Лондон хотноо байрлах парламентын ордны гадна автомашин осолджээ. Уг осол өнөөдөр /2018.08.14/ орон нутгийн цагаар өглөөний 07.30-д гарчээ. Газар дээр багагүй хүмүүс гэмтэж бэртсэн болохыг Лондон хотын цагдаагийнхан мэдээлсэн байна. Цагдаа нар шуурхай ажиллаж парламентын ордны ойролцоо осолдсон автомашины эрэгтэй жолоочийг баривчлан саатуулжээ.
“Түүний үйлдэл санаатайгаар осол гаргасан юм шиг харагдсан. Би тухайн үед замын хажуугаар алхан явж байсан. Тэгээд эргээд хартал саарал автомашин хурд хэтрүүлэн хашлага мөргөж, явган хүний замаар явж байхыг харсан” гэж болсон хэргийг өөрийн нүдээр харсан гэрч Эвалина Очаб мэдүүлжээ. Мөн осол гаргасан автомашин ямар ч бүртгэлгүй байжээ.
“Өглөөний 07.37 цагт осол парламентын ордны ойролцоо болсон. Одоогийн байдлаар бид эрэгтэй жолоочийг саатуулаад байна. Ослоос болж багагүй явган зорчигчид гэмтсэн. Болсон хэргийг шалгаж байна. Дараа дэлгэрэнгүй мэдээлэх болно” гэж Лондон хотын цагдаагын албан тушаалтан мэдэгджээ.
Одоогийн байдлаар хэргийн газар дээр галт зэвсэгтэй цагдаа нар хамгаалалт авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байна.
Их Британийн парламентын ордны ойролцоо орших Вестминстер метроны буудлыг хаасан бөгөөд зөвхөн шугам солих хүрээнд зорчигчдод үйлчилж байна.
Их Британийн Лондон хотын парламентын ордон нь төмөр хашлага болон бетонон ханаар хамгаалагдсан байдаг аж.
Эх сурвалж: BBC
Г. Батмандах