Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-аас Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг эсэргүүцэж мэдээлэл хийлээ. Тус намыг 2016 оны УИХ-ынхаа сонгуулийн тайланг ирүүлээгүй үндэслэлээр СЕХ-ноос УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргасан юм. Энэхүү шийдвэрийг ИЗНН-ынхан эсэргүүцэж, сонгох, сонгогдох эрхэд халдаж, Үндсэн хууль зөрчиж байгаа гэж эсэргүүцэж байгаа аж. ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг ’42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах шийдвэр гарснаас хойш АН, МАН-ынхан ил далдаар сурталчилгаа явуулж байнаа. Хуульд тодорхой хугацаа зааж, ямар нэгэн хуралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглосон. Ийнхүү нэг талд давуу эрх олгож байгаа нь биднийг сонгох хүсэлтэй сонгогчдыг маань үл хүндэтгэж байгаа хэрэг юм’ гэжээ.
ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга н.Батбаатар ‘СЕХ удаа дараа ИЗНН-ыг сонгуульд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргаж байна. 2016 оны сонгуульд оролцуулахгүй байх шийдвэрийг гаргаж байсан. Сая нөхөн сонгуульд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргалаа. Энэ бол цаанаа улс төрийн том зорилготой. Хоёр том нам өөрсөдтэйгээ өрсөлдөх улс төрийн хүчнийг байлгахгүй байх гэж ийм шийдвэрийг СЕХ-ноос гаргуулсан’ гэв.
Б.БАТ