Нөхөн сонгуулийн марафон | News.MN

Нөхөн сонгуулийн марафон

Хуучирсан мэдээ: 2018.08.16-нд нийтлэгдсэн

Нөхөн сонгуулийн марафон

Нөхөн сонгуулийн марафон

Хэнтий аймгийн 42-р тойрогт явагдах нөхөн сонгуульд улстөрийн намууд хэдийнээ бэлдэж эхэлжээ. Энэ удаагийн нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтээ Улсын дээд Шүүхэд бүртгэлтэй 14 нам Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн ч 13 намыг бүртгэж улмаар намуудад батламжийг нь гардуулж өгсөн. Батламжаа гардаж авсан намууд энэ сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 4-нийг дуустал хугацаанд нэр дэвшигчдээ тодруулах бөгөөд бие даан нэрээ дэвшүүлэгчид 8 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 6-ны өдрийг дуустал 7 хоногийн хугацаанд нөхөн сонгууль явагдаж буй тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсэг цуглуулах үйл ажиллагаа явагдана. Намууд нөхөн сонгуульдаа хэрхэн бэлтгэж байгаа мэдээллийг хүргэе.


МАН

Монгол ардын намын бага хурлын 2-р хуралдаан энэ сарын 6-нд Тугаар тогтнолын ордонд хуралдаж УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох эсэх, мөн нэр дэвшүүлэх журмыг хэлэлцэн баталсан юм. Хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар МАН УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцохоор шийдвэрлэсэн. Нэр дэвшигчийг тодруулах Бага хурлаа ирэх есдүгээр сард хийхээр товложээ. Энэ талаар МАН-ын генесек Д.Амарбаясгалан хэлэхдээ “МАН 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болохоор болсон цагаас эхлээд судалгаа хийж тус  намаас нөхөн сонгуульд нэр дэвших боломжтой хэд хэдэн хүний нэр гарсан. Гэхдээ есдүгээр сарын 4-нд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ шийднэ. Түүнээс өмнө тодорхой судалгаа хийж, нэр дэвшиж ялалт байгуулах боломжтой хүнийг шалгаруулна гэж төлөвлөж байгаа” гэдгийг тодотгов.  

АН

Энэ сарын 6-нд зохион байгуулагдсан Ардчилсан намын ҮБХ-ны IV хуралдааны үеэр нөхөн сонгуульд оролцох албан ёсны тогтоол шийдвэрийг гаргасан юм. Ардчилсан намын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Ариунболдоос тодруулахад “Сонгуулийн тухай хууль 2015 оны арванхоёрдугаар сард батлагдсан. Энэ хуулийн 126.6-д улстөрийн нам хуульд нийцүүлэн нэр дэвшүүлэх журмыг батална гэж тусгасан байдаг. Тиймээс Ардчилсан намаас нэр дэвшигч нь хууль, журамд нийцсэн, шаардлага хангасан байх нь зүйн хэрэг. Үүний зэрэгцээ Ардчилсан намын үндсэн дүрмийн хүрээнд хэд, хэдэн шалгуурыг тусгасан байгаа. Тухайлбал, төлөөллийн төв байгууллага буюу Үндэсний бодлогын хорооны гишүүд, Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны гишүүд, Үндсэн дүрмийн хорооны гишүүд УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжтой” гэв.

МАХН

МАХН-ын Нарийн Бичгийн Дарга Б.Тулгаас тодруулахад тэрбээр “Сонгуулийн Ерөнхий хороо нөхөн сонгуульд оролцох намуудад батламжаа гардууллаа. Бидэнд календарчилсан төлөвлөгөөг хүргүүлсэн байгаа. Үүний дагуу манай нам холбогдох материалуудыг бэлтгэж байна. МАХН намынхаа дотоод зохион байгуулалт, бүтцийг сайжруулах чиглэлд төвлөрч ажиллаж байна. Намын анхан шатны байгууллагынхаа хүмүүст сургалт явуулж нөхөн сонгуульд бэлтгэж байна. Нэр дэвшигчийн тухайд энэ сарын сүүлээр намынхаа Бага хурлаар тодруулна. Одоогоор нэр дэвших магадлалтай хүмүүсээр Хэнтийн аймгийн Түмтийн дарга н.Ононбаяр, намын дарга Н.Энхбаяр мөн дэд дарга С.Ганбаатар нарын нэр олон нийтийн дунд яригдаж байгаа. Нөхөн сонгууль болох тойргуудад намуудын сурталчилгаа аль хэдийнээ эхэлчихсэн. Сонин, сэтгүүл тараахаас гадна АН-ын дарга С.Эрдэнэ өөрийнхөө ахмадын амралтын сувилалд Хэнтий аймгийн ахмадуудыг авчирч амрааж байна. МАН-ын хувьд залуусын дунд хурал, цуглаан зохион байгуулж байх хууль бус ажиллагаанууд явагдаж байгаа. Энэ бүхнийг удахгүй бид баримтжуулна” гэв.

ИЗНН

Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-аас ирүүлсэн хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж авахаас татгалзсан байдаг. Энэ талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга н.Батбаатар ‘СЕХ удаа дараа ИЗНН-ыг сонгуульд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргаж байна. 2016 оны сонгуульд оролцуулахгүй байх шийдвэрийг гаргаж байсан. Сая нөхөн сонгуульд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргалаа. Энэ бол цаанаа улс төрийн том зорилготой. Хоёр том нам өөрсөдтэйгөө өрсөлдөх улс төрийн хүчнийг байлгахгүй байх гэж ийм шийдвэрийг СЕХ-ноос гаргуулсан’ гэдгийг хэвлэлийн хурал хийх үеэрээ онцолсон юм.

Ард Түмнээ Хайрлая Нам

Нөхөн сонгуульд оролцохоо мэдэгдэж СЕХ-оос батламжаа гардан авсан. Тус намын дарга Л.Гүндалай нэр дэвших магадлал хамгийн өндөр байгаа ч одоохондоо энэ тухайгаа нууцалж байгаа бололтой. Энэ талаар түүнээс холбогдож асуухад тэрбээр “Нөхөн сонгууль болох ч юм үгүй ч юмуу.  Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан байна лээ шүү дээ” гэв.

Бүгд Найрамдах Нам
Бүгд найрамдах нам сонгуульд оролцох тухай шийдвэрээ бусад баримт бичгийн хамт Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж батламжаа гардан авсан. Одоогоор нөхөн сонгуулийн бэлтгэл ажилдаа ороогүй. Намуудын үйл явцыг ажигласан байдалтай байна гэдгийг тус  намын дарга Б.Жаргалсайхан хэллээ.

Үнэн ба Зөв Нам

Монголын улс төрийн намуудын отгон нам болох Үнэн ба Зөв нам мөн нөхөн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн. Энэ талаар  тус намын дарга  А.Отгонбаатар “Манай нам ирэх аравдугаар сард болох нөхөн сонгуульд олон нийтийн хүсэлтийн дагуу оролцох гэж байна. Би Монголын төрд нэг ч гэсэн авилгач, хулгайч, хууран мэхлэгчийг оруулахгүйн тулд үгээрээ биш үйл хөдлөл, оролцоогоороо тэмцэнэ” гэсэн юм.

Монголын Ногоон Нам

Намын дарга О.Бум-Ялагчаас нөхөн сонгуульд хэрхэн бэлдэж байгаа талаар тодруулахад тэрбээр “Эхний удаад нөхөн сонгуульд орох шийдвэрээ гаргаж намаа бүртгүүлчихсэн. Намууд энэ сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 4-нийг дуустал хугацаанд нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаа бий. Намуудад нэр дэвшигчээ тодруулах журам гэж байдаг. Манай намын журамд нэр дэвшигчийг анхан шатны байгууллага эсвэл намын гишүүдээс нэр дэвшүүлэх журамтай. Үүний дагуу нэр дэвшигчээ тодруулна. Өөр намаас манай намын нэр дээр нэр дэвших санал намын  гишүүдээр дамжин орж ирж байна. Тухайлбал, тухайн тойргийн иргэн, эсвэл бие даагч, Иргэний хөдөлгөөнөөс саналууд ирж байна. Бие даагч нарыг бүртгэх үйл явц нь их будилаантай болчихсон юм байна. Бие даан нэрээ дэвшүүлэгчид 7 хоногийн хугацаанд нөхөн сонгууль явагдаж буй тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсэг цуглуулах үйл ажиллагаа явагдах юм билээ. Өөр намын хүнийг намынхаа нэр дээр нэр дэвшүүлэх үгүй эсэхийг намынхаа Бага хурлаар шийдвэрлэнэ’ гэв.

Үндсэн хуулийн цэц нөхөн сонгуулийн асуудлаар хэлэлцэнэ

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтад нийцээгүй байна гэсэн өргөдөл, мэдээлэл ирүүлсэн байна. Энэ тогтоолоор, Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоохдоо иргэний тэгш байдлын зарчмыг алдагдуулж, зарим иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн хэмээн тэд үзжээ.

Энэхүү өргөдөл, мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг энэ сарын 22-ны өдөр хийхээр товложээ.

 

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-16 66.181.179.199

ok

Avatar

Зочин 2018-08-16 66.181.179.199

MAHN-iin darga Enhbayar dargiig demjij bna

Avatar

zochin 2018-08-16 64.119.19.17

нөхөн сонгуульд амжилт

Avatar

Зочин 2018-08-16 66.181.176.109

Нам нэртэй гуйлганчангууд муу нэртэй 2 намаас хишиг горьдож хэдэн дарга нэр эй сугнууд нь 5,сая тог аваад хоолныхоо монготэй бно оор асуудал байхгуй ийм маягаар 20 жил явлаа!!! энэ бол Манай оноодорийн гамшиг даа, сонгогч түмэн минь.,

Avatar

Энэ хоёр Ногоон ямар ялгаатай юм? 2018-08-16 108.170.182.183

Даргаасаа еер ялгаа байна уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж