Намрын эхэн сар гарч, найр хуримын үе эхэллээ. Энэ намрын хувьд хур бороо ихтэй байх гэнэ. Зургадугаар сард дусал бороо ороогүй бол долдугаар сард Монголын орны нутгаар хур бороо ихтэй, зарим нутгуудад үер бууж, байгалийн гамшигт үзэгдэл болж буй. Цаашид ч хөдөө орон нутагт аадар бороо орохыг Ус цаг уурынхан анхааруулж байна.
Өнөөдөр /2018.08.16/ төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн хойд, 19-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын хойд хэсгээр бороо үргэлжлэн орох аж. Харин Улаанбаатар хотод үүлэрхэг. Шөнөдөө усархаг бороо өдөртөө бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өчигдөр /2018.08.15/ Өвөрхангай, Өмнөговийн нутгаар их хэмжээний усархаг бороо оржээ. Мөн энэ өдөр Хөвсгөлийн уулсаас усжих Бэлтэс, Бэлтэс, Үүр, Хэнтий нуруунаас усжих Туул гол Лүн сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-70 см нэмэгджээ. Мөн Үүр, Шаргалжуут, Шар-Усны гол, Онги, Орхон, Хэрлэн, Онон, Хархираа, Ховд, Чигж зэрэг голууд үерийн түвшинг 10-35 см, Байдраг гол Баянбүрд, Хэрлэн гол Чойбалсан, Орхон гол Орхон баг орчимд үерийн аюултай түвшинг 5-20 см даван үерлэсэн байна.
6-7 сард тариалангийн төвийн бүс нутаг хур тунадастай байсан гэсэн хэдий ч орсон бороо тарималд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй аж. Харин наймдугаар сарын сарын сүүлээр ингэж бороошвол ургац хураалт авахад хүндрэлтэй болдог. Бүр ургац хураалтын ажил хойшлох, үүнээс болж ургац хатах,чийгийг нь хатахыг хүлээх зэрэг хүндрэлтэй олон асуудал гарч ирэх магадлалтайг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтнүүд хэлж буй.
Хамгийн ойрын жишээ дурдахад үерийн улмаас энэ сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дөрвөлж багт орсон борооны улмаас хонхор газарт их хэмжээний ус тогтож 11 айлын гэр усанд автсан. Дорнод аймгийн Хэрлэн сумын төвд наймдугаар сарын 13-ны өдрийн 02:56 цагаас 09.40 цаг хүртэл усархаг бороо орсны улмаас 29 айл өрх, дөрвөн аж ахуйн нэгж байгууллага усанд автсан байна. Иймд үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Э.Бурам