Төмөр замаа шинэчлэхгүй бол дахиад ч осол гарах эрсдэлтэй

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

Төмөр замаа шинэчлэхгүй бол дахиад ч осол гарах эрсдэлтэй

Төмөр замаа шинэчлэхгүй бол дахиад ч осол гарах эрсдэлтэй

Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт наймдугаар сарын 12-ны өдрийн 01.35 цагаас эхлэн усархаг аадар бороо орсны улмаас үер бууж Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 747 дахь км (Цомог-Айраг өртөө хооронд)-т төмөр замын суурь бүтэц үерийн усанд автсан. Үүний улмаас 286 дугаартай галт тэрэгний хоёр зүтгүүр, зорчигчийн гурав, тээшийн нэг галт тэрэг осолдсон тул тухайн чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаасан билээ. Өчигдөр өглөө  09.00 цагийн үед биднийг очиход сэргээн босголтын багийнхан хэдийнээ ажлаа гүйцэтгэж, эвдэрсэн зам засварын ажлыг бүрэн дуусгаж галт тэрэг нэвтрэх хөдөлгөөнийг саадгүй болгосон талаар албанынхан хэлж байв.  Үерийн улмаас хоёр зүтгүүр, зорчигчийн гурав, тээшийн нэг галт тэрэг осолджээ. Тэдгээр осолдсон вагоныг ослын газраас холдуулж зөөхөд бэлтгэх ажлыг энэ үеэр хангаж байлаа.

Осолдсон хоёр зүтгүүрийн нэг нь л гэхэд 135 тонн жинтэй бол манай улсад байгаа ганц өргөгч кран нь 125 тонн хүчин чадалтай учир ОХУ-аас нэмж 125 тонн кран тусламжаар ирж  осолдсон зүтгүүр, вагоныг хоёр талаас нь өргөж Айраг сум руу зөөх ажиллагаа өчигдөр хийгдлээ.

Ингэхдээ галт тэрэгний хөдөлгөөнд саад болохгүйгээр  зөөх ажиллагааг гүйцэтгэв.

Осолдсон хоёр загал зүтгүүрийн тухайд 1990 оны үед  ОХУ-д ашиглаж байсан бааз суурин дээр угсарч  Монголын төмөр замын инженерүүд зохион бүтээж байжээ. Сэргээн босгох ажиллагаанд дотоодын хүн хүч болон  ОХУ-аас ирсэн сэргээн босгох галт тэрэгний тусламжтайгаар бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Үерт өртсөн галт тэрэгний замыг завсарлахад 7 мянга гаруй метр куб газар шорооны ажил хийгджээ. Замын чулуу, хайргыг өөрийн үйлдвэр болох “Чулуун завод”  үйлдвэрээс тээвэрлэж авчирсан бол шороог орон нутгаас  авч замын суурийг нь  засчээ. Монгол Улсын хэмжээнд 400 км гаруй төмөр замын дэр мод муудсан солих шаардлагатай байгаа гэдгийг  төмөр замчид онцолж байлаа.

Айраг өртөө нь 1954 онд байгуулагдаж өртөөг дагасан суурьшлын бүс болох сумын төв баригджээ.  Тус суманд сүүлийн 30 гаруй жил ийм  хэмжээний үер болж байгаагүй гэдгийг нутгийн иргэд хэлэв. Төмөр замын сэргээн босох ажлын хүрээнд одоогоор 150  сая гаруй  төгрөг зарцуулаад байгаа бөгөөд нийт хохирлын хэмжээ тодорхой болоогүй байна.  Сэргээн босголтын ажил маргааш гэхэд  бүрэн дуусна гэдгийг төмөр замчид  хэлж байна.

Өмнөх өдрүүдэд  480 гаруй хүн ажилласан бол өнөөдөр 200 орчим хүн ажиллаж байна.

Цаашид бороо их орвол төмөр замын хоёр талд ус тогтохоор байгаа тул үерийн хамгаалалт хийх зураг төсөл нь хийгдэж байгаа аж.

Цаашид энэ төрлийн осол аваар гарлаа гэхэд сэргээн босгох краны асуудал төмөр замчдад тулгамдаж байгааг Шадар сайдад учирлав. Тиймээс  цаашид төмөр замын хөгжилд 240 тонн хэмжээтэй кран авах шаардлагатай болж байгаа юм.  Энэхүү зардлыг төсөвт шилжүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлүүлж өгөхийг улсын Онцгой комиссын даргад уламжлалаа.

 

УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаяр:

Энэ сарын 12 ны өглөө үүрээр суудлын галт тэрэг осолдсон гунигтай үйл явдал боллоо. Тэр даруй шуурхай комисс томилогдон ажил үүргээ шуурхай гүйцэтгэж байна. Тухайн өдрөөс эхлэн 13-ны 22 цаг 5 минут хүртэл  100 гаруй техник, 480 гаруй хүн хүч оролцсоны үр дүнд төмөр замын хэвийн үйл ажиллагааг нээсэн. Гал тэрэг саадгүй нэвтэрч байгаа. Тээврийн үйл ажиллагаанд нөлөөлөх зүйл байхгүй ч гэсэн бидний  хувьд үргэлжлүүлэн хийх ажлууд байна. Дахин энэ төрлийн осол аваар гаргахгүйн тулд шинээр зураг төсөл гаргаж үерийн хамгаалалт хийх шаардлага тулгарч байна. Галт тэрэгний хөдөлгөөний  чөлөө завсраар үлдсэн ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Анх 25 км цаг хурдтайгаар галт тэрэгний замыг нээсэн бол явцын дунд 40 км цаг хурдтай болголоо. Өнөөдөр гэхэд хэвийн горимдоо шилжинэ” гэлээ.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин:

Төмөр замыг сэргээн засварлах ажлыг холбогдох албаныхан богино хугацаанд маш сайн, шуурхай гүйцэтгэж байна. Галт тэрэгний хөдөлгөөн чөлөөтэй боллоо. Маргааш гэхэд сэргээн босголтын ажлыг бүрэн дуусгана гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна. Төмөр зам маань олон жил болсон учир сууриар нь солих шаардлагатай болсныг илтгэж байна. Энэ талаар Оросын талтай ярилцах болно.  Цаашид дэлхийн цаг уурын өөрчлөлтийг тооцож  байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажилд анхаарах болсон том сургамжийг өглөө.  

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин:

Төмөр замыг сэргээн босгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, хэвийн үйл ажиллагааг хангуулахаар Даланжаргалан, Айраг сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлан ажиллаж байна. Хоёр сум төмөр замчдын хоол ундны  асуудлыг шийдэж өгсөн.  Замын-Үүд, Дорноговь  аймагт үйл ажиллагаа явуулдаг автобуснуудыг  Бээжин, Москвагийн  чиглэлийн иргэдийг зөөж тээвэрлэхэд татан оролцуулсан. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуулиар 2012-2013 онд суурьшмал бүсийг бий болгосон байдаг. Суурьшлын бүсийг аль болох өндөрлөг цэгт олгох ажлыг  зохион байгуулна.  Мөн суурьшлын бүс рүү татсан дэд бүтцийн ажлуудыг ойрын хугацаанд шилжүүлнэ. Иргэн бүрт газар өгнө гэдэг нэрийн дор хаа хамаагүй газар олгох бус газар зохион байгуулалтынхаа төлөвлөгөөг эргэж харах шаардлага бидэнд тулгарч байна. Эдгээр ажлыг цаг алдалгүй зохион байгуулна.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал:

Орон нутгийн удирдлагуудтай уулзах үеэр тэдний хэлж байгаагаар Дорноговь аймагт сүүлийн 50 жил харин Айраг сумын хэмжээнд мөн сүүлийн 30 жилийн хугацаанд орж байгаагүй бороо орлоо гэж ярьж байна. Хугацааны хувьд авч үзвэл байгалийн огцом аюултай үзэгдэл болж өнгөрлөө. Айл өрх үер автсан хонхорт очиж нөхцөл байдалтай танилцлаа. 2.5 метрийн гүнтэй үерийн ус тогтсон байна. Эндээс харахад бид анхнаасаа хот төлөвлөлтөө зөв хийх ёстой гэдгийг  харуулж байна. Хоёрдугаарт,  байгалийн гамшигт байдалд бэлэн байхыг биднээс шаардаж байгаа юм. Үерт автсан  20 гаруй айл өрхийг маш богино хугацаанд  аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх ёстой. Тэгвэл үүний дагуу аврах ажиллагааг явуулахад хугацаа алдаагүй. Учир нь Айраг суманд байрлах  Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги тус аймгийн  Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагч, орон нутгийн нийт 33 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж,нүүлгэн шилжүүлсэн. Үерийн усан дунд байгаа эрчим хүчний шугамуудыг зайлшгүй нүүлгэн шилжүүлэх шаардлага байна. Гамшигт өртсөн айл өрхийн  ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажилд онцгой анхаарах, үер усанд тэсвэргүй материалаар байшин барихгүй байх, орон гэр, хашаа байшингаа даатгуулах арга хэмжээ авах талаар иргэдэд ойлголт өгөх шаардлагатай. Мөн дараагийн асуудал нь үерт  нэрвэгдсэн өрхүүдэд шинээр газар олгох ажлыг зохион байгуулж шинээр худаг, цахилгааны шугам татах, тус иргэдийн өдөрт тутмын хэвийн амьдралд нь оруулах зэрэг ажлууд хийгдэнэ. Энэ бүхний дараа сэргээн босголтын ажил бүрэн төгс дууслаа  гэж үзэн дүгнэлтийг гаргаж Засгийн газарт танилцуулдаг журамтай.

  Монголд 10 гаруй  загал зүтгүүр байдгаас хоёр нь энэхүү ослоор дахин ашиглах боломжгүй болж байгаа нь тун харамсалтай. Өөрөөр хэлбэл, осолдсон хоёр загал зүтгүүр, зорчигчийн гурав, тээшийн нэг галт тэргийг дахин ашиглах боломгүй болжээ. Засгийн газраас аврах ажиллагааны 450 сая төгрөгийн үнэ бүхий  тэрэг, завь, ариутгалын машин хүлээлгэн өгөхөөр газар дээр нь шийдвэрлэв.

Ийнхүү олон хүний хөдөлмөрийн үр дүн, хичээл зүтгэлийн хүчинд төмөр замын үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж гунигт мэдээ бүтээн байгуулалтын ажлаар солигдов.

 

 

 

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж