Онгоцны үйлчлэгч, үнэт эдлэлийн дархан бэлтгэнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

Онгоцны үйлчлэгч, үнэт эдлэлийн дархан бэлтгэнэ

Онгоцны үйлчлэгч, үнэт эдлэлийн дархан бэлтгэнэ

Ердөө 20 хүрэхгүй хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлнэ. Оюутан залуус хичээлийн бэлтгэлээ хангаж эхэлсэн бол зарим нь ямар мэргэжил сонгохоо, аль сургуульд суралцахаа шийдэж амжаагүй байж болох юм. Тэдний сонголтод нэмэр болох нэгэн үйл явдал өчигдөр /2018.8.14/ боллоо. Энэ бол Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн Мэргэжил сурталчлах нээлттэй өдөрлөг юм. Тус коллеж  нь тогооч, гоо засалч, оёдолчин зэрэг мэргэжлийн анхан шатны боловсрол олгохоос гадна үнэт эдлэлийн дархан, болон онгоцны үйлчлэгчийн ангид шинээр элсэлт авч буйгаараа онцлог аж. Сургуулийн сургалтын албаны менежер П.Золзаяагаас энэ талаар тодрууллаа.  

-Онгоцны үйлчлэгч болон үнэт чулуун эдлэлийн дарханы анги тун сонирхолтой санагдлаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Мэргэжил сурталчлах өдөрлөгийг манай сургууль сүүлийн гурван жил зохион байгуулж, сонирхсон хүмүүст энэ талаар мэдээлэл өгч байна. Өдөрлөгт ирснээр залуусын бүтээсэн зүйлийг харж, тэндээс урам зориг авч, багш нараас мэдээлэл, чиглэл авах боломжтой. Манай коллеж 52 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн политехник коллеж. Одоогоор манайх 33 мэргэжлээр 1700 мэргэжилтэй ажилтан бэлтгэж байна. Мэргэжилтэй ажилтныг гурван түвшинд бэлтгэдэг. Мэргэжлийн анхан шатны боловсролыг нэг жилээр насанд хүрэгчид болон боловсролын түвшин харгалзалгүйгээр олгодог. Хоёрт, техникийн мэргэжлийн боловсролыг бүрэн дунд боловсролтой цуг олгоно. Мөн бүрэн дунд болон техникийн боловсролтой  хүнийг 1.5 жилээр дэвшүүлэн суралцуулдаг.  

Үнэт эдлэлийн дарханы анги зөвхөн манай коллежид байгаа. Манайх Германы “GIZ” төслөөр урлагийн мэргэжил тэр дундаа үнэт эдлэлийн дарханы тоног төхөөрөмжтэй болсон. Техникийн боловсролын ангид энэ мэргэжлээр жил бүр элсэлт авч байгаа бол есдүгээр ангиа төгсч байгаа хүүхдүүдээс нэг жил өнжөөд элсэлт авна. Уг ангид суралцсанаар ээмэг, бугуйвч, бөгж зэрэг гоёл чимэглэлтэй холбоотой зүйлийг хийж сурах юм.

Энэ жилээс эхлэн онгоцны үйлчлэгчийн ангид элсэлт авч байна. Онгоцны үйлчлэгч бэлтгэдэг манайхаас өөр газар хоёр байдаг байх. Манайх “1+1” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Ханьян эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран ажилладаг. Энэ хүрээнд манай коллежийн онгоцны үйлчлэгчийн ангид нэг жил сурч, хэлний бэлтгэлд суугаад БНСУ-д дадлагын хичээл үзэх юм. Ингэснээр мэргэжлийн үнэмлэхтэй төгсөхөөс гадна БНСУ-ын техникийн боловсролын дипломтой төгсөх юм. Дараа нь тус мэргэжлээрээ БНСУ-ын их сургуульд II, III дамжаанд элсэн суралцах боломжтой. Энэ ангид бүрэн дунд боловсролтой охид суралцах боломжтой. Анги 15 суралцагчтай байх юм. Бүртгэл энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ.  

-Танай  коллежийг төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байртай болж байна вэ. Мөн онцлог нь юу вэ?

-Манайх дадлагад суурилж сургалт явуулдаг. Мөн 250 оюутны дотуур байртай. Энэ жил есдүгээр ангиа төгсч байгаа хүүхэд тус байранд үнэ төлбөргүй амьдарна. Техникийн боловсролын ангид суралцаж байгаа оюутан “1+1” болон “Оюутан солилцоо”-ны хөтөлбөрт хамрагдах боломжтой. Манай төгсөгчдийн 64 хувь нь ажлын байртай болдог.

Их, дээд сургуульд төгсөгчдийн 79 хувь нь мэргэжлээрээ ажиллаж чаддагүй

Сонирхуулахад, Герман, БНСУ, Япон зэрэг дэлхийн ихэнх орон  хөгжлийн гол гарцаа хүн бүр ажилтай, орлоготой байх хэмээн үзэж, онол, практикт суурилсан боловсрол олгодог. Энэ хүрээнд долоо хоногийн гурван өдөр нь үйлдвэр дээр дадлага хийж, хоёр өдөр онолын мэдлэгээ баталгаажуулдаг байна. Харин манай улсад ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 80 хувь нь их, дээд сургуульд элсдэг ч, их сургуулиа төгссөн жилдээ 79 хувь нь мэргэжлээрээ ажиллаж чаддаггүй юм. Гэтэл үйлдвэрт нарийн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байдаг. Тиймээс МСҮТ, политехник коллежид суралцсанаар шууд ажлын байртай болох боломжтой юм. Өнгөрсөн хичээлийн жилд улсын хэмжээнд 85 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 35.8 мянган суралцагч суралцжээ. Сүүлийн гурван жилийн тоон мэдээллээс харахад тус байгууллагуудыг жил бүр 19.5 мянга орчим  залуус төгсдөг аж. Тэдний 46-55 нь ажлын байранд шууд зуучлагддаг бол 8-10 хувь нь их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцдаг байна. 

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж