Техникийн коллежийг өргөтгөнө

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Техникийн коллежийг өргөтгөнө

Монгол-Солонгосын хамтарсан Техникийн коллежийг өргөтгөж загвар политехник коллеж болгох хэлэлцээрт өнөөдөр Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага- Койкагийн хооронд гарын үсэг зурах ёслол боллоо. ”Койка”-гаар дамжуулан хэрэгжүүлж байгаа  БНСУ-ын засгийн газрын буцалтгүй тусламж болох таван сая ам.долларыг “Монгол-Солонгосын хамтарсан техникийн коллежийн чадавхийг сайжруулж политехник коллеж болгон өргөтгөх” төслийг хэрэгжүүлэхэд зарцуулах юм. Энэхүү хэлэлцээр, санамж бичгийн дагуу тус коллежийн хичээлийн болон дадлагын байрны өргөтгөл баригдаж, суудлын хүчин чадал нэмэгдэх ба техникийн боловсрол олгох мэргэжлийн хүрээг  зургаан  (барилгын сантехник, хөргөлт агааржуулалт, гагнуур , хувцасны дизайн, мод боловсруулалт, хүнд машин механизмын засвар, оператор)  шинэ мэргэжлээр өргөжүүлж, тоног төхөөрөмжийн шинэчлэл, багш нарыг сургах ажлууд хийгдэх юм. Өргөтгөлийн ажлын хүрээнд номын сан, хурлын заал бүхий дөрвөн давхар хичээлийн байр, нэг давхар дадлагын байр барих аж.

Монгол-Солонгосын Техникийн Коллеж нь хөнгөн үйлдвэрлэл, мэдээлийн технологи, автомашины засвар,  уул уурхай, хөдөө аж ахуйн чиглэлүүдээр сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг төрийн өмчийн, шаталсан сургалттай, магадлан итгэмжлэгдсэн сургууль юм. Тус коллеж нь 2010-2011 оны 44 дэхь хичээлийн жилдээ 2700 орчим суралцагчид, 100 гаруй багштайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

2001 онд тус коллежид БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж 700 мянган ам.долларын төсөл хэрэгжиж, барилга байгууламжийг засварлах, мэргэжлийн дадлагын газруудыг тоног төхөөрөмжөөр хангах ажлууд хийгдэж байжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж