Монгол хүүхдүүдийн дунд харааны гажгийн тохиолдол их байна

Хуучирсан мэдээ: 2018.08.14-нд нийтлэгдсэн

Монгол хүүхдүүдийн дунд харааны гажгийн тохиолдол их байна

Монгол хүүхдүүдийн дунд харааны гажгийн тохиолдол их байна

Монгол Улсад харааны бэрхшээлтэй 16 мянган иргэн байдаг. Харин дэлхийд сохор буюу сул хараатай 253 сая хүн бий. Сохор буюу сул хараатай хүмүүсийн 75 хувь нь эмчлэгдэх боломжтой ч ихэнх нь бага, дунд орлоготой улсад амьдардаг тул шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэр бүр авч чаддаггүй аж.

Дэлхий нийтэд тулгамдаж буй уг асуудлыг шийдвэрлэх, зорилгоор “Орбис” нүдний нисдэг эмнэлэг ажилладаг. Тус эмнэлэг нь “MD-10” агаарын хөлөгт байрлан олон улсад нүдний эмчилгээний чиглэлээр сургалт, судалгаа, эмчилгээ үзүүлдэг юм. Уг эмнэлэг Монголд найм дахь удаагаа ирээд байна.

“Орбис” нүдний нисдэг эмнэлгийнхэн Монголд наймдугаар сарын 12-ноос эхлэн гурван долоо хоног ажиллах юм. Тэд эхний долоо хоногт  Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд (ЭХЭМҮТ) ажиллаж, хүүхдийн болор цайх өвчин, хялар, нүдний нөхөн сэргээх, дутуу нярайн торлогийн эмгэгийн сургалт явуулах аж. Хөтөлбөрийн хоёр дахь долоо хоногт нүдний нисдэг эмнэлэг дээрээ эмчилгээний дадлагын сургалт явуулах юм байна. Харин гурав дахь долоо хоногт Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр насанд хүрэгчдийн болор цайх, нүдний даралт, торлогийн эмгэг зэрэг өвчний сургалт явуулна. ‘Орбис ‘ нүдний нисдэг эмнэлэг нь Монгол Улсын эмнэлэгүүдээс санал болгосон өвчтнүүдэд үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх юм байна.

Тус эмнэлэг нь Монголд найм дахь удаагаа ирээд байгаа юм. Ингэхдээ 2014 оноос эхлэн урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж,  ЭХЭМҮТ болон таван аймгийн Эрүүл мэндийн газартай хүүхдийн нүдний тусламж үйлчилгээг сайжруулах таван жилийн төсөл хэрэгжүүлж байгаа юм.  Төслийн хүрээнд 23 мянга гаруй хүүхдэд нүдний урьдчилан сэргийлэх үзлэг хийж, 11 мянган хүүхдэд эмийн эмчилгээ, 854 хүүхдэд мэс засал хийжээ.

Сонирхуулахад, Ази болон Африкийн иргэд хараагүй болох эрсдэл хамгийн өндөрт тооцогддог аж. Тиймээс хараагүй болохоос өөрийгөө урьдчилан сэргийлэх нь хамгаас чухал юм. Монгол хүүхдүүдийн дунд хялар, болор цайлт, дутуу нярайн нүдний эмгэг, харааны гажгийн тохиолдол их байна. Хүүхэд хялар харах, самбар дээрх бичгийг муу харах, хүүхэн хараа цайрч харагдах, нүд улайж хавдах, нүднээс нулимс гарах зэрэг зовуурь илэрвэл харьяа аймаг, дүүргийнхээ нүдний эмнэлэгт яаралтай хандаарай.  Эрт илрүүлэх тусам насан туршдаа хараа муутай, сохор болохоос сэргийлнэ.

Харин Монгол Улсын иргэдийн 50-иас дээш насныхны дунд харааны асуудалтай 30 мянга гаруй иргэд байдаг ажээ. Мөн насанд хүрэгчдийн дунд болрын цайлт, нүдний даралт ихсэх өвчин, эвэрлэгийн бүдэгшил, чихрийн шижингийн хүндрэл зэрэг нь сохорлын тэргүүлэх шалтгаан болдог ажээ. Тиймээс хараа муудсан л бол, чихрийн шижин, нүдний даралттай бол нүдний эмчид яаралтай үзүүлэхийг зөвлөж байна. Мөн нүдээ хамгаалахын тулд нарны шил зүүж, саравчтай малгай өмсч хэвшээрэй. Нүдний өвчнийг эрт оношилж, эмчилбэл сохорлоос сэргийлэх бүрэн боломжтойг мэргэжилтнүүд сануулж байлаа.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж