливаа шийдвэртэй холбоотой асуудлаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандах хуулийн заалт бий. Хэрэв Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх хэрэг үүсгэнэ гэвэл гурав хоногийн дотор гомдлыг хянаж үзээд хэрэг үүсгэнэ. Үүний дараа шүүх хурлыг  товлоно. Шүүх дээр манай нам ялбал СЕХ давж заалдаж болно.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж