Аюулын харанга дэлдсэн тэмбүү

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

Аюулын харанга дэлдсэн тэмбүү

Аюулын харанга дэлдсэн тэмбүү

Би тухайн үед согтуу байсан”

“Харахад цэвэрхэн охин байсан”

“Арай ч өвчтэй биш байлгүй дээ гэж бодоод унтчихсан чинь өвчин авчихлаа” гэж эмчлүүлэхээр ирсэн өвчтөнүүдийн дийлэнх нь хэлдэг аж. Тэмбүү өвчин анх 1400 гаруй оны үед Европ тивд бүртгэгдсэн бол Монгол Улс 1921 оноос  тэмбүү өвчинтэй тэмцсээр ирсэн ч өдгөөг хүртэл устгаж чадаагүй байгаа юм. Уг нь энэхүү өвчнийг эрүүл мэндийн салбарынхан эмчлэх, устгах бүрэн боломжтой гэдгийг хэлдэг ч хэнэггүй нь дэндсэн монголчууд эмч, эмнэлгийн байгууллагад хандахгүй явсаар хүндрүүлдэг байна.

 хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох нь ганц арга

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн /ХӨСҮТ/  мэдээллээр бэлгийн замаар дамжих халдварын зонхилох халдвар 2018 оны эхний долоон сарын байдлаар 9277 бүртгэгдээд байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 666 өвчлөл буюу 7.7 хувиар өссөн үзүүлэлт аж.

Нийт өвчлөлийн 32.4 хувийг заг хүйтэн, 38.7 хувийг тэмбүү, 28.7 хувийг трихомониазын халдвар, 0.2 хувийг ХДХВ/ДОХ эзэлж байна. Хамгийн харамсалтай нь, өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь 15-30 насныхан. Нэг хүний цаана 3-5 хавьтагч байх магадлалтай гэдэг. 

Даанч бид өсвөр насны хүүхдүүдтэйгээ, дүү нартайгаа нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролын талаар, бэлгийн замын халдварт өвчний хор уршгийн тухай тэр бүр нээлттэй ярилцаж чаддаггүй. Нуулгүй хэлэхэд, өөрсдөө ч энэ талын ойлголт мэдлэгээр маруухан эцэг, эхчүүд бишгүй. Өөрсдөө иймэрхүү ойлголттой байж үр хүүхдэдээ юугаа ч заах юм билээ. Гэтэл өсвөр үеийнхний хамгийн их мэдэхийг хүсдэг зүйл нь бэлгийн замын халдварт өвчний талаарх мэдээлэл болон хүсээгүй жирэмслэлтээс хэрхэн хамгаалах тухай байдгийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 108 дугаарын утсанд ирдэг дуудлагаас харж болно.

Монгол Улсад бэлгийн замын халдварт өвчин гаарч, тэр дундаа өсвөр үеийнхний дундах өвчлөл жил ирэх тусам нэмэгдэж буйг эмч, мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа. Ийм эгзэгтэй үед ядаж сургуулийн эмч нараар хийх ёстой ажлыг нь хийлгэж байж сурагчид эрүүл мэндийн наад захын боловсролтой олгох учиртай. Сургуулиар дамжуулан хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох нь манайд шигшигдэж үлдээд байгаа ганц арга зам аж. 

11 хүн тэмбүү өвчнөөс болж, БНСУ-ын хил дээрээс буцаагджээ

Тэмбүү өвчин нь эмчилгээ буруу болон дутуу хийлгэсэн тохиолдолд дархлаа муудсан үед сэдэрдгээрээ бусад бэлгийн замын халдварт өвчнөөс ялгаатай аж. Тэгвэл гэр бүл батлуулах, гадаад улс оронд ажиллаж, амьдрахаар явах  үед эмнэлэгт хандаж нарийн шинжилгээ өгөх болдог. Энэ үед нь өнөөх өвчин илэрдэг гэнэ. Тэгэхээр эл өвчнөөр өвчилсөнөө мэдээгүй, мэдсэн ч хэнэггүй царайлаад бусдад халдвар дамжуулж яваа хүн хэд байгааг таахад үнэхээр бэрх. Бүр өөрийгөө өвчтэй гэдгийг ч мэдэхгүй явчихаад харийн орны хил дээрээс буцаад ирсэн тохиолдол байна. Тухайлбал, 2013 онд л гэхэд БНСУ-ын хил дээрээс 11 хүн тэмбүү өвчтэйн улмаас Монгол руугаа буцаж байжээ. 

БНСУ-ыг зорих хүмүүс нарийвчилсан шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт ордог. Гэвч зарим нэг нь хэнэггүйгээсээ болж бэлгийн замын халдварт өвчнөө эмчлүүлж, ангаагаагүйгээс хилийн дээс алхах эрхээ ч хасуулдаг аж. 

Тэмбүү өвчнийг тээгчид нь гол төлөв 20-30 насныхан юм байна. Нэг үгээр хэлбэл, хүн амын өсөлтөд хувь нэмрээ оруулах үеийнхэн эл өвчнөөр өвчилсөн байгаа нь зөвхөн халдвар тээгч ч бус халдварыг дамжуулагч, цаашлаад эхийн хэвлийгээс мэндлэх алаг үр нь төрөлхийн тэмбүүтэй мэндлэх шалтгаан болдог байна.

Иймээс уг өвчний халдвар авсан тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж, эмчилгээг цаг алдалгүй эхэлж, эмчилгээний тунг гүйцэд авснаар бүрэн эдгэрэх боломжтойгоос гадна цаашид бусад эрхтэн системийг гэмтээхгүй байх боломжтой. Үүнээс гадна үр удмаа, гэр бүлээ ч авран хамгаалж чадна. Ингэхийн тулд замбараагүй бэлгийн хавьталд орохгүй, хайртдаа үнэнч байх, бэлгэвчийг тогтмол хэрэглэхийг сануулж байгаа юм. Өвдөнө гэдэг нь ичмээр зүйл биш, өвчнөө бусдад халдаах нь харин ичгэвтэр үйлдэл юм.

Хамгийн гол нь үзлэгт хамрагдаж, эмчилгээ хийлгэх хэрэгтэй

Асуулт:Тэмбүү болон бусад БЗХӨ шинжилгээг хаана өгөх вэ?

Хариулт: Бүх аймаг, дүүргүүдэд бэлгийн замаар дамжих халдварын тусгай сайн дурын кабинетууд бий. Энэ нь ямар ч үнэ төлбөргүй, ажлын цагаар шинжилгээ авна.

Асуулт:Тэмбүү туссанаар насанд хүрсэн хүний биед гарах шинж тэмдгүүд:

Хариулт: Умайн хүзүү, эр бэлэг эрхтэн болон биеэр яр шарх үүснэ. Үс, хөмсөг сормуус унана, дотор эрхтэнг гэмтээнэ. Оюуны ачаалал нэмэгдсэн үед буюу стресстэй үед мэдрэлд сөргөөр нөлөөлдөг

Асуулт:Тэмбүү аль ч шатандаа бүрэн эмчлэгддэг өвчин үү?

Хариулт :Тийм. Хамгийн гол нь үзлэгт хамрагдаж, эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Мөн жирэмслэхээр төлөвлөж буй болон жирэмсэн эмэгтэй, нөхрийн хамт шинжилгээнд хамрагдаж эмчилгээ хийлгэх шаардлагатай. Бас иргэд сайн дураараа тэмбүүгийн шинжилгээ өгч байх хэрэгтэй.

Асуулт:Хэд хоногийн эмчилгээ хийлгэх вэ?

Хариулт: Өвчнийхөө үе шатаас хамаарч эмчлэгдэх хоног өөр өөр байдаг. Өвчин хүндрээгүй тохиолдолд 7-10 хоногт бүрэн эмчлэгддэг. Тухайн хүний өвчний үе шат, эм тарианы харшил зэргээс хамаарч ямар эмчилгээ хийхийг мэргэжлийн эмч тодорхойлно. Хамгийн гол нь ямар эм, тариаг хэдэн тунгаар хийх вэ гэдэг нь тухайн өвчтөн болон өвчний үе шатаас хамаардаг.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж