Д.Жигжиднямаа: Осол үерээс болсон тул хариуцлага ярихгүй

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

Д.Жигжиднямаа: Осол үерээс болсон тул хариуцлага ярихгүй

Д.Жигжиднямаа: Осол үерээс болсон тул хариуцлага ярихгүй

Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт наймдугаар сарын 12-ны өдрийн 01.35 цагаас эхлэн усархаг аадар бороо орсны улмаас үер бууж Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 747 дахь км /Цомог-Айраг өртөө хооронд/-т төмөр замын суурь бүтэц үерийн усанд автсан. Үүний улмаас 286 дугаартай галт тэрэгний хоёр зүтгүүр, зорчигчийн гурав, тээшийн нэг галт тэрэг осолдсон тул тухайн чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаасан билээ. Тэгвэл энэ талаар Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ -ын удирдлагууд өнөөдөр /2018.08.15/ мэдээлэл хийлээ.

сэргээн босголттой холбоотой  зардал нь өнөөдрийн байдлаар 200 гаруй сая төгрөг

Мэдээллийн эхэнд УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа “ Осол гарсан өдрийн цаг агаарын байдал  маш хүнд байсан. Их хэмжээний бороо орсны улмаас ус хөрсөөр гулсан орж ирэн хүчтэй их хэмжээний ус төмөр замын суурь бүтэц рүү  орсноос болж хурдан хугацаанд дээрх осол гарсан. Урьдчилсан байдлаар нийт хохирлын хэмжээ гарч дуусаагүй байна. Эхний хоёр өдөр хийсэн сэргээн босголттой холбоотой  зардал нь өнөөдрийн байдлаар 200 гаруй сая төгрөг болсон. Үүнд тухайн газар дээр ажилласан хүмүүсийн хоол хүнс, багаж төхөөрөмж, нэмэгдэл хэрэгцээтэй бараа материалууд багтана.  Мөн гурван галт тэрэгний нийтдээ 2000 зорчигчийг 16 автобус гаргаж,  хүргэх газар нь шуурхай хүргэсэн.  Энэ бол няхуур ажиллагаа шаардсан ажил байлаа. Мөн хөрш зэргэлдээ орнуудын төмөр замуудтай энэ асуудлаар уялдаа холбоотой  ажиллах шаардлагатай болсон. ОХУ-аас сэргээн босголтын ажлын баг  осол болсны дараа таван цагийн дотор бүрэн бүрэлдэхүүнээрээ орж  ирсэн. 

 буцаж ашиглах  нөхцөлгүй болтол нь тасдаж хувааж замаа  нээсэн

Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа “Тухайн осол төмөр замын гэхээсээ илүү Монгол Улсын төсөв ард түмэнд  учирсан хохирол  гэж  хэлж болохоор байна. Тийм  ч учраас тухайн орон нутгийн захиргаа, зэвсэгт хүчин бид нарт чадлаараа тусалсан. Энэ хэрэг явдлыг улстөрчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгнээ унагах үйлдэл болгон ашиглаж байгаад туйлын харамсаж байна. Төмөр замчдын эрхэмлэж барьдаг  гол зүйл нь  юуны түрүүнд олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэх гол замаа яаралтай нээх. Энэ л гол асуудал байсан учраас сэтгүүлчдэд ярилцлага ч өгөх завгүй  байлаа. Хамгийн түрүүнд гол замаа нээж олон улсын харилцагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө хайрлаж явдаг хөдлөх бүрэлдэхүүнүүдээ буцаж ашиглах  нөхцөлгүй болтол нь тасдаж хувааж замаа  нээсэн” гэлээ.

Дээрх мэдээллийг хийсний дараа УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Унасан зүтгүүр галт тэргийг Айраг өртөө рүү нүүлгэх ажил дууссан уу?

-Хамгийн сүүлийн  бүрэлдэхүүнийг өнөөдөр босгож байна. Тиймээс өнөөдөр орой гэхэд ослын газар хэвийн ажиллаж эхэлнэ.

-Таныг ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн, өгөөгүй гэдэг зүйл яригдсаар байна. Та хариуцлага хүлээх үү?

-Ер нь өнгөрсөн долоо хоног хүнд долоо хоног болж өнгөрлөө. Ослыг хаяад явах сэтгэл байгаагүй. Аль болох хурдан шуурхай ажиллаж, төмөр замаа хэвийн болгох л хамгийн чухал байлаа. Тийм учраас би ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгөөгүй. Ослын гол шалтгаан нь үер уснаас болсон гэсэн дүгнэлт гарсан. Хүний хүчин зүйлээс шалтгаалаагүй учраас би хэн нэгэн хүн, эсвэл өөрийнхөө хариуцлагын асуудлыг одоохондоо ярихгүй гэж бодож байна.

-Замын хажуу руу унасан  галт тэрэгний хоёр зүтгүүрийг дахин ашиглах боломжтой юу?

-Галт тэрэгний хоёр зүтгүүр, зорчигчийн гурав, тээшийн нэг галт тэрэг зэрэг таван бүрэлдэхүүний асуудал яригдаж байгаа. Зорчигчийн болон тээшийн  галт тэргийг цааш ашиглах боломжгүй болсон. Насжилт болон  элэгдэл хоргодол ихтэй байсан учраас үндсэн хөрөнгөөс хасагдахад бэлэн болсон вагон. Нэг нь 1963 оны вагон, нөгөө нь 1974 оны вагон юм. Харин зүтгүүрийн хувьд бол бүрэн магадалгаа хийгдэнэ. Зүтгүүрийг ашиглах эсэх дээр мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтийг үндэслэнэ. Ашиглахгүй гэвэл сэлбэгт хэрэглэнэ. Хохирлын хэмжээ одоохондоо тодорхой биш байна. Бүрэн  магадалгаа хийсний дараа  хохирлын хэмжээ тодорхой болно.

-Айраг сумын осол болдог газар нам доор газар байрладаг. Бороо хур орохоор усжилт ихтэй газар гэж ярьдаг. Дахиж ийм осол гарахгүй гэх баталгаа бий юу?

-Энэ газрын хувьд 200 метрийн цаана жижиг гүүр бий. Газрын гадаргуу  нь их ярвигтай. Зурвас газар их хэмжээний бороо богино хугацаанд буусан нь цугларч байгаад тэр хонхроосоо дүүрээд төмөр зам руу ороод ирсэн. Харин гүүр үүнийг хамгаалсан. Энэ ус орж ирсэн бол гал тэрэгний суурь бүтцийг бүр  байхгүй болгох байсан. Ер нь цаг уурын өөрчлөлтийг дагаад усны голдрилууд төмөр замыг анх барьж байсан үеэс өөрчлөгдсөн. Бидний хувьд дахин  усны шинэ урсгалуудыг тогтоох ажил хийгдэж байгаа. Ер нь байгалийн гамшгаас  100 хувь хамгаалагдсан гэж хэлэх аргагүй. Гэхдээ шинээр тооцоо гаргаж ажиллах, шинэ ус нэвтрүүлэх хоолой, гүүр барих асуудлууд  цаашдаа төлөвлөгдөөд явж байгаа.

-Төмөр замын осол яригдах бүрийд дэр мод муудсан гэдэг асуудал яригддаг?

-Манай төмөр замын суурь бүтэц үнэхээр  сайнгүй байгаа. Суурь бүтцийн ихэнх хувь нь хуучны модон дээр шороогоор чигжээстэй зам байгаа. Их засвар хийгдэж дуусаагүй 404 км дутуу төмөр зам байсан. 404 км гэдэг бол гол зам. Хамгийн сүүлийн их засвар 1997 онд хийгдсэн. Бүх гол замаа төмөр петон дээр хайрган чигжээс рүү  шилжүүлж амжаагүй. Дараа дахин ийм асуудал гарахыг үгүйсгэхгүй.

Э.Бурам 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж