Формула-1 улирлын эхний хагаст

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

Формула-1 улирлын эхний хагаст

Формула-1 улирлын эхний хагаст

Авто спортын хурд хүчний гайхамшиг болсон хамгийн сэтгэл татам, үзүүштэй формула-1 уралдааны 2018 оны ДАШТ-ний эхний хагас өндөрлөсөн. Өнгөрсөн гуравдугаар сард Австралийн Гранпригээр эхлэж байсан формула-1 уралдааны ДАШТ өнгөрсөн долдугаар сарын 29-нд Унгарын Гранпригийн дараа зуны завсарлагаагаа авч багууд эхний хагасын үр дүнгээ тайлагнаж, алдаа оноогоо дэнсэлж байгаа бол нисгэгчид амралтаа аваад байгаа билээ. Энэ жилийн дэлхийн аварга нийт 21 гараанд зохиогдох бөгөөд улирлын II хагас энэ сарын 26-нд Бельгийн Спа тойруулгад эхлэх бол 11 сарын 25-нд АНЭУ-ын Абу-Даби дахь Яс Марина авто тойруулга дахь уралдаанаар өндөрлөнө. Улирлын эхний хагас өндөрлөхөд бүх багууд ямар нэгэн байдлаар оноо авсан байгаа бол нисгэгчдээс ердөө ганцхан хүн оноо авч чадаагүй байгаа нь энэ жил дундаж багууд ямар өрсөлдөөнтэй байгааг харуулж байна. Лав л сүүлийн 2-3 жил улирлын дунд оноо авч чадаагүй багууд байсан. Ингээд улирлын эхний хагасын дараах байдлаар багуудын нисгэгчдийн үзүүлэлттэй танилцъя.

МЕРСЕДЕС БАГ:

  • Нисгэгч Л.Хэмилтон: 213 оноотой тэргүүлж байгаа бөгөөд өнгөрсөн 12 гараанаас 9-д нь шагналын тавцан дээр гарахдаа 5-д нь тэргүүлэгчийн дүрээр гарсан. 11 дэх дэх жилдээ формула-1 уралдаанд хүч сорьж буй Англи залуу Л.Хэмилтон Австрийн Спильберг тойруулгад бүтэлгүйтсэн ч тэр бууж өгөөгүй. Английн Сильверстоуны гараанд дэд байранд шалгарсан бол сүүлийн Герман болон Унгарын гараануудад ээлж дараалан тэргүүлснээр гол өрсөлдөгч “Феррари” багийн С.Феттелээс тэргүүлийг нь авч улмаар бага багаар оноогоор холдож эхэлсэн. Өнгөрсөн улирлын эхний хагаст С.Феттелийн ард бичигдэн зуны амралтыг эхлүүлж байсан ч амралтаас эргэн ирээд гайхалтай уралдааны үзүүлж тэргүүллийг авч улмаар 4 дэх удаагаа дэлхийн аварга болж байсан. Тэгвэл энэ жил зуны амралтын өмнө гол өрсөлдөгчөө оноогоор гүйцээд байна. Түүнд асуудал алга, магадгүй улирал өндөрлөхөд 5 дахь удаагаа дэлхийн аваргын цомыг хүртсэн байхыг үгүйсгэхгүй юм.
  • Нисгэгч: В.Баттос: өнгөрсөн 12 гараанаас 5 удаа шагналын тавцан дээр гишгиж чадсан Фин залуу В.Баттос 132 оноотой 4-р байранд бичигдэж байна. 2012 онд формула-1 дэх карьераа “Уилльямс” багаас эхлүүлж байсан В.Боттас 2017 онд “Мерседес” багт ирсэн. “Мерседес” багт ирсэн нь түүний амжилтанд эерэгээр нөлөөлж 3 удаа ялагч болж байсан. Гэвч түүнд нутгийн ах нар болох К.Росберг, М.Хайккинен болон К.Райкконен нар шиг дэлхийн аварга болох боломж гарахгүй л болов уу? Яг одоогоор багт эзлэх байр суурь бол Л.Хэмилтоны ард бичигдэж байгаагийн зэрэгцээ хувийн амбиц гэхээс илүүтэй багийн болон хамтрагч Луист туслах үүрэгтэй байгаа нь үнэн юм. Дэлхийн аварга болох потенциал бий гэдгээ “Мерседес” дэх хугацаандаа хангалттай харуулж чадаж байгаа. Гэвч мөрөөдлөө биелүүлэх гэвэл “Мерседес”-т л биш, Луисын хажууд л биш болов уу?

ФЕРРАРИ БАГ:

  • Нисгэгч С.Феттел: 12 гарааны дараах байдлаар 189 оноотой дэд байранд бичигдэж байгаа бөгөөд 7 удаа шагналын тавцан дээр гишгэсний 4-т нь түрүүлсэн. Герман залуу формула-1 уралдааны домог болсон “Феррари” багт ирээд “Ред Булл”-д үзүүлж байсан шигээ ялгуусан амжилтыг үзүүлж чадахгүй л байна. С.Феттел зарим үед яасан бэ? гэмээр алдаанууд гаргадаг. Энэ улирлыг гайхалтай эхлүүлж эхний хоёр гараанд түрүүлсэн ч Хятадын Гранприд алдаа гаргаж дөнгөж онооны бүсэд багтсан бол нутагтаа урьдчилсан гараанд итгэл төгс байсан ч уралдаан дээр осол гаргаж замын дундаас тэмцээнийг орхиж оноогүй хоцорсон. Магадгүй тэр “Феррари” багтай аварга болох гэж дэндүү их нервитээд, яараад байх шиг… Түүний гол өрсөлдөгч “Мерседес” багийн Л.Хэмилтон 4 удаа түрүүлж өөртэй нь амжилтаараа зэрэгцсэн мөн энэ жил дахин дэлхийн аваргын төлөө бодитой дайралт хийж байгаа нь С.Феттелд дарамт багагүй нервийг авчирч байхыг үгүйсгэхгүй юм.
  • Нисгэгч К.Райкконен: Финланд нисгэгч К.Райкконен 146 оноотой 3-рт бичигдэж байна. Тэр 8 удаа шагналын тавцан дээр гарсан бол 2 удаа уралдааны замыг дундаас нь орхиж 2 удаа онооны бүсэд багтсан. Энд уралдаж байгаа нисгэгчдээс хамгийн ахмад, хамгийн туршлагатай нисгэгч бол К.Райкконен юм. Тэр М.Шумайхер, Х.Монтоя, Р.Баррикелло болон Д.Култхард нартай уралдаж байсан гэхээр ямар олон жил уралдаж байгааг илтгэх болов уу? Одоогоос 11 жилийн өмнө дэлхийн аварга болж байсан Фин нисгэгч өнөөдөр тэргүүлэгчийн төлөө нэрлэгдэх фаворитоор нэрлэгдэж чадахгүй байгаа. Тэр 2014 онд “Феррари” багт ирсэн жилээ шагналын тавцан дээр гарч чадаагүй бол сүүлийн 4 улиралдаа тогтмол шагналын тавцан дээр гарч байна. Гэхдээ тэр гарааны ялагчийн дүрээр шагналын тавцан дээр гарч чадаагүй л байна. Өнөөдрийн К.Райкконен бол хувийн бус багийн амжилтын төлөө уралдаж буй нисгэгч юм.

РЕД БУЛЛ БАГ:

  • Нисгэгч Д.Риккиардо: өнгөрсөн 12 гараанаас 2 гараанд түрүүлсэн бол 4 гараанд бүтэлгүйтэж 118 оноогоор 5-р байранд бичигдэж байгаа. “Торо Россо” багт “жирийн” л нэг нисгэгч байсан Д.Риккиардо “Ред Булл” багт ирснээр дэлхийн шилдгүүдийн эгнээнд бичигдэх болсон. Гэвч тэр сүүлийн үед баг дахь байр сууриндаа сэтгэл хангалуун бус байх болсон. Ийм ч учраас багаа орхих тухай мэдэгдээд байгаа. Тэр жил “Ред Булл” багийн М.Уэббер болон С.Феттел нар хоорондоо зөрчилдөж байсан бол энэ удаад мөн хоёр нисгэгчид нь зөрчилдөөд эхэлсэн. Тэдний зөрчил Бакугийн гараанд олонд ил болсон гэж болно. Уг нь Д.Риккиардо баг дотроо тэмцэлдэж байхын оронд хүчтэй өрсөлдөгчид болох С.Феттел, Л.Хэмилтон нарт анхаарлаа илүү хандуулбал амжилтанд нь эерэг нөлөөлнө.
  • Нисгэгч М.Верстаппен: 105 оноотой 6-р байранд бичигдэж байгаа бөгөөд 4 гараанд шагналын тавцан дээр гарсны нэг нь тэргүүн байр байсан. Өдгөө ердөө 21 нас хүрч байгаа гэхэд түүний ур чадвар өдрөөс өдөрт дээшилж байна. 2016 оны улирлын дундуур Орос нисгэгч Д.Квятыг “Торо Россо” баг руу явуулж Нидерланд хүү М.Верстаппеныг авсан нь зөв байсныг Нидерланд нисгэгч өөрийн амжилтаараа харуулж байгаа. Хэдийгээр С.Феттел, Л.Хэмилтон нарын энд хараахан хүрээгүй байгаа ч түүний тайван зан чанар, ур чадвар зэрэг нь жилээс жилд түүний амжилтыг ахиулж байгаа бөгөөд магадгүй формула-1 дэх анхны Нидерланд аварга болгоход нэг их удаан хүлээхгүй болов уу? Багийн эзэн К.Хорнер ч түүнд илүү итгэл үзүүлж байгаа.

РЕНО БАГ:

  • Нисгэгч Н.Хьюлкенберг: 52 оноотой 7-р байранд бичигдэж байгаа ба 8 гараанд онооны бүсэд багтсан. Герман залуу 8 дахь жилдээ уралдаж байгаа ч төдийлөн цойлж чадахгүй л байгаа. Харин энэ жил урьд жилүүдийнхээ амжилтыг ахиулж чадсан. Тэр Англид болсон гараанд өөртөө нөөц боломж бий гэдгийг харуулаад амжсан. “Том”-чуудтай зиндаархаж чадахгүй байгаа ч “дунд”-д дундаа шилдэг нь бол Н.Хьюлкенберг юм. Магадгүй ирэх улиралд түүний арай өөр багт, магадгүй “Их Гурвал”-ын аль нэгэнд, бодитоор “Ред Булл” багт харахыг үгүйсгэхгүй л юм. Ингэж чадвал Герман залуу Н.Хьюлкенберг шилдгүүдийн хэмжээнд өрсөлдөөн үзүүлж болох юм.
  • Нисгэгч К.Сайнз: 29 оноотой 11-р байранд бичигдэж байгаа ба 8 удаа онооны бүсэд багтсан. Бас л ирээдүйтэй, ур чадвартай сайн залуу. Гэвч тэр хангалттай сайн байж чадахгүй байна. Ямартаа ч “Рено” баг 2008 оноос хойш үзүүлээгүй амжилтаа үзүүлж байгаа бөгөөд үүнд Испани нисгэгч К.Сайнзын оруулж буй хувь нэмрийг дурьдах хэрэгтэй. Өнөөгийн “Рено” бол 2006, 2007 оны үеийн баг биш болж дундаж багуудын нэг болсон. Хэрвээ К.Сайнз шилдэг болох гэвэл баг нь илүү сайжрах бас өөрөө ч одоогийнхоо түвшнөөс илүү сайжрах шаардлагатай. Гэхдээ түүний ирээдүй тодорхойгүй байгаа. Ирэх жил “Ред Булл”-д бол арай биш байх, харин “Уилльямс” багт түүнийг харж болох юм.

ХААС БАГ:

  • Нисгэгч К.Магнуссен: 45 оноотой 8-р байр. 12 гараанаас 7-д нь онооны бүсэд багтсан. Хэдийгээр “том”-чуудтай жаалж чадахгүй байгаа ч Дани залуу К.Магнуссен энэ жил үнэхээр сайжирсан. Байгуулагдаад ердөө 3 дахь улиралдаа оролцож буй “ХААС” багийн цуглуулаад байгаа 66 оноо бол түүний ур чадвар, хичээл зүтгэлийн үр шим юм. Багтаа үзүүлж буй нөлөө багийн нэгдүгээр нисгэгч Р.Грожанаас илүү болсныг дурьдах хэрэгтэй. Кевин формула-1 уралдаанд орж ирсэн эхний жилдээ 11 гараанд онооны бүсэд багтаж байсан бол одоогоор улирал дуусахад 9 гараа дутуу байхад аль хэдий нь 7 гараанд онооны бүсэд багтаад байгаа нь нэгийг хэлж байна.
  • Нисгэгч Р.Грожан: ердөө 3 гараанд онооны бүсэд багтаж 21 оноотой 14-р байранд бичигдэж байна. Өдгөө 32 настай Франц нисгэгч чухам хаана, юу хийж байна? Түүний үзүүлэлт огтоосоо дээшлэхгүй алдаа гаргах нь дэндүү их. Магадгүй ийм түүнийг багийн удирдлагууд авч үлдэх төлөвлөгөө байхгүй л болж байгаа болов уу? Шинэхэн байгуулагдсан багт шууд “том” нисгэгч ирэхгүй нь тодорхой тул “Лотус” багаас Ромайныг авчирсан байх. Гэхдээ баг нь хангалттай түүнийг харлаа, хүлээлээ.

ФОРС-ИНДИА БАГ:

  • Нисгэгч С.Перез: 5 удаа онооны бүсэд багтаж 30 оноотой 10-р байранд бичигдэж байна. Ацтек залуу С.Перез энэ жил Бакуд С.Феттелийн урдуур гишгэж шагналын тавцан дээр гишгэсэн нь түүнд боломж бий гэдгийг харуулсан болов уу? Яг өнөөгийн түвшинд С.Перезийг “том” багууд сонирхохгүй. Харин баг нь түүнд илүү их дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Хэрвээ Форс-Индиа баг санхүүгийн хүндрэлээ шийдэж чадаад машинуудаа сайжруулж чадвал С.Перез дундчуудын дээр гарч, томчуудын ард шил дарах өрсөлдөөн үзүүлэх боломжтой гэж харж байгаа.
  • Нисгэгч Э.Окон: 29 оноотой хүснэгтийн 12-р байранд бичигдэж буй Франц нисгэгч 6 гараанд онооны бүсэд багтсан. Формула-1 уралдаанд 2 дахь бүтэн улиралдаа уралдаж буй 21 настай Франц залууд авъяас бий. Харин энэ жил өнгөрсөн улирлыг бодвол бага зэрэг хангалтгүй үзүүлэлттэй байгаа. Магадгүй түүнд цаг хугацаа, бас жоохон дэмжлэг хэрэгтэй юм шиг.

МкЛАРЕН БАГ:

  • Нисгэгч Ф.Алонсо: 44 оноотой 9-р байр. Энэ жил уралдаж буй нисгэгчид дундаас хамгийн дэлхийн аварга хүртсэн 4 нисгэгчийн нэг бол Испаний ахмад туршлагатай нисгэгч Ф.Алонсо юм. Гэхдээ өнөөгийн Ф.Алонсогоос нэг их зүйл хүлээгээд хэрэггүй болсон бололтой. Үүнийг ч батлах мэт дөнгөж саяхан энэ улирлыг өндөрлүүлээд зодог тайлж буйгаа зарласан. Ф.Алонсо хамгийн сүүлд 2014 онд шагналын тавцан дээр гарч байсан бол 2013 онд гарааны ялагч болж байсан.
  • Нисгэгч С.Вандорн: 8 оноотой 16-р байр. Бельги залуу С.Вандорн лав л цомын төлөө өрсөлдөх нисгэгч биш бололтой. Өнгөрсөн улиралд ердөө 3 гараанд онооны бүсэд багтаж байсан бол энэ улиралд ямартаа ч 3 удаа онооны бүсэд багтаад байгаа нь муугүй амжилт юм. Ямартаа ч энэ жил хоёрдахь улиралдаа бүтэн уралдаж буй С.Вандорн өмнөх оны амжилтаа л ахиулж байна.

ТОРО РОССО БАГ:

  • Нисгэгч П.Гасли: 26 оноотой 13-р байр. 22 настай Франц залуу энэ улирлаас эхлэн багийнхаа үндсэн нисгэгч болоод байна. Ямартаа ч өнгөрсөн 12 гараанаас 4-т нь онооны бүсэд багтсан. Яг үнэндээ сайн мууг нь мэдэхгүй юм. Ямартаа ч багийн хамтрагч өөрөөс нь 6 насаар ах Шинэ Зеланд залуу Б.Хартлейг бодвол багтаа илүү байр суурьтай байна.
  • Нисгэгч Б.Хартлей: 2 оноотой хүснэгтийн 19-р байр. Өнгөрсөн улиралд формула-1 уралдаанд орж ирсэн ч оноо авч чадаагүйг бодвол энэ жил хоёр гараанд онооны бүсэд багтаж 2 оноотой болоод байна. Гэхдээ л Шинэ Зеланд нисгэгч Б.Хартлей маш хангалтгүй уралдаж байгаа. Түүнээс лав л хөгжил дэвшил харагдахгүй л болов уу?

ЗАУБЕР БАГ:

  • Нисгэгч М.Эрикссон: 5 оноотой хүснэгтийн 17-р байр. Швед нисгэгч М.Эрикссон энд уралдаж байгаа нисгэгчдээс харьцангуй туршлагатай нисгэгчид орж байгаа ч хангалтгүй уралдаж байна. Өмнөх хоёр улирал бүр оноо ч авч чадалгүй улирлыг өндөрлүүлж байсан. Одоогоор 5 оноо аваад байгаа бөгөөд баг нь амжилтаа ахиулахгүй байгаа түүнийг хэдий болтол харах бол?
  • Нисгэгч Ч.Леклерк: 13 оноотой 15-р байр. 20 настай Монако нисгэгч анхны улиралдаа уралдаж байгаа гэхэд муугүй шүү. Тэр 5 гараанд онооны бүсэд багтсан бөгөөд Бакугийн Гранприд сэтгэл хөдөлгөм уралдаж 6-р байранд орсон. Түүнд ирээдүй би, магадгүй хэдэн жилийн дараа “том” багуудад ч түүнийг харж болох юм.

УИЛЛЬЯМС БАГ:

  • Нисгэгч Л.Стролл: 4 оноотой 18-р байр. Өнөөгий Уилльямс багт уралдаж байгаа нь Канад залуугийн хувьд “азгүй” явдал юм болов уу? Формула-1 уралдааны түүхэнд алдар нэрээ мөнхөлж явсан “Уилльямс” баг сүүлийн 3 жил чөлөөт уналт хийж байна. Бразил нисгэгч Ф.Масса явснаар энэ баг бүрэн унасан. Ф.Масса бол ур чадвартай нисгэгч байсан тулдаа багаа чирч байсныг дурьдах хэрэгтэй. Харин Канад залуу Л.Стролл багаа чирэх хэмжээнд өрсөлдөөн үзүүлж чадахгүй байна. Арга ч үгүй юм даа, залуургүйгээр зах хязгааргүй далайд хөвж яваа өнөөгийн Уилльямс баг нисгэгч нартаа, инженер нартаа хангалттай анхаарч чадахгүй байгаа.
  • Нисгэгч С.Сироткин: одоогоор оноо авч амжаагүй байгаа. Ердөө 22 настай Орос залуу формула-1 дэх карьераа дэндүү таагүй эхлүүлж байна уу даа. Магадгүй тэр “Уилльямс” багаас формула-1 уралдааны карьераа эхлүүлж байгаа нь хамгийн азгүй явдал юм шиг. Гэхдээ тэр эхлээд энэ улиралдаа багтаж оноо авч дараагийн шатанд өрсөлдөх боломжтой гэдгээ харуулах ёстой.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж