Утаанд зарцуулах 58 тэрбум төгрөг урьдын түүхийг давтах вий

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

Утаанд зарцуулах 58 тэрбум төгрөг урьдын түүхийг давтах вий

Утаанд зарцуулах 58 тэрбум төгрөг урьдын түүхийг давтах вий

Цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалж, сэтгэл тэнэгэр алхсан зуны өдрүүд улирч, намрын сар гараад байна. өвөл гээч болохгүй юм шиг дээр, дооргүй налайж суух хооронд төлөвлөсөн олон ажил талаар болж байгаа жишээ ч цөөнгүй сонсогдов. Ирэх өвлийг утаа багатай өнгөрөөхөөр сэдсэн ажил ирэх сард эхлэх учиртай ч төрийн байгууллагуудын уялдаа холбоо муугаас нийслэлчүүдийн найдвар талаар болох шинжтэй. УИХ-ын хаврын чуулганы төгсгөлд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-очир ирэх өвөл агаарын бохирдол, утааг 50 хувь бууруулна хэмээн ам гарсныг нийслэлчүүд бүгд санаж байгаа. Тэр тусмаа нийслэлийн гэр хорооллын 120 мянган өрхийн янданд утааг бүрэн шатаадаг зуухны хүхээг, төхөөрөмж суурилуулахаар мөнгийг нь шийдсэн гэдгийг олон чих сонссон биз ээ. УИХ-ын, Засгийн газрын түвшинд судалж тооцоолон 120 мянган өрхийн янданд 200 ам.долларын утаа шүүгч төхөөрөмж худалдан авахаар захиалгаа өгчихсөн тухай холбогдох байнгын хорооны гишүүд, Засгийн газрын сайд нар ярьж байсан.

Утааг 50 хувь бууруулах яндангийн төхөөрөмж чанарын шаардлага хангах уу

Утаанд 24 сая ам.доллар зарцуулна гэдэг бага тоо биш. Хөрөнгийн эх үүсвэрийг БНХАу-ын зээл тусламж болон БНСУ-аас 0,2 хувийн хүүтэй зээлж байгаа 500 сая ам.долларын хөрөнгөөс гаргахаар болсон. Харин энэ ажлыг гардан зохион байгуулж, зунжин хуралдана гээд байсан УИХ-ын хоёр байнгын хороо ажин түжин. Харин ард иргэд өвлийн гашуун утааг мартаагүй л байна. Төрөөс дорвитой ажил хийж, агаарын бохирдол, утааг бууруулах арга хэмжээ авна гэдэгт найдсаар ирсэн нийслэлийнхэнд харин ирэх өвлийг янданд шүүлтүүр тавьж утааг бууруулна гэсэн шийдэл итгэл төрүүлэхгүй байгаа нь лавтай. Итгэл алдарсан шалтгааныг өнгөрсөн жилүүдэд утааны эсрэг тэмцсэн үйл явдлууд тодорхой харуулна. Өнгөрсөн жилүүдэд зуух яндантай зууралдсан олон ажил хийсэн боловч үр дүнд хүрч, итгэл төрүүлсэн гэрэл гэгээтэй жишээ алга. Татвар төлөгчдийн мөнгө, гадаадын зээл тусламжаар цөөн хүн олон “шахаа” сэдэж ашиг унагаснаас бус агаарын чанар, нийслэлчүүдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлсөн нь тун бага юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд агаарын бохирдол, утааг бууруулахад зориулж 751.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ их мөнгийг 175 мянган зуух тараах, 258 автобусыг дизель, хийн түлшээр хослуулах, 210 мянган тонн коксжсон нүүрс боловсруулах үйлдвэр барих гээд том төсөл, хөтөлбөрт зарцуулсан ч нүдэнд харагдаж, сэтгэлд хүрсэн үр дүн нэг ч алга. Гэрийн туурга бүрээс, үүдний амбаар, яндангийн дулаан баригч, шахмал түлшний поошиг зуух гээд элэг хөшөөх элдэв зүйл тараасан явдал ч бишгүй бий.

