Энэ зун 67 хүн усанд живжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.16-нд нийтлэгдсэн

Энэ зун 67 хүн усанд живжээ

Хайран хүүхдээ голын усанд алдчихлаа. Дэндүү хайран гээд уйлан суух ээжийн царайг харсан хэн бүхний сэтгэл эмтэрмээр. Одоогоос хоёр сарын өмнө Сэлбэ голд тоглохоор гарсан хүү өвдгөөр татсан усанд хөл алдан унахдаа амиа алдана гэж хэн санах билээ. Түргэний тэрэг ирэхтэй зэрэгцэн амьсгаа даран гүйлдэх хүмүүсийн царайнд айдас тодорчээ. Эмч нар анхны тусламж үзүүлэх гэсэн боловч амжсангүй, хүүгийн  царай хөхөрч цонхийсон байв. Хүү аль хэдийнэ амьсгаа хураасныг эмч дуулгажээ.

Зөвхөн хүүхэд гэлтгүй томчууд ч усанд эндсэн харамсалтай хэргүүд гарсаар байна. Зуны аагим халуун өдөр голын булан тохой бараадан салхилж, зугаалж суусан залуус хүйтэн пиво шимэнгээ хөхрөлдөн суух дүр зураг хаа сайгүй. Голын шоржигнох чимээ сонсон наргиж суусан залуус архи уун хөлчүүрхэхдээ амь дүйсэн ширүүн урсгалд урсана гэж санаагүй биз. 

Сельфи хийх гэж байгаад живжээ

Хамгийн сүүлд, өнгөрсөн сард /2018.07.24/ шавь нартайгаа усанд сельфи хийх гэж байгаад живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, 42 настай М нь сурагчидтайгаа хамт Тэрэлж орчимд зугаалахдаа усан дотор хоёр шавийн хамтаар зургаа авхуулахаар оржээ. Гэтэл тухайн үед усны түвшин нэмэгдэж, голын урсгалд хөл алдан гурвуулаа усанд урсжээ. Азаар хоёр шавь нь модноос зүүгдэж амь аврагдсан ч багш нь амиа алдсан золгүй хэрэг гарсан байна.

Мөн өнгөрсөн зургадугаар сард Зайсангийн гүүр орчимд 10 настай охин найзуудын хамтаар тоглож яваад усанд живсэн хэрэг гарсан. Түүний цогцосыг яармагийн гүүрэн дороос олсон юм. 2016 онд 25, 2017 онд 16 хүүхэд голын усанд живж нас барсан судалгаа байдаг. Хүүхдүүд усанд живж амиа алдаж байгаа нь эцэг эхийн хариуцлагагүй байдал, хараа хяналттай шууд холбоотой гэдгийг ч онцгой байдлынхан анхааруулдаг.

Усны ослоор 67 хүн амиа алджээ

Наймдугаар сарын 13-ны өдрийн байдлаар 17 аймгийн 40 сум, нийслэлийн  таван дүүрэгт нийт 56 удаагийн усны осол гарч 67 хүн амь насаа алджээ. Үүний 16 нь бага насны хүүхэд, үлдсэн 51 нь насанд хүрэгсэд гэсэн харамсалтай мэдээ байгаа юм.

Хэдхэн хоногийн өмнө буюу /2018.08.11/-ны өдөр Өгийн нууранд хийлдэг завьтай явж байсан хоёр иргэний завь нь хөмөрсний улмаас амь насаа алджээ. Мөн Сайншандад өнгөрсөн амралтын өдөр буусан үерийн үеэр машинтайгаа явж байсан хоёр эмэгтэй усны түвшинг харахаар буух үедээ живж амиа алдсан хэрэг гарчээ.

Үүний өмнө буюу /2018.07.30/-ны өдөр “Ассем Вилла” хотхоны харалдаа Туул голд суудлын авто машинтай хоёр зорчигч урссан хэрэг гарчээ. Тодруулбал, уг машинд сууж явсан 28 настай эрэгтэй Б, 27 настай эмэгтэй А нар усанд урссан байна. Аз болоход нийслэлийн онцгой байдлын аврах ангийн алба хаагчид дуудлагын дагуу тэднийг аварчээ. Ийм маягаар голын усанд живлээ гэх дуудлага онцгой байдлын газар өдөрт 3-4 удаа ирдэг аж. Долдугаар сарын сүүлчээр орсон усархаг аадар бороо, мөндрийн улмаас зарим аймаг, нийслэл хотод үер бууж, Булган аймгийн Хутаг-Өндөр, Дорноговь аймгийн Айраг, Хөвсгөл, Өмнөговь аймгийн Ханхонгор, нийслэлийн Баянзүрх дүүрэгт нийт найман  иргэн нас барж, 72 иргэн бэртэж гэмтэн, цахилгаан шугам сүлжээ, автозамд эвдрэл гэмтэл, саатал гарч, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учраад байна. 

Усны гамшиг ослоос сэрэмжилж, үр хүүхэд хань ижлээ аюулаас хамгаалах нь та бидний үүрэг. Гагцхүү амралт зугаалгаа зөв зохицуулж, мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар зөвлөгөөг дагахыг уриалж байна. Мөн ойрын өдрүүдэд бороо хур элбэгтэй байгаагаас голуудын усны төвшин огцом нэмэгдэж, үер буух төлөвтэй гэдгийг цаг уурчид санууллаа.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж