2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш гэнэтхэн дуутай, шуутай болж хувирсан Л.Оюун-Эрдэнэ төрийн албыг үнэлэх, арилжих асуудлаар улс төр хийгээд удаж буй. Харамсалтай нь, төрийн албаны газрын дарга нь нэгийгээ хөнөөчихсөн хэргийн талаар тэрбээр ганц ч үг гав хийсэнгүй. Хэрэг гарахаас өмнөхөн төрийн албыг наймаалцлаа гэж хамгийн чангаар дуугарч байсан тэрбээр бүхэл бүтэн яамны газрын дарга нар нэгийгээ албан тушаалын асуудлаас болж хөнөөсөн хэрэгт холбогдоод байхад таг чиг. Хүн амины хэргийн сэжигтнээр татагдаж, 461 дүгээр ангид хоригдож буй ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбал өмнө нь Ерөнхийлөгчтэй хамт ажиллаж байсан гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаад байгаа. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ гишүүн нам жим болсон байх гэсэн хардлага ч улс төрийн хүрээнд байна. Б.Махбал нь Ерөнхийлөгчтэй холбоогүй байсан бол ‘Л.Оюун-Эрдэнэ гишүүн аль хэзээний 60 тэрбумынхан нэгийгээ хөнөөлөө гээд сенсаацилж суух байсан байлгүй’ хэмээн олон нийтийн сүлжээнд түүнийг шүүмжлэх хүмүүс цөөнгүй байна. Хэрэвзээ Л.Оюун-Эрдэнэ үнэхээр л монгол төрийн төлөө дуугарч, тэмцэж байсан бол энэ хэрэг дээр илүү тод дуугарах байсан биз ээ. Ямартаа ч төрийн албыг үнэлэх асуудал Үндэсний аюулгүй байдалд нөлөөллөө гэж улс төр хийж суусан гишүүн төрийн яамны дарга нар ажлын байхан дээрээ архидаж, нэгийгээ хөнөөсөн хэргийг сонсоогүй, дуулаагүй юм шиг усанд хаясан чулуу шиг болчихож.
Б.БАТ