Одоо тараасан зуухнууд нь чанарын шаардлага хангахгүй, орчин нөхцөлдөө тохироогүйгээс айлд новш нэмж нүүрсний амбаарт нь хэвтэж л байна. Азийн хөгжлийн банкны хийсэн судалгаагаар 176 мянган өрхөд тараасан сайжруулсан зуухны 20-30 хувийг л ашиглаж байгаа гэсэн дүн гарчээ. Хүснэгтээс харахад л “Цэвэр агаар сан”- гийн хөрөнгийг хэрхэн үргүй зарцуулсныг тод илтгэчихэж байна. Олон жилийн туршлага зуух, яндантай зууралдаад зээл тусламж, татвар төлөгчдийн мөнгө л салхинд хийдэг гэдгийг өгүүлсээр байхад янданд дахиад шүүлтүүр суулгаж “мөнгө цохих” ухаан энэ төрөөс гарсан л юм даа. Янданд төхөөрөмж тавьж утааг бууруулах ажлын хүрээнд хоёр ч төхөөрөмжид хотын захиргааны мэргэжилтнүүд туршилт хийж үзжээ. Тэр туршилтаар өнөөх төхөөрөмж шаардлага хангаагүй аж. Эхнийх нь манай гэр хорооллын нөхцөлд хэрэглэж буй зууханд тохирохгүй төхөөрөмж гэдгээр тэнцээгүй бол удаах нь утаа, угаар алдаж дотор агаарыг үлэмж бохирдуулж байгаа аж.

  • Янданд төхөөрөмж тавьж утааг бууруулах ажлын хүрээнд авчирсан хоёр ч төхөөрөмжид хотын захиргааны мэргэжилтнүүд туршилт хийхэд шаардлага хангаагүй аж.
  • 58.8 тэрбум төгрөгөөр цахилгаан халаагуур тараахаас эхлээд эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах, цахилгааны хөнгөлөлтийг дэмжвэл илүү үр дүнд хүрэх тухай иргэд санал дэвшүүлж байна.
  • Утааг бууруулах ажлыг гардан зохион байгуулж, зунжин хуралдана гээд байсан УИХ-ын хоёр байнгын хороо ажин түжин, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо бүр таг чиг.

Ийм байдалтайгаар утааг 50 хувь бууруулах зорилтод тэмүүлбэл олон тэрбум төгрөг салхинд хийсэхийн сацуу иргэдийнхээ эрүүл мэндээр наадаад өнгөрөх нь. Нийслэлчүүд өвөлдөө гаднах утаанд хордож эрүүл мэндээрээ хохирдог байсан бол ирэх жил дотор угаартаа багтарч үхэх эрсдэл ч ойрхон байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаанд монгол гэрийн дотоод агаарын бохирдлын эх үүсвэрийг гадаад орчны агаарын бохирдлоос гадна нүүрстөрөгчийн дутуу исэл буюу дутуу шатсан нүүрс, түлшнээс үүдэлтэйг дурджээ. Өнгөрсөн жил ЭМЯ-ны судалгаагаар Баянхошуу орчимд амьдардаг хүүхдүүд бусдаас илүүтэй хордсон шалтгааныг ч үүнтэй холбон тайлбарласан. Мөн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар жилд дунджаар 3.8 сая хүн өрхийн агаарын бохирдлоос үүсэлтэй өвчнөөс болж нас бардаг. Үүний шалтгаан нь мод, нүүрсний дутуу шаталтаас өрхийн агаар бохирдож, хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлж буйг тогтоожээ. Ялангуяа ядуу буурай орны эмэгтэйчүүд хоол хийх үүрэгтэй холбоотойгоор уушгины үрэвсэл, уушгины архаг бөглөрөлт, уушгины хорт хавдраар өвчилдөг байна. Манай орны хувьд энэ төрлийн өвчлөл өндөрт тооцогддог. Үүн дээр шаардлага хангахгүй төхөөрөмж янданд суурилуулж зуух, яндангаас уугих утаа, угаар нэмэгдвэл өвчлөл ямар хэмжээнд хүрэх нь тодорхой. Төрийн зүгээс янданд төхөөрөмж тавьж утаатай тэмцэх шийдлийг иргэд илт эсэргүүцэж байгаа нь нийгмийн сүлжээнд хөврөх бухимдлаас тодорхой харагдана. Харин зуух, янданд зарцуулах 58.8 тэрбум төгрөгөөр цахилгаан халаагуур тараахаас эхлээд эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах, цахилгааны хөнгөлөлтийг дэмжвэл илүү үр дүнд хүрэхийг санал болгож байгаа юм. Улаанбаатар хотод цахилгаан эрчим хүчинд холбогдсон, гэрээ байгуулсан нийт 147.3 мянган гэр хорооллын хэрэглэгч бий. Гэр хорооллын нийт цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн 75 хувь хоёр тарифт тоолууртай бөгөөд 2017 онд 108378 хэрэглэгчийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 100 хувь, 38975 хэрэглэгчийг 50 хувь хөнгөлсөн. Энэ ажлыг үргэлжлүүлэхэд 2018-2020 онд 217,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж салбарын яамныхан тооцоолсон. Үүнд л янданд төхөөрөмж суурилуулснаас илүү үр дүн гарах нь дамжиггүй. Үүнийг л иргэд хүсэж, яндангаас “уугих” мөнгөний сонирхлыг үзэн ядаад байгаа шүү дээ.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж