Тогтвортой хөгжилд хоршоологчид чухал хувь нэмэр, үүрэг оролцоотой

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

Тогтвортой хөгжилд хоршоологчид чухал хувь нэмэр, үүрэг оролцоотой

Тогтвортой хөгжилд хоршоологчид чухал хувь нэмэр, үүрэг оролцоотой

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн хамтын ажиллагааны байгууллагаас Кени Улсын нийслэл Найроби хотод наймдугаар сарын 7-9-ны өдрүүдэд “Тогтвортой хөгжилд хоршоологчдын оруулах үүрэг оролцоо” сэдэвт олон улсын хурал боллоо. Хуралд 10 гаруй орны Засгийн газар, хоршоологчдын төлөөлөл оролцсон. Олон улсын хурал бүхэлдээ НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжилд хоршоо, хоршоологчдын оруулж буй хувь нэмэр, нийгмийн хөгжилд хоршоологчдын үзүүлэх нөлөө зэрэг асуудалд төвлөрлөө.

Асуудлыг илүү тодорхой болгох үүднээс “Хадгаламж, зээлийн хоршоодын үүрэг”, “Хүрээлэн буй орчны хөгжил ба хоршоологчдын амжилт, уриалга”, “Хөдөө аж ахуйн хоршоологчид ба хүрээлэн буй орчин”, “Ядуурлын эсрэг хөгжиж буй орнуудын хоршоологчдын үүрэг оролцоо”, “Хоршоологчдын хөгжлийн төлөө төр, засгийн бодлого, менежмент” зэрэг сэдвээр Индонез, Камбож, Бутан, Уганда, Тонга, Зимбабве зэрэг улсын хоршооны асуудал хариуцсан төлөөллүүд илтгэл тавьсан.

Манай улсаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан оролцож, “Хоршоологчдын талаар төрөөс баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчин” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.

Монголд 200 мянган хүн 1 нь хоршооны гишүүн бөгөөд тус салбарт 60-аад мянган хүн ажилладаг. Улсын хэмжээнд 4377 хоршоо бүртгэлтэй байдгаас 3020 хоршоодод үнэлгээ хийж үзэхэд, идэвхгүй 1324, идэвхжиж байгаа 877, хөгжиж байгаа 580, тогтвортой өсөлттэй 239 хоршоо бий.

Засгийн газраас хоршоо, хоршоог дэмжигч байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, хоршоо хөгжих эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх замаар хоршооны нийгэмд гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлэх, ажлын байр бий болгох бодлого барин ажиллаж байна.

Энэ ч үүднээс хоршоог санхүү, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжиж, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хоршооны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах сүлжээ, үйлчилгээг бий болгох, хоршоодын мэдээллийн нэгдсэн санг баяжуулж, сургалт, сурталчилгааг өргөжүүлэх чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм.   

Эх сурвалж: ХХААХҮЯам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж