В.Путин, А.Меркель нарын "болзоо" товлогдлоо

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

В.Путин, А.Меркель нарын "болзоо" товлогдлоо

В.Путин, А.Меркель нарын "болзоо" товлогдлоо

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Герман улсын ‘Төмөр Хатагтай’ гэгдэх канцлер Ангела Меркель нар ирэх бямба гаригт буюу наймдугаар сарын 18-ны өдөр уулзахаар болжээ. Албан ёсны уулзалт Герман улсын нийслэл Берлин хотоос зайтай орших Мессэбэрг ордонд болох бөгөөд Балтын тэнгист тавигдах байгалийн газны хоолойгоос гадна өөр олон тулгамдсан асуудлын талаар хэлэлцэх аж. Уулзалтаар ОХУ болон Германыг холбох байгалийн газ дамжуулах хоолой “Nord Stream 2” төслийн тухай нарийвчлан хэлэлцэх тухай Меркелийн төлөөлөгч Стеффэн Сэйберт сэтгүүлчдэд өнгөрсөн даваа гаригт /2018.08.13/ мэдэгджээ.

“Nord Stream 2” төсөл нь ОХУ-аас Балтын тэнгис хөндлөн гаталж Герман улсын зүүн бүс нутгуудад байгалийн хий дамжуулах том бүтээн байгуулалт юм. Нэг ёсны ОХУ Герман улсад шууд байгалийн хий экспортлох боломж бүрдэнэ гэсэн үг. Гэвч энэ төсөл нь АНУ болон зарим зүүн Европын улс орнуудын эсэргүүцэлтэй тулгарсан. АНУ-ын Засгийн газар гарч болзошгүй аюулаас урьдчилан сэрэмжилж хориг хүртэл тогтоохоо мэдэгдсэн юм. Өнгөрсөн сард болсон Бельги улсын Брюссель хотноо Умард атлантын гэрээний байгууллагын /НАТО/ чуулга уулзалтад АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Герман бол Оросын хоригдол” хэмээн шүүмжилсэн удаатай. Учир нь ерөнхийлөгч Дональд Трамп Герман улсыг ОХУ-аас хамгаалах үүрэгтэй гэвч Герман ОХУ-тай тэрбум ам.долларын ашигтай гэрээ байгуулж байгаад шүүмжлэлтэй ханджээ.

“Үүнийг НАТО шалгах ёстой. Орос Германыг удирдаж байна шүү дээ” гэж Дональд Трамп мэдэгдсэн байна.

Герман улс Украины нутаг дэвсгэрээр дамжуулж байгалийн хий дамжуулах хоолойг байгуулах сонирхолтой байгаа аж.

Мөн улс төрийн ажиглагчид Герман, ОХУ-ын удирдагчид Сири улсын нөхцөл байдлын талаар хэлэлцэж магадгүй хэмээн таамаглаж байна. Гэвч зарим ажиглагчид Путин, Меркель нар АНУ-ын гаргасан хоригийн талаар санал бодлоо хуваалцаж хариу арга хэмжээ авах талаар хэлэлцэх болно гэж үзжээ. АНУ Герман болон ОХУ-ын төмөрлөгийн үйлдвэрлэл, худалдаанд хориг тавьсан бөгөөд саяхан Турк улсад тогтоосон хориг нөлөөлж магадгүй хэмээн эмээж байгаа аж.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Германы канцлер Ангела Меркель нар өнгөрсөн тавдугаар сард Сочи хотноо уулзаж байжээ. ОХУ болон Герман улсуудын хамтын харилцаа холбоо сайн өөр олон зүйл дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаа талаар төрийн эрх баригчид урьд нь мэдэгдэж байсан юм.

Г. Батмандах
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж