News.mn энэ долоо хоногт уригдсан зочдынхоо ярилцлагыг тоймлон хүргэж байна.
АНУ, Израилийн зүгээс Иранд агаарын цохилт өгсөн үйл явдалтай холбоотой асуудлаар Хүмүүнлэгийн их сургуулийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа.
–АНУ, Израилийн агаарын цохилтын улмаас Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменей болон тус улсын Батлан хамгаалахын сайд, Хувьсгалт гвардийн командлагч зэрэг цэрэг, тагнуулын нөлөө бүхий удирдагчид амь насаа алджээ. Одоогоор 200 гаруй хүн амь насаа алдсан тухай мэдээлж байна. Дайны нөхцөл байдал үүссэн гол учир шалтгааныг юу гэж харж байна вэ?
–Бүр дээхэн үеэс эхэлж ярих хэрэгтэй болов уу. 1979 оны Исламын хувьсгалын дараа 1980-1988 онд Иран Иракийн дайн болж, үүний учир шалтгаан нь нутаг дэвсгэр, улс төрийн нөлөө, шашин-үзэл суртлын зөрчил, бүс нутаг дахь нөлөөний хүрээгээ тогтоох геополитикийн өрсөлдөөн зэрэг олон хүчин зүйл давхцсан зөрчил мөргөлдөөн байсан. Хоёр улс Персийн буланд цутгах Шатт аль-Араб буюу Арванд Руд голын хилийн шугамын талаар олон жил маргалдаж ирсэн байдаг. 1975 оны Алжирын гэрээгээр хилийг голын дундах шугамаар тогтоосон ч Ирак үүнийг 1980 онд хүчингүй гэж зарласан. Энэ бүс нь стратегийн гарц бөгөөд Иракийн далайд гарах цорын ганц гол зам байжээ. Ираны исламын хувьсгалын үр дүнд Аятолла Рухолла Хомейни засаг төрийн эрхэнд гарснаар Иракийн дотоод бослого үймээн гаргах магадлал буй болж байна гэж Садлам Хуссейн болгоомжилж эхэлсэн байдаг. Иран исламын хувьсгалаа “экспортлох” тухай уриалга гаргаж байсан нь Иракт маш том болгоомж буй болгосон. Ер нь бол Персийн буланд аль улс нь давамгайлах вэ гэсэн стратегийн сөргөлдөөн буй болж, Ирак өөрийгөө Арабын ертөнцийн удирдагч болгох зорилготой байсан. Иран исламын хувьсгалын дараа дотооддоо тогтворгүй, армийн удирдлага суларсан үеийг Ирак “боломж” гэж үзсэн юм.
Тийнхүү Ирак 1980 оны есдүгээр сард Иранд гэнэтийн довтолгоо хийснээр дайн эхэлсэн. Дайн найман жил үргэлжилж, нэг сая орчим хүн амь үрэгдэж, эдийн засгийн асар их хохирол учирсан.
Хилийн маргаантай бүс нутаг ялангуяа Хузестан нь газрын тосны үлэмж нөөц тогтоогдсон байсан. Персийн булан дахь газрын тосны тээврийн зам, суурь бүтэц, терминал, ложистик нь стратегийн ач холбогдолтой байсан явдал юм. Дайны явцад “Танкертэй дайн” өрнөж, хоёр тал газрын тос тээвэрлэгч танкерууд руу довтолж эхэлсэн байдаг. Садам Хуссейн найман жил үргэлжилсэн Иран-Иракийн дайнд de facto ялалт байгуулсан гэж үзэж, үүндээ эрэмшин 1990 оны долдугаар сарын Кувейтыг нэгхэн өдрийн дотор эзэлж байв.
Иракийн ийм цэрэгжсэн, милитарчлагдсан хүчирхэг армийг АНУ 2003 оны намар хоёрхон долоо хоногийн дотор бут ниргэж, Садам Хуссейныг амьдаар нь барьж, Иракийн өөрсдийнх нь шүүхээр оруулж, тэрбээр хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлснийг бид мэднэ. АНУ Иракийн хүчирхэгжсэн армийг ийм амархан бут цохисон нь дараагийн ээлжинд Ираны арми ч аанлай л амархан бут цохигдох магадлалтай юм байна гэж үзэж Ираны шашны дээд удирдагч Аятолла-Али Хаменей болон бусад удирдлага цөмийн зэвсгийн болон баллистик пуужингийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь Ойрх Дорнодын бүс нутаг, АНУ-ын газрын тосны импортын зах зээлд шууд аюул заналхийлэх болсон. Өөр нэг том учир шалтгаан нь нь Ираны удирдлага Израилийг газрын хөрснөөс арчиж хаяна хэмээн алба ёсоор зарлаж, исламын шашны шийт урсгалд суурилсан алах хядах Палестиний Хамас, Ливаны Хезболла, Йемений Хосуит зэрэг зэвсэгт бүлэглэлийг санхүүжилж, бүх талаар ивээн тэтгэж байгаа нь асар том аюул заналыг буй болгож байна гэж үзсэн. Түүнчлэн Ираны дотоод дахь ардчилалын хөдөлгөөнийг нухчин дарж байсан явдал юм.
Өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр Оманы зуучлалтай Мускат хотноо болсон АНУ, Ираны шууд бус яриа хэлэлцээ, Женев хотноо үргэлжилсэн яриа хэлэлцээ, удахгүй Вена хотноо эхлэх байсан уулзалт зэрэг нь зөвхөн цаг хожих, элдэв болзол шаардлага тавьж байсан нь АНУ-ын тэвчээрийг “барсан” болов уу.
АНУ, Израилийн зүгээс Иранд агаарын цохилт өгсний дараа Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменей амь насаа алдсан болохыг гуравдугаар сарын 1-ний өглөө Ираны тал албан ёсоор зарлаж, 40 хоногийн гашуудал зарлаж байгаа юм байна. Аятолла Али Хаменейн оронд Ираны шашны дээд удирдагчийн үүрэг гүйцэтгэгчээр Аятолла Али Арафиг томилсон. Энэ тохиолдолд АНУ, Израилийн агаарын цохилт үргэлжлэх үү гэсэн асуудал байгаа юм. Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп “Truth Social” цахим хуудсандаа “Энэхүү ажиллагаа нь Америкийн ард түмнийг хамгаалахад чиглэсэн” гэдгийг мэдэгдэж, Ираны террорист дэглэмд цөмийн зэвсэгтэй болох боломжийг хэзээ ч олгохгүй байлгахад АНУ-ын бодлого чиглэнэ гэдгийг онцлоод “Тэдний пуужингийн үйлдвэрлэлийг газартай тэгшилж, нөөцийг нь бүрэн устгах болно” гэсэн. Иранд өгч буй АНУ болон агаарын цохилт тодорхой хугацаанд сайтар бэлтгэсэн, маш нарийн тооцоо, судалгаанд үндэслэсэн, өндөр технологи ашигласан, тагнуулын олон эх сурвалжийн мэдээлэлд тулгуурласны үндсэн дээр эхэлсэн нь харагдаж байна. Үүний зэрэгцээ АНУ-ын ерөнхийлөгч исламын хувьсгалт гвардид хандан зэвсгээ хураалгахыг уриалаад, бууж өгсөн хүмүүсийн аюулгүй байдлыг бүрэн хангана гэж мэдэгдээд "Ираны ард иргэдийг хувь заяагаа гартаа авахыг” уриалсан байна.
Дэлгэрэнгүй ярилцлагыг https://news.mn/r/2852107/ линкээр нэвтэрч унших боломжтой.
"Монгол Улс тэргүүлэх эдийн засагтай улс болно гэдэг эргэлзээтэй"

Эдийн засагч Б.Лакшмитай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Эрх баригч намын Бага хурал өнгөрсөн долоо хоногт боллоо. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар "Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2025 онд 6,8 хувийн үзүүлэлтэй гарсан нь Азидаа төдийгүй дэлхийд өсөлтөөрөө тэргүүллээ. Энэ нь улсын эдийн засаг зөв чиглэлд, зөв голдиролдоо орж байна гэсэн үг. Тоо худлаа хэлдэггүй" гэдгийг тодотгож хэлсэн. Эдийн засагч хүний хувьд дээрх дүгнэлттэй санал нийлж байна уу?
-Цөөн үзүүлэлтээр улс орны эдийн засаг сайжирсан гэж хэлэх боломжгүй. Жишээ нь, эдийн засгийг зөвхөн ДНБ -ийн өсөлтөөр дүгнэх боломжгүй. Монгол Улсад өнгөрсөн 2025 онд бодлогын хүү буураагүй, өр орлогын харьцаа зэрэгт өөрчлөлт оруулж мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж байгаа нь эдийн засгийн нөхцөл байдал сайжраагүй гэдгийг илэрхийлнэ. Уг бодлогуудыг яагаад хэрэгжүүлж байна гэвэл иргэдийн зээл их хэмжээгээр өсч байгаатай холбоотой өрийн дарамт, зээлийн давхардлыг багасгах зорилготой. Тэгвэл яагаад эдгээр зээл нь өсөөд байна гэхээр, иргэдийн олж байгаа орлого нь амьжиргаанд нь хүрэлцэхгүй зээлийг зээлээр эсвэл зарлагаар нэмэлт зээл авч санхүүжүүлж байна.
Ингэснээр иргэд, өрхүүдэд ирэх өрийн дарамт өссөн. Мөн хувийн хэвшил буюу ААН-ийн үйл ажиллагаа хумигдан, олон аж ахуйн нэгж үүд хаалгаа барьж байна. Ингэж эдийн засаг уруудаж хумигдаж байхад УИХ болон Засгийн газрын түвшинд хувийн хэвшлийг дэмжсэн томоохон өөрчлөлт хийсэнгүй.
Хувийн хэвшил бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн хуулиудыг хэлэлцээгүй учраас дэмжих бодлогууд үгүйлэгдэж байна.
Гадаад нөхцөл байдал муудаж байгаа энэ үед хувийн хэвшлийнхээ бизнесийн үйл ажиллагааг нь дэмжсэн бодлогууд дээр анхаарах шаардлагатай. Геополитикийн нөхцөл байдал өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаа энэ үед Монгол Улсын суурь нөхцөл байдал амаргүй байна. Өрийн нөхцөл байдал, хувийн хэвшлийн үйл ажиллагаа доголдож байхад тэргүүлэх эдийн засагтай улс болно гэдэгт эргэлзэж байна.
–Засгийн газар эдийн засгийн өсөлтийн өгөөжийг өрх бүрт хүргэх зорилготой цэгцрэх 300 хоногийн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч бодит амьдрал дээр эдийн засгийн өсөлт айл өрхүүдийн үүд хаалгаар орохгүй байгааг иргэд хэлж байна. Ард түмний амьдрал 300 хоногт сайжирч, ахиц гарах болов уу?
-Бодлогын түвшинд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ богино хугацаанд үр дүнгээ өгнө гэж байдаггүй юм. Тэгээд ч айл өрхүүдийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд олон ажил хийх шаардлагатай. Эдгээр нь хоорондоо уялдаа холбоотой тул шууд шийдээд явах боломжгүй. Мөн шууд нөлөө үзүүлэх боломжгүй хүчин зүйлс бас бий. Зарим нэг жишээ татвал, ажлын байр бий болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, инфляцийг тогтвортой барих гэх мэт маш олон ажлыг хийх хэрэгтэй байна. Ялангуяа бичил, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай. Сүүлийн жилүүдэд харин ч энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн орон зайг хумьсан шийдвэрүүд шил дарааллан гарсан.
Тухайлбал, ТҮЦ ажиллуулдаг хүмүүсийн үйл ажиллагааг зогсоосон. Гадаадын улс орнуудад энэ төрлийн бичил бизнес байсаар л байна. Үүнийг зах зээл нь өөрөө шийддэг буюу эрэлт нийлүүлэлтээр зохицуулдаг. ТҮЦ -ийг байхгүй болсноор сонин борлуулах цэг, ширхгийн худалдаа гэх мэт иргэний орлогод нь тохирсон үйлчилгээ байхгүй болсон.
Бас нэг жишээ бол хуучин байруудыг нурааж том өндөр барилгууд барьж буй явдал. Ингэснээр подваль, нэг давхруудад эрэлттэй байдаг оёдол, гутал засвар, үсчин, түлхүүр олшруулах газар зэрэг үйлчилгээг боломжийн үнээр авах боломжтой байсан нь хумигдсан. Эдгээр барилгыг нураагаад шинээр барьсан өндөр барилга дотор үнэтэй үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Түрээслээд ашигтай ажиллах буюу түрээс, цалин, ашиг олох боломжтой юу гэвэл бараг үгүй. Харин эдгээр үйлчилгээ нь хүмүүст ойр байх шаардлагатай байдаг. Яав ч 300 хоногт ард түмний амьдрал сайжирна гэж байхгүй.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2852288/ линкээр нэвтэрч унших боломжтой.
"Монголчууд үүдэл эсээр чихрийн шижинг эмчлүүлэхээр их ханддаг"

Япон улсын Кюүшюүгийн Нөхөн төлжүүлэх анагаах ухааны төвийн ерөнхий захирал Нобушигэ Казүкитай ярилцлаа.
-Та өөрийгөө болон Нөхөн төлжүүлэх анагаах ухааны төвөө танилцуулахгүй юу. Монгол Улсад анх удаа ирж байна уу?
–Намайг Нобушигэ Казүки гэдэг. Монгол найзуудынхаа урилгаар Монгол Улсад анх удаа ирж байна. Учир нь Кюүшюүгийн Нөхөн төлжүүлэх анагаах ухааны төвөөр монголчууд байнгын үйлчлүүлдэг учраас Монгол орныг үзэхээр зорин ирсэн юм.
Манай “АS” буюу “Медикал Суппорт” групп нь Японы тэргүүлэх дэвшилтэт биотехнологийн компаниудын нэг бөгөөд судалгаа, хөгжүүлэлтээс эхлээд үйлдвэрлэл, борлуулалт, мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээ хүртэл нэгтгэсэн иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг. Мөн Японы үүдэл эсийн зах зээлд тэргүүлэх байр эзэлдэг гол компани бөгөөд “Кюүшюү” үүдэл эсийн эмчилгээний төвийн үүсгэн байгуулагч гэдгээрээ танигдсан.
Өндөр чанартай үүдэл эсийн бүтээгдэхүүнийг Японы өнцөг булан бүрд хэдэн зуун нөхөн сэргээх эмчилгээг клиник рүү нийлүүлдэг.
Бид шинэлэг санаагаар хөгжилд түлхэц өгч, хариуцлагатайгаар эрүүл мэндийг хамгаалах зарчмыг баримтлан Японы нөхөн төлжүүлэх эмчилгээний салбарыг дараагийн шинэ шат руу удирдан хөгжүүлсээр байна. Манай групп нь Япон улсын Токио, Осака, Кюүшюү, Фүкүока хотод салбартайгаас гадна Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотод салбар ажилладаг юм. Манай их бүрэн төв 2017 онд байгуулагдсан бөгөөд нийт 60 гаруй эмч, мэргэжилтэнтэй. Төв маань нэг жил ойролцоогоор 20 мянган хүнд үүдэл эсийн эмчилгээг хийх хүчин чадалтай бөгөөд жилд 6-8 мянган өвчтөнд энэ төрлийн эмчилгээг хийдэг. Өнгөрсөн найман жилийн хугацаанд 50 мянган өвчтөнд энэ төрлийн эмчилгээг хийсэн байна.
-Уншигчдад ойлгомжтой байх үүднээс үүдэл эс гэж юу вэ гэдгийг тайлбарлаж өгөөч. Энэ онцгой эсийг хэрхэн эмчилгээнд ашигладаг вэ?
-Хүний бие нь ойролцоогоор 60 их наяд эсээс бүрддэг бөгөөд эдгээр эс тус бүр нь булчин, мэдрэлийн эс зэрэг үүрэгтээ нийцсэн онцлогтой. Тэр дунд өөр эс болон хувирах, өөрийгөө нөхөн төлжүүлэх чадвартай онцгой эс байдаг. Үүнийг үүдэл эс гэж нэрлэдэг. Үүдэл эсийн эмчилгээ нь инновацын эсийн технологийг ашиглан, ялгарах болон нөхөн төлжүүлэх чадвартай үүдэл эсийг ашиглаж, биеийн бүх эсвэл тодорхой хэсгийн үйл ажиллагааг сэргээж, өвчин эмгэгийг эмчлэх арга юм. Жишээлбэл, чихрийн шижингийн өвчтэй хүн үүдэл эсийн эмчилгээг хийлгэх бол 3-6 удаа хийлгэх шаардлагатай.
Одоогоор өргөн хэрэглэгдэж буй нь өөрийн өөхөн эдээс гаргаж авсан мезенхимийн үүдэл эсийн эмчилгээ бөгөөд аюулгүй байдал өндөр, хамрах хүрээ өргөн байна.
Дэлхий дахинд хийсэн үүдэл эсийн судалгааг харвал, мэдрэл, амьсгал, хоол боловсруулах, дархлаа дэмжих, арьсны өвчин, нөхөн үржихүй, шээсний замын өвчин, дотоод шүүрэл, зүрх судасны өвчин, булчингийн болон ясны өвчин, шүдний өвчинг эмчлэхэд ашиглаж байна. Тухайлбал, АНУ, Канад, Япон, Энэтхэг, БНСУ болон Европын эмийн агентлаг эмчилгээнд ашиглаж байна.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2852497/ линкээр нэвтэрч унших боломжтой.
"Хичээлийн байргүй сургууль байгуулах зөвшөөрөл өгч болохгүй"

"Бүх нийт боловсролын төлөө!" иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалагтай ярилцлаа.
-Таны хувьд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байхад хичээлийн байргүй, сурах бичиггүй хувийн сургууль байгуулахыг зөвшөөрч болохгүй гэдэг асуудлыг хөндсөн. Хувийн сургууль байгуулахад хэдэн шалгуур шаардлага тавих ёстойгоос хэдийг нь цуцлах тухай санал оруулж ирсэн юм бэ?
-Боловсролын салбарт хувийн их дээд сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг шинээр байгуулахад тусгай зөвшөөрөл олгодог. Тусгай зөвшөөрөл нь ард иргэдийн нийтийн ашиг сонирхол, хүүхдийн сурч боловсрох эрхийг хамгаалах чухал ач холбогдолтой учраас төрөөс зориуд зөвшөөрөл өгдөг. Гэтэл Зөвшөөрлийн тухай хуулийг дагалдуулаад оруулж ирсэн өөрчлөлт нь иргэний нийгмийнхний санааг зовоож байна. Өөрөөр хэлбэл, Боловсролын ерөнхий хуульд хувийн сургууль, цэцэрлэг байгуулъя гэвэл ямар шаардлага тавих вэ гэдгийг хуульчилж өгсөн байдаг. Гэтэл тэр шаардлагуудаас гурвыг нь хасч байна. Эхний шаардлага нь хөрөнгийн баталгаа бол хоёрт нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах санхүүжилтын эх үүсвэртэй байх ёстой. Мэдээж сургууль бол дэлгүүрээс нэг удаагийн худалдан авалт хийдэг газартай адилхан биш. Тэнд хүүхдэд 12 жилийн турш боловсрол олгох учраас мөнгө санхүүгийн эх үүсвэрийн эрсдэлд орж, үйл ажиллагаагаа хаахгүй байх нөхцөлийг төрөөс тавих нь зүй ёсных юм. Гэтэл энэ хоёр шаардлагыг хасч байна. Миний хувьд яавч хүлээн зөвшөөрөхгүй нэг шаардлага бол сургалтын орчинд тавигдах шаардлага.
Энэ бол байж болшгүй зүйл. Хичээлийн байр, номын сан, биеийн тамирын спорт заал, сурах бичиг зэрэг сургалтын үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай нөхцөл болзлыг шаардахгүйгээр хувийн сургууль байгуулах зөвшөөрөл өгч болохгүй.
Энэ заалт бол Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байна. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд "Төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургуулийг байгуулна" гэж заасан. Тэгэхээр төрөөс шаардлага тавих ёстой. Тэр нь хүүхдийн сурч боловсрох эрх, хүний эрхийг хамгаалах үүргээ биелүүлэх ёстой. Эцэг эхчүүд нь хувийн сургуульд өндөр төлбөр төлдөг. Тэр эцэг эхчүүдийн ашиг сонирхлыг төр хамгаалах ёстой. Зарим иргэд олон нийтийн сүлжээнд "Хувийн сургууль байгуулахад заавал байртай байх шаардлагагүй, түрээсэлж болно" гэж бичсэн байна лээ. Үгүй юм. Жишээлбэл, би хүүхдээ гэрийнхээ ойр Яармаг дахь хувийн сургуульд оруулсан байхад сургууль нь түрээсийн байртай гээд 3, 4 дүгээр хороололд өөр байр түрээслэвэл яах вэ. Тэгээд хүүхдээ өдөр бүр хол газар руу нүүх үү эсвэл байраа зараад тэр байршилд нь дөхөх үү. Хүний амьдрал ахуйтай холбоотой асуудал болж ирнэ. Мөн дээрээс нь хүүхдүүд сургуульд суралцахдаа биеийн тамирын хичээлд хамрагдахгүйгээр эрүүл саруул байх боломжгүй. Гэтэл өнөөдөр хүүхдийн бүх талын хөгжлийн асуудлыг ярьж, хэлж байна. Биеийн тамирын хичээл заавал орох ёстой хичээлийн нэг. Энэ хичээлийг заалгүй гэдэг шалтгаанаар оруулахаа болих юм уу. Тийм учраас Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг батлахдаа энэ заалтыг хасч өгөх саналыг гаргасан юм.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2852503/ линкээр нэвтэрч унших боломжтой.
"Ээжийн минь зохиосон "Бүүвэйн дуу" ардын дуу шиг түгсэн"

“Сэмүүн” студийн захирал, найруулагч Б.Баяр нь бидний сайн мэдэх “АХА”, “Мөнгөтэй зочин” нэвтрүүлгүүдийн хөтлөгч. Мөн хадны зургийг сонирхон судалдаг уран бүтээлч юм. Хадны зураг дахь эмэгтэй дүрслэлд тулгуурласан “Алтан Венера” гэрэл зургийн үзэсгэлэнг нээхээр бэлтгэл хангах их ажлын үеэр нь түүнтэй уулзан, ээжийнх нь зохиосон "Бүүвэйн дуу", уран бүтээлийн сонирхол болон хадны зургийн судалгааных нь талаар ярилцлаа.
-Таны ээжийг Хараацай шувууны дэгдээхэй шиг, Харцан дундуураа дуудаад байна уу даа. Ээ бүүвэй ээ, бүүвэй ээ бүүвэй бүүвэй гээд Монголын хамгийн алдартай бүүвэйн дууг зохиосон гэж сонсч байсан. Энэ дууны түүхийг ярьж өгөөч?
-"Бүүвэйн дуу"-г хүн болгон аялдаг байх. Бараг ардын дуу шиг болчихсон энэ дууны үг, аяыг манай ээж зохиосон гэдэгт би өөрөө маш их баярлаж, бахархаж явдаг. Энэ дууны тухай ээж минь амьд сэрүүн байхдаа олон удаа ярилцлага өгч, бидэнд ч бас их зүйл ярьж үлдээсэн. Бүр ном хүртэл гарсан байдаг. Нэрт сэтгүүлч Д.Амбасэлмаа 1990 онд “Дуу зохиосон эмээ” нэртэй нэвтрүүлэг хийж байсан.
Манай ээж даруухан хүн байсан болохоор “би зохиосон” гэж ерөөсөө хэлдэггүй. Ойр тойрныхон, нутгийнхан нь л мэддэг байсан. Өөрөөс нь асуухаар 18–19 настайдаа энэ дуугаа зохиосон гэж ярьдаг байлаа. Үүнээс гадна өөр гурван дуу зохиосон байдаг ч тэдгээр нь нэг их олонд түгээгүй.
1948 онд шинэ бичгийн багш болж ажиллаад, дараа нь Ховд аймгийн Манхан сумын орлогч даргаар ажилласан. Тэр үед бүх нийтийг бичиг үсэгжүүлэх ажилд их хувь нэмэр оруулсан гэж нутгийнхан нь ярьдаг. Сумын дарга нь сургуульд явах үед хэсэг хугацаанд сумын даргын ажлыг ч хийж байсан гэдэг. Тэр үед Улаанбаатар хотод Бүх ард түмний урлагийн наадам болохоор болж, аймаг орон нутгийн авьяастай хүмүүсийг цуглуулж оролцуулсан юм билээ. Ээж тэр наадамд өөрийн зохиосон "Бүүвэйн дуу"-гаараа оролцож байсан. Баримтат кинон дээр “Захчин ардын дууг малчин Халзаа дуулна” гэж зарласан байдаг. Учир нь Бүх ард түмний урлагийн наадамд оролцож байгаа болохоор сумын орлогч дарга гэж зарлуулахгүй, энгийн малчин гэж зарлуулсан гэсэн. Тэр дуу кино хальсанд хадгалагдаж үлдсэн. Энэ бүх түүхийг ээжийгээ амьд сэрүүн байхад нь сонсч байсан. Манай хамгийн том эгчийг айлд өргүүлсэн. Ээж маань тэр эгчид зориулж энэ дуугаа зохиосон гэж надад хэлж байсан. Сүүлд сонин, телевизийн сэтгүүлчид ирж ярилцлага авч, нэвтрүүлэг хийж байснаас хойш л олонд илүү мэдэгдэх болсон.
-Аялгуу, хэмнэлийн хувьд нээрээ баруун монгол дууны хэв маягтай юм байна шүү?
-Тийм. Баруун монгол дууны өнгө аяс их мэдрэгддэг. Баруун монголын бий биелгээний хэмнэл, товшуур, морин хуурын аялгууны айзам, хэлбэр ч сонсогддог. Хэрвээ үггүйгээр аялуулж сонсвол дан хөгжмийн талаасаа тийм ч шинэ, содон аялгуунаас бүтсэн зүйл биш. Харин шүлэг, аялгуу хоёр нь нийлээд нэг цогц бүтээл болсон гэж боддог.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2853019/ линкээр нэвтэрч унших боломжтой.
3,576.03






















































Нэргүй 2026-03-07 202.180.221.70
лакшми-ийн хэлж байгаа үнээн. монгол тэргүүлэх эдийн засагтай улс болох болоогүй.
Нэргүй 2026-03-07 66.181.184.201
ene neg usa demjjdeg haltar bdag yum sdaaaa
ИРГЭН 2026-03-07 103.212.119.117
манай Улс төрчид болон Улс төрийн тоймчид Америк Барууны Ардчилал гэсэн лоозонгоор халхавчилсан *гаж* тогтолцоог яасан их Дэмжинэ вэ, Ардчилсан гэдэг үгийн ард Аллага , хүчирхийлэл, хар тамхи, хүний наймаа, хүний мах идэгсэд болох *канибалууд*, Ядуу буурай орнуудыг колончилогчидын Нийгэм байна, , Монголчууд энэ Мэдээллийн зуунд иймэрхүү Балай юмнуудын ярианд итгэхээ нээнт өнгөрч дээ,
зочин 2026-03-07 103.57.93.29
Манай ардчилагчид гэж нэг иймэрхүү л хүмүүс байдаг ,Барууны түрэмгийллийг дэмжсэн, Дэлхий бүхэлдээ барууны колони байх нь зөв гэж үзсэн ,,Орос хятад эдгээр орныг дэмжигчдийг нугасалж байж дэлхий сайн сайхан болно гэж үзсэн, Бусдыг мал гэж дорд үзсэн,