Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт наймдугаар сарын 12-ны өдөр усархаг аадар бороо орсны улмаас үер бууж, айл өрхүүд усанд автаж, орон гэргүй болсон юм. Нийт 10 айл үерт өртсөн бөгөөд Дорноговь аймгийн нутгийн зөвлөлөөс хоёр давхар бүрээстэй, иж бүрэн тавилгатай гэрийг өчигдөр хүлээлгэн өглөө.
Ч.Анхбаяр хоёр хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. Тусдаа гараад тэрбээр зургаан жил болж байгаа аж. Шөнө унтаж байх үед нь буюу 02 цагийн орчимд гэр нь үерт автжээ. Яарч сандарсан тэрбээр хүүхдүүдээ уснаас зайлуулж орон дээрээ гаргаад хувцасыг нь өмсгөх зуургүй л үерт автсан байна. Энэ тухайгаа тэрбээр “Байгалийн гамшиг гэдэг аюултай зүйлийг биеэрээ тууллаа. Гэрт үер орж ирсэн тэр шөнө эхнэр бид хоёроос гадна эгч, дүү нарын хүүхдүүд нийлээд долоон хүүхэд манайд унтаж байсан. Бид үерээс амьд гарахаа л бодож өмссөн хувцастайгаа л гарцгаасан. Бүх зүйл 3-4 минутын дотор л болж өнгөрсөн. Бичиг баримтаа эмх цэгцтэй нэг дор байлгах хэрэгтэй гэдгийг ойлголоо. Гэрээсээ бид бичиг баримтаа ч авч чадаагүй. Өмссөн хувцастайгаа үлдсэн. Бид хамаатныдаа амьдарч байгаа. Сумын удирдлагууд хурдан шуурхай арга хэмжээ авч, гэртэй болгож өгсөнд баярлаж байна” гэв.
Өндөр настан Д.Эрдэнэбилэг:
Гэр, хашаагаа үерт алдсан ч гэлээ өөрөө амьд гарсандаа баярлаж байна. Үер болсон шөнө гэртээ ганцаараа байсан. Хоромхон зуур болж өнгөрсөн. Гэрээр ус дүүрэнгүүт нь дүү рүүгээ утасдаж хэлтэл машиндаа ороод хүлээж байгаарай гэв. Гэтэл тэр хооронд машиндаа зүүрмэглэчихэж. Нэг сэртэл машины дотор тал дүүрэн ус. Сандараад бичиг баримтаа атгаад усны зах руу гарсан. Дүү маань ч ирсэн байсан. Намайг бага байхад бороо хур элбэг үед борооны ус манай суманд тогтдог байсан. Үер ус нь гайгүй байлгүй дээ гэж бодож явснаас өөрийн биеэр туулна гэж зүүдэлсэнгүй явлаа. Ус, галын аюулаас сонор сэрэмжтэй байгаарай гэдгийг үр хойчдоо захиж байя. Байгалийн гамшиг гэдэг хэлж ирдэггүй, хийсч ирдэг зүйл.
Айраг сумыг тойроод хотгор газруудад нь 6-7 хиймэл нуур тогтжээ. Тус тогтсон усыг соруулаад гадагш нь урсгах боломжгүй аж. Учир нь тойроод засмал зам, төмөр зам, Бор-Өндөрийн төмөр зам гээд газар зохион байгуулалтын хувьд хүндрэлтэй бүс нутаг гэдгийг иргэд нь хэлж байна. Одоогийн Айраг сумын нутаг дэвсгэр дээр үед Олон нуурын хотгор гэдэг нэртэй байжээ. 1954 онд Айраг өртөө байгуулагдсанаар Айраг сумыг одоогийн байрлаж буй газарт нүүлгэн шилжүүлсэн түүхтэй аж.
Онцлоход, байшин нь үерт автсан, эд хөрөнгөөрөө хохирсон таван өрхөд тус бүр нэг сая төгрөгийн тусламж үзүүлэв. Монголын Улаан Загалмай нийгэмлэгээс үерийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад 1.2 сая төгрөгийн 22 хос усны гутал, 10 ширхэг цув, гамшигт өртсөн 20 өрхөд 3,9 сая төгрөгний 20 ширхэг гал тогооны иж бүрдэл, 40 ширхэг дулаан хөнжил, 40 хос хүүхдийн гутлыг олгосон гээд хандив үл тасарна.