Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөлдөө өгөөд байгаа. Түүний оронд тус яамыг хэн толгойлох вэ гэсэн асуулт улс төрийн хүрээнийхний сонирхлыг татаж байна. МАН-ын Удирдах зөвлөл дээр хэд хэдэн хүний нэр яригдаж байгаа аж. УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх есдүгээр сарын 4-нд зарлах хуралдуулах тов яригдаж байна. Ээлжит бусаар зөвхөн Зам тээврийн хөгжлийн сайдыг томилох асуудлыг л хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн 60 тэрбумын асуудлыг ээлжит бусаар ярихгүй гэнэ.
Р.Буд
Тэрбээр УИХ-ын 2016 оны сонгуулийн дараагаас Зам тээврийн хөгжлийн төвийн даргаар ажиллаж байгаа. Авто замаар “овоглодог” тэрээр У.Хүрэлсүхтэй ч, М.Энхболдтой ч ойр дотно. Зам тээврийн салбарт шинэ хүн биш. Энэ салбарын сайн мууг бүгдийг нь мэднэ. Морь уях хоббитой.
Б.Цэнгэл
Монголын төмөр замын гүйцэтгэх захирлаар 2017 онд томилогдсон. Тэрбээр Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга, Тээврийн үйлчилгээний төвийн захирал, Авто тээврийн газрын дарга, Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд, Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. Зам тээврийн салбарт бас л шинэ хүн биш. Эрх зүйч мэргэжилтэй.
Ц.Цэнгэл
Экс сайд Ж.Бат-Эрдэнэтэй нэг нутгийнх. УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа Эрчим хүчний сайдаар яригдаж байсан ч БОАЖЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга дээр буусан. Эрчим хүчний инженер. Зам тээврийн салбарт мөн л шинэ хүн биш. Энэ салбарыг өмнө нь толгойлж байсан. Түүний CV-г харахад Дэд бүтцийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан байна.
Л.Энх-Амгалан
УИХ-ын дэд дарга. Түүний нэр зам тээврийн хөгжлийн сайдад сонсогдож буй. Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгаас УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон. Өнгөрсөн хугацаанд сайдын ‘давхар дээл’ өмсч байгаагүй. М.Энхболдын парламент дотроо л зангарагтай, эдийн засгийн мэдлэгтэй гишүүдийн нэгд тооцогддог. Гэхдээ Л.Энх-Амгалан гишүүний зүгээс өөрөө нэр дэвших бодолгүй, өрсөлдөхгүй байр суурьтай байгааг эх сурвалж хэлж байна.
Б.НАВЧ
Холбоотой мэдээ