Чөмөг нь гэмтсэн бугыг эмчилж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

Чөмөг нь гэмтсэн бугыг эмчилж байна

Чөмөг нь гэмтсэн бугыг эмчилж байна

Эмээлт орчимд халиун буга гэмтсэн гэх мэдээллийн дагуу мэргэжилтнүүд холбогдох арга хэмжээг авсан байна. Энэ талаар нийслэлийн Байгаль орчны газрын амьтан, ургамал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатараас тодрууллаа.


-Халиун буга гэмтсэн гэсэн мэдээлэл байна. Одоогоор ямар арга хэмжээ аваад байна вэ?

-Нийслэлийн Шуурхай удирдлагын төвд “Эмээлтийн ойролцоо халиун буга гэмтсэн байна” гэсэн дуудлага наймдугаар сарын 13-ны 15.00 цагт ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүд очсон. Очоод дуудлага өгсөн иргэнээс энэ талаар тодруулахад “Хоёр халиун буга зам хөндлөн гарч байх үед хурдтай явж байсан машин сигналдсан. Сигналаас цочсон буга замын хажуу руу үсрэхдээ төмөр хашлага мөргөж нэг нь гэмтсэн” гэсэн. Ингээд амьтан судлаач мэргэжилтнүүд, цагдаагийн шуурхай эргүүл, иргэд олон нийтийн оролцоотойгоор гэмтсэн бугыг  авран хамгаалах ажил хийсэн. Халиун бугыг Баянзүрх дүүргийн XX хороонд мал эмнэлгийн байгууллагын хашаанд авчирч оношлоход дунд чөмөг нь мултарсан байсан. Одоо бугыг эмчлэн, асарч байна.

-Бугыг эдгэхээр хаана аваачих вэ?

-Одоогоор биеийн байдал нь гайгүй болж байна. Бүрэн эдгэхээр нь байгальд тавина.

-Нийслэлийн нутаг дэвсгэрт хэчнээн буга байдаг вэ?

-Хөхтөн амьтдын дунд тооллого  явуулсан. Нийслэлийн нутаг нутаг дэвсгэрт нэлээд тооны хөхтөн амьтан бий ч тэднийг хамгаалах үүднээс нарийн тоог хэлэх боломжгүй.

-Ховор амьтдыг хамгаалахын тулд ямар ажил хийж байна вэ?

-Бид амьтдыг аварч, хамгаалах олон ажил хийдэг. Тухайлбал, жил бүр биотехникийн арга авч өвс, тэжээл тавьж өгдөг. Энэ үйл ажиллагаа өгөөжөө өгч 2016 оны тооллогоор хөхтөн амьтан нэлээд өсөлттэй гарсан. Халиун буга нь ховор амьтны жагсаалтад ордог. Мөн Амьтны тухай хуулиар ногоон бүсэд амьтан агнахыг хориглодог. Амьтдыг хамгаалахын тулд манай 33 байгаль хамгаалагч тогтмол ажиллаж байгаа.

Ямар нэгэн амьтан бэртэж, гэмтсэн, тусламж хэрэгтэй байгаа харагдвал нийслэлийн Шуурхай удирдлагын төвд буюу 11-310005 дугаарын утсанд мэдэгдэж болох юм.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж