Улсын комиссынхноор замаа төлүүлье

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

Улсын комиссынхноор замаа төлүүлье

Улсын комиссынхноор замаа төлүүлье

Авто замын компаниуд Монголын ч, Хятадын ч хөрөнгө оруулалттай байсан ялгаа алга. Барьсан зам болгон нь бороонд эвдэрч, араас нь засвар хийхээс аргагүйд хүрч байна.

Жишээ татвал, ердөө хоёр жилийн өмнө ашиглалтад хүлээн авч байсан Дарь-Эхийн зам борооны усанд эвдэрч сүйдсэн тул засах боллоо.

Баянзүрх дүүрэгт харъяалагдах уг замыг Хятадын хөрөнгө оруулалттай компани эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр өөрийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулжээ. Нийт 12.7 км зам барьсан. Гэвч зам барьж байж, үер, уснаас хамгаалсан далан суваг, ус зайлуулах шугам тавиагүй нь зам эвдэрч сүйдэх гол шалтгаан болжээ.

Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Алагаагийн өгсөн мэдээллээр Дарь-Эхийн дунд буудлын орчимд үүссэн авто замын эвдрэлийг засахаар хоёр бригад гаргажээ. Нийтдээ 3.5-4 мянган МКВ талбайд нөхөн сэргээлт, засвар хийнэ. Эхний ээлжинд авто машин саадгүй зорчих нөхцөлийг хангана. Бороо орохгүй байвал ажил саатахгүй, ирэх долоо хоног гэхэд засвар, нөхөн сэргээлтийн ажлыг дуусгана. Өчигдрийн байдлаар нүхэн эвдрэл гарсан хэсгүүдэд дайргаар дүүргэлт хийжээ.

Уг нь барьсан авто зам бүрийг шаардлага хангаж байна уу гэдгийг улсын комисс шалгасны эцэст хүлээж авах эсэхээ шийднэ. Чанаргүй баригдсан, ажил нь дутуу бол шаардлагаа тавиад сайжруулах, гүйцээж хийлгэх бүрэн эрх улсын комисст бий. Гэтэл үер уснаас хамгаалах суваг, шуудуу нь баригдаагүй замыг улсын комисс хүлээгээд авчихсан. Эцэст нь нийслэлчүүд л горыг нь эдэлж, цөмөрсөн замд осолдчихгүйг хичээн, автомашинтайгаа мөлхөцгөөж байна.

Хамгийн уршигтай нь дутуу дулимаг болон чанаргүй баригдсан авто замаас болж, дахин хөрөнгө, хүч шаардахаас гадна эрдэнэт хүн амь насаараа хохирдог. Өөрөөр хэлбэл, нэг нь зам барьсан болж, нөгөө нь араас нь нөхөөс тавьдаг энэ тогтолцоог өөрчлөөгүй цагт хохирлыг нь монголчууд амь нас, хөрөнгө мөнгөөрөө төлсөөр байна гэсэн үг.

Ер нь тэгээд Дарь-Эхийн замыг Хятадын хөрөнгө оруулалттай компаниар төлүүлье гэж шаардлага тавьж яагаад болохгүй гэж… Энэ шаардлага зөвхөн Хятадын хөрөнгө оруулалттай компанид хамаатай бус авто зам барьж байгаа бүх компаниудад ч тавих болсон.

Ашиглалтад хүлээн авснаас хойш хэдэн жилийн хугацааны баталгаа олгов, тухайн баталгаа олгосон хугацаанд авто зам эвдэрвэл гүйцэтгэгч нь хөрөнгөө гаргаад засдаг байх баталгааг бий болгохгүй бол эргэн төлөгдөх нөхцөл, зээл нэрийн дор чанаргүй барилга, авто замууд баригддаг жишиг бий боллоо.

Монголд зун болдог, зун болгон бороо ордог гэдгийг мэдсээр байж, үер, уснаас хамгаалсан далан суваг, ус зайлуулах шугамгүй авто замыг улсын комисс хүлээж авна гэдэг бол хоноцын сэтгэлээр л хандсан хэрэг шүү дээ. Одоо эдгээр хүмүүс хариуцсан ажилдаа эзэн болмоор байна. Төрд алба хашиж байж, эх орныхоо эсрэг ажилладагаа боль. 

Улсын комиссынхны хүлээж авсан барилга, авто зам нь чанаргүй байгаа тохиолдолд эргээд хариуцлага хүлээх ёс зүйтэй болох цаг нь болжээ.

Монголд чанартай авто зам баривал 20 жил болоход нэг ч удаа урсгал засвар шаардахгүй гэдгийг батлан харуулж байгаа авто зам бол Нарны зам. Япончуудын барьсан авто зам 20 жил болсон ч нэг ч урсгал засвар ороогүй байгаа шүү. 

Г.ХОРОЛ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж