Тугаа шатаачихаад тулалдаанд орох уу?

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Тугаа шатаачихаад тулалдаанд орох уу?

Ойрын үед Ардчилсан намынхан өөр хоорондоо тун ч таарамж муухан байх шиг. Ардчилсан хүчний холбооныхон намын даргаа авч хаях болон Ардчилсан намыг Засгийн газраас гаргахын тулд нам дотроо биш намынхаа гаднаас дайтаж эхлэв. Хөдөөгүүр явж, дэмжигчдээ цуглуулж, ухуулга сурталчилгаа явуулж. Намын гишүүнчлэлийг үл харгалзах энэхүү холбоонд МАХН-ын гишүүд ч орж болох гэнэ. Тэд хамтарсан Засгийн газрын гүйцэтгэх үүрэг дууссан тул Ардчилсан нам одоо шалавхан засгаас гарах нь ирэх 2012 оны сонгуульд тус нам ялах ганц шанс гэж “төлөг”-дөж байгаа. Хачирхалтай нь тэд үүнийгээ намынхаа даргад биш, огт өөр хүмүүст яриад яваад л гол учир байгаа юм.

Тэдэнд саяхан Улсын баатар Э.Бат-Үүл хариулт өгчээ. Ингэхдээ  МАХН Ардчилсан намтай хамтарсан нь шүүмжлэлээс зугатах гэсэн л арга бааш байсан, Ардчилсан нам Засгийн газраас аль болох хурдан гарах хэрэгтэй гэдгийг хэлсэн байна лээ. Гэхдээ энэ шийдвэрийг намын удирдах дээд байгууллага буюу ҮЗХ гаргах ёстой юм. Тэгээгүй тохиолдолд Э.Бат-Үүл гэдэг хүн Н.Алтанхуяг даргад хувь хүнийхээ байр суурийг л илэрхийлэхээс өөр аргагүй, намын шийдвэрийг дагана гэсэн байна лээ. Яагаад гэвэл хамтарсан Засгийн газар байгуулах МАХН-ын саналыг тухайн үеийн Ардчилсан намын ҮЗХ олонхиороо шийдсэн учраас тэр. Харин Ардчилсан хүчний холбооны одоо явуулж байгаа үйл ажиллагаа, Ардчилсан нам руу хийж байгаа дайралт зэрэг нь яг одоогийн нөхцөлд МАХН-д урвасантай адил гэдэг санааг л хэлж. Ялангуяа Ардчилсан нам Засгийн газраас гарах хэрэгтэй гэж шахаж байгаа хүмүүс үүний дараа өөрсдөө Засгийн газарт гүйгээд орчих юм биш биз, урьд өмнө ийм түүх олонтаа давтагдаж байсан. Тэр тусмаа АХХ-ныхноос хэнээс нь ч асуухад “Бид Засгийн газарт орохгүй” гэсэн баталгаа гаргаж чадахгүй байна гэдгийг ч Э.Бат-Үүл ний нуугүй хэлсэн байна.

Энэ мэтээс улбаалан хэвлэл мэдээллийнхэнд ч, олон нийтийн хувьд ч “Ардчилсан нам хоёр хуваагдлаа. Н.Алтанхуяг даргатай нэг нам, З.Энхболд даргатай нэг нам болж байна” гэсэн хандлага бий болоод байгаа. Ялангуяа УИХ-ын чуулганы завсарлагаар Ардчилсан намын дарга нар намынхаа анхан шатыг сонсох, АХХ-ны нөхдүүд Ардчилсан намыг шинэчлэхээр давхар давхар аянд мордож, бие биенийхээ өмнө хойно орон хөдөөд чуулга уулзалтуудаа хийсний дараа. Ингэхээр Ардчилсан намд ямар нэг хэмжээгээр хагарал бий болжээ гэсэн үг. Ялангуяа 2008 оны сонгуулийн дараа Ардчилсан намын удирдлагыг өөрчлөхөд Н.Алтанхуягтай хамт намын даргад өрсөлдөж ялагдсан, магадгүй дараагийн намын дарга байж болох магадлалтай гэж үнэлэгдэж байсан З.Энхболд гэдэг хүн олон нийтийн байгууллага байгуулчихаад намаа шүүмжлээд явах нь тийм ч их утга учиртай харагддаггүй.

Сүүлийн үед тус холбооны дэд тэргүүн  Д.Ганхуяг, С.Эрдэнэ нар гарч ирэн хамтарсан Засгийн газар болоод Ардчилсан намын удирдлагуудыг шүүмжилж эхлэв. Холбооны дэд тэргүүний сонгуультай хүмүүсийн хийж байгаа элдэв мэдэгдлүүдийг АХХ-ны албан ёсны байр суурь гэж үзэхээс өөр арга байхгүй. Ялангуяа Нийслэлийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ сүүлд өгсөн ярилцлагадаа “Хамтарсан Засгийн газрыг хаацайлж байгаа Э.Бат-Үүл өөрөө урвагч” гэж шулуухан хэлсэн нь олон нийтэд багагүй цочрол өгсөн байх.

Өнгөрсөн 20 жилийн түүхийг харахад Ардчилсан нам үргэлж л дотооддоо элдэв зөрчил тэмцэлтэй явж ирсэн. Үүнийгээ “улс төрийн нам амьд, ардчилалтай байгаагийн шинж” гэж хамгаалсаар ирсэн ч үр дүнд нь УИХ-ын таван удаагийн сонгуулиас дөнгөж нэгд нь л ялалт байгуулсан байдаг юм. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам улс төрийн нам, байгууллагынхаа хувьд хэзээ ч МАХН-ыг давж гарч байгаагүй, тийм сахилга бат, зохион байгуулалт байгаагүй гэсэн үг. Үнэн хэрэгтээ Монголын төрийн эрх мэдлийг 13 жил ээлжгүй эзэлсэн Н.Энхбаяр улстөрч Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн, дараа нь нэг дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвших эрхээ авч чадаагүй нь ч гэсэн санамсаргүй зүйл биш, намын бүх шатанд нарийн зохион байгуулагдсан зүйл байсан билээ. Хувь хүн өөртөө хэмжээгүй их эрх мэдлийг төвлөрүүлэх нь ямар үр дүнд хүргэж болох вэ гэдгийг л бүхэл бүтэн намаараа зохион байгуулалтад орж анхааруулга өгсөн хэрэг биз.

Харин Ардчилсан намынхан хэдийчинээ хоорондоо хэрэлдэнэ, төдий чинээ бусдын идэш болсооор ирсэн нь гашуун үнэн. Ялангуяа сонгуулийн мөчлөг талдаа орчихоод, 2012 оны сонгуулийн гараа зурж эхлээд байгаа энэ үед. Үнэндээ бол Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нарыг харьцуулах шаардлага байхгүй. Э.Бат-Үүл гэдэг хүн өнгөрсөн он жилүүдэд ардчиллын үнэт зүйл, Ардчилсан намын имижийг тодорхой хэмжээгээр тээж ирсэн, одоо ч тээж яваа улстөрч. Үүнтэй маргах хүн олон гарахгүй. Улааныг харж урваж шарыг харж шарвадаг ч хүн биш. Ардчиллын, ардчилсан намын туг нь гээд хэлчихэд буруудахгүй. Харин тэр тугаа шатаачихаад тулалдаанд орвол танай нам ялах уу, С.Эрдэнэ дарга аа? Ингэхээр хэн нь урвагч байна даа. 

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж