ҮСХ: Хоёр иргэн ДОХ-ын халдвартай нь тогтоогджээ

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

ҮСХ: Хоёр иргэн ДОХ-ын халдвартай нь тогтоогджээ

ҮСХ: Хоёр иргэн ДОХ-ын халдвартай нь тогтоогджээ

Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн долдугаар сарын нийгэм, эдийн засгийн мэдээлэл хийлээ.

Статистик судалгаанаас харахад ажилгүйдлийн төвшин тогтмол буурч байна. Өнгөрсөн долдугаар сард танилцуулсан дүнгээр бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад ажилгүйдэл 3,2 хувиар буурсан гэж байсан бол энэ удаад 2,1 хувиар буурчээ. Статистик судалгаангаас иргэдийн хамгийн их дургүйцлийг хүргэдэг нэг  тоо бол өрхийн сарын дундаж мөнгө орлого юм.

Судалгаагаар боломжийн тоо гардаг ч бодит амьдрал дээр орлого өсөх нь битгий хэл өр зээл нэмэгдэж байгаад хүн бүхэн шүүмжлэлтэй ханддаг. Тэгвэл энэ удаагийн судалгаагаар мөн адил өрхийн орлого 56 мянган төгрөгөөр өссөн гэж гарчээ.

 

Одоогоор нэг өрхийн дундаж орлогыг 1,1 сая төгрөг гэж тооцож байна. Үүнд цалин хөлс 46 мянга, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 28,5 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн гэж өнөөдрийн мэдээлэлд онцоллоо.

Өрхүүдийн мөнгөн орлого, зарлагыг 2018 оны хоёрдугаар улиралын байдлаар  тоймлон хүргэхэд:

  • 300 мянган төгрөгөөс доош орлоготой 82,8 мянган өрх
  • 300-500 мянган төгрөгийн орлоготой 132,9 мянган өрх
  • 500-900 мянган төгрөгийн  орлоготой 255,7 мянган өрх
  • 2,1 сая төгрөгөөс дээш орлоготой 73 мянган өрх байна.

Энэ оноос эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Тодруулбал, шимтгэлийг 2018 онд 1,0 хувиар нэмэх, 2019, 2020 онд тус бүрт нь 2,0 хувиар үе шаттайгаар нэмж нийт таван пунктээр өсгөх аж.

2018 онд хувь хүний төлөх шимтгэлийг 1,0 хувиар нэмэхэд 600 мянган төгрөгийн цалинтай хүний шимтгэл сардаа 6000 орчим төгрөгөөр нэмэгдэх юм байна. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан үзүүлэлт сар бүр нэмэгдсэн дүнтэй гарч байна. Тухайлбал, долдугаар сарын Нийгмийн даатгалын сангийн орлогыг өмнөх оны мөн үетэй харьцуулах 132,3 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Гэхдээ орлогоо дагаад зарлага ч өссөн дүнтэй байгаа юм. Зарлага нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн зарлага, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага өссөн нь нөлөөлжээ.

Энэ мэтчилэн эдийн засгийн үзүүлэлт сайжирч байна. Үүнд:

  • ДНБ энэ оны эхний хагас жилд 15,2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2,1 их наяд төгрөгөөр өсчээ.
  • Төсвийн орлого эхний долоон сарын байдлаар 291,3 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Сануулахад өнгөрсөн оны эхний долоон сарын үзүүлэлт 589,4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан байна.    
  • Монгол Улс 2018 оны эхний долоон сард 143 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7,4 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспортын хэмжээ 4,1 тэрбум ам.доллар болж байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1,5 тэрбум ам.доллараар өссөн байна.

Харамсалтай нь хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас дахиад л 0,5 хувиар өслөө. Өнгөрсөн сард танилцуулсан статистик судалгаагаар мөн л 0,5 хувиар өссөн дүнтэй гарч байсан юм. Үнэ ханш буурахгүй байгаа шалтгаан нь төмс хүнсний ногоо,  сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний үнээс хамаарч байгаа аж. 

ДОХ-ын халдвар авсан хүний тоо хоёроор нэмэгджээ

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2018 оны долдугаар сард 24928 болж, өмнөх оны мөн үеэс 12,8 хувиар буурчээ. Харин цусан суулгаар өвчлөгчид 1471 буюу 88,9 хувиар өссөн байна. Мөн гонококкт халдвараар өвчлөгч 366-аар, трихомониазаар өвчлөгч 128-аар, тэмбүүгээр өвчлөгч 174-өөр, мөөгөнцрөөр өвчлөгч 22-оор өссөн байна. Улаанбаатар хотод 2018 оны долдугаар сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 264 болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж