Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийхэд 100 өдөр үлдлээ. Ирэх зургадугаар сарын 11-ний өдөр Мексик улсын нийслэл Мехико хотын Азтека цэнгэлдэхэд нээлтийн тоглолт эхэлнэ.
АНУ, Мексик, Канад гэсэн гурван улс хамтран зохион байгуулж буй энэ удаагийн ДАШТ-д 48 улсын шигшээ баг оролцоно. Багуудын нэрс эцсийн байдлаар гуравдугаар сард бүрэн тодрох учиртай.
23 дахь удаагийн дэлхийн аварга нь түүхэндээ хамгийн урт үргэлжлэх, хамгийн олон баг оролцох гэх зэрэг олон онцлогтой.
Ирэх дэлхийн аваргатай холбогдуулан арван баримтыг хүргэе.
Нээлтийн тоглолтод Мексик талбайдаа Өмнөд Африкийн эсрэг тоглоно
Азтека цэнгэлдэхэд зургадугаар сарын 11-ний өдөр Мексикийн шигшээ баг Өмнөд Африкийг хүлээн авч, тоглоно. Тус цэнгэлдэх өмнө нь 1970 болон 1986 оны дэлхийн аваргыг хүлээн авч байсан түүхтэй.

Анх удаа 48 баг оролцоно
1998 оноос хойш 32 улсын шигшээ баг дэлхийн аваргад оролцдог байсан бол энэ удаад түүхэндээ хамгийн олон буюу 48 баг оролцоно. Ингэснээр нийт 104 тоглолт болж, шөвгийн 32 багийн хасагдах шатны тоглолт болно.
Анх удаа 3 улс хамтран зохион байгуулна
2026 оны дэлхийн аваргыг АНУ, Мексик, Канад гэсэн гурван улс хамтран зохион байгуулна. Түүхэндээ анх удаа гурван улс хамтарч байгаа нь энэ. Өмнөд Америкийн 16 хотод тоглолтууд болохоос АНУ-ын 11, Мексикийн 3, Канадын 2 хот тус тус бий.
Багуудын нэрс 3-р сард бүрэн тодорно
Одоогоор Европ тивийн дөрвөн эрх, бусад тивийн зургаан эрхийн төлөөх тоглолтууд үлдсэн. Эдгээр эрхийн эзэд гуравдугаар сард плей-оффын тоглолтоор тодорно.
Дөрвөн багтай 12 хэсэг бий
48 багийг дөрөв, дөрвөөр нь 12 хэсэг хуваасан. Хэсэг тус бүрийн багууд эхний шатандаа гурван тоглолт хийнэ. Хэсгээ тэргүүлсэн тус бүр хоёр баг шууд хасагдах шатанд шалгарах бол гуравдугаар байрт орсон хамгийн өндөр амжилттай найман баг дараагийн шатанд шалгарна.
Мексик улс гурав дахь удаагаа дэлхийн аваргыг хүлээн авна
Мексик улс хөлбөмбөгийн дэлхийн аваргыг гурван удаа зохион байгуулсан анхны улс болох гэж байна. Тэд өмнө нь 1970 болон 1986 оны дэлхийн аваргыг хүлээн авсан түүхтэй.

Финалын тоглолт Нью Жерсид болно
Долдугаар сарын 19-ний өдөр АНУ-ын Нью Жерсигийн "Metlife" цэнгэлдэхэд финалын тоглолт болно. 82.5 мянган хүний суудалтай тус цэнгэлдэх нь NFL-ийн Нью Йорк Жиантс, Нью Йорк Жетс багуудын гэр юм.

Аргентин аваргаа хамгаалахаар айсуй
Өнгөрсөн дэлхийн аварга Аргентин улс аваргаа хамгаалах аялалдаа гарна. Хамгийн сүүлд Бразилын шигшээ баг 1958, 1962 онуудад дараалан түрүүлсэн билээ. Түүнээс өмнө Италийн шигшээ баг 1934 болон 1938 онуудад түрүүлж байв.
Олон шигшээ баг анхны дэлхийн аваргадаа оролцоно
Кабо Верде, Курасоа, Узбекистан, Йордан зэрэг улсууд анх удаагаа дэлхийн аваргад оролцоно. Мөн энэ гуравдугаар сарын плей-оффын тоглолтуудаас шалтгаалж, энэ тоо нэмэгдэх боломжтой.
Түүхэн дэх хамгийн том дэлхийн аварга болох боломжтой
48 баг, 104 тоглолт, 16 хот гээд энэ удаагийн дэлхийн аварга хамгийн өргөн цар хүрээ, урт удаан үргэлжлэх наадам болох шинжтэй. Зохион байгуулагчид ч түүхэн дэх хамгийн өндөр үзэлттэй спортын наадам болно гэж буй.
3,576.02






















































Холбоотой мэдээ