Улаанбаатар хотноо ирэх есдүгээр сарын 7-нд “Дисковер Монголиа” хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалтыг 16 дахь жилдээ зохион байгуулахаар товложээ. Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар бол уул уурхай. Тиймээс жил болгон уул уурхайн салбарынхан хуралдаж, салбарынхаа зовлон жаргалыг ярилцдаг. Энэ удаагийн чуулга уулзалтад Засгийн газрыг төлөөлж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар илтгэл тавина. Тэрбээр Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарыг хөгжүүлэх нь сэдвийн дор Ардын Засгийн газраас барьж байгаа бодлого, шийдвэрүүдээ танилцуулах аж. Мэдээж, Баялгийн сан болоод Тавантолгойн талаарх мэдээллээ ч хүргэх биз. Уул уурхайн салбарын хувьд хамгийн их тулгамдсан асуудал нь хууль эрх зүйн орчин. Монгол Улс хуультай ч юм шиг хуульгүй ч юм шиг улс болж хувирсан. Учир нь хөрөнгө оруулагчдыг дарамтлах, шантаажлах, үйл ажиллагаанд нь саад бэрхшээл учруулах эх оронч Төрийн ордонд ч, гудамжинд ч, орон нутаг ч цөөнгүй бий. Мэдээж, Оюутолгойн үйл ажиллагааны танилцуулга олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах байх.
Хөрөнгө оруулагчдын зүгээс 16 жилийн турш Монголын төрд тавьдаг ганц хүсэлт нь тоглоомын дүрмээ тодорхой болгох, төрийн бодлогоо залгамжлах. Нэг засаг гарч ирээд нэг асуудал ярьдаг, нөгөө засаг нь үгүйсгэдэг явдал хөрөнгө оруулагчдыг үргээх шалтгаануудын нэг болсон. Тиймээс олон улсын чуулга уулзалтаар ярьснаа хэрэгжүүлэх нь чухал. Уулзалт зохион байгуулахын ач холбогдол нь үр дүн. Энэхүү чуулга уулзалтын Монголын Засгийн газар, Уул уурхайн ассоциаци, Бизнесийн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа юм байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