Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Айраг суманд ажиллаж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Айраг суманд ажиллаж байна

Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Айраг суманд ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар нараар ахлуулсан Улсын Онцгой Комиссын ажлын хэсэг Дорноговь аймгийн Айраг суманд ажиллаж байна.

Энэ үеэр байгалийн гэнэтийн гамшиг үер усны аюулд өртсөн Улаанбаатар төмөр замын суурь бүтэц болон вагоны сэргээн босголтын ажилтай газар дээр нь танилцлаа.

Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт наймдугаар сарын 12-ны өдрийн 01.35 цагаас эхлэн усархаг аадар бороо орсны улмаас үер бууж Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 747 дахь км (Цомог-Айраг өртөө хооронд)-т төмөр замын суурь бүтэц үерийн усанд автсан. Үүний улмаас 286 дугаартай галт тэрэгний хоёр зүтгүүр, зорчигчийн гурав, тээшийн нэг галт тэрэг осолдсон тул тухайн чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаасан билээ. Тэгвэл галт тэрэгний хөдөлгөөнийг өчигдөр орой /2018.08.13/ 22.18 цагт нээсэн. Одоогийн байдлаар 20 гаруй галт тэрэг дээрх замаар хурд сааруулсан байдалтайгаар явж өнгөрч байна. Мөн сэргээн босголтын ажилд 150 орчим сая төгрөг зарцуулаад байгаа бөгөөд энэ ажлыг хоёр өдөрт багтаан дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Сэргээн босголтын ажилд туслахаар ОХУ-ын болон Монголын хоёр кран унасан зүтгүүрийг өргөн, Айраг сум руу зөөх ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Мөн Айраг сумын Цагаан дөрвөлж багт 08.12-ны өдрийн 02:00-19:15 цагийн хооронд орсон борооны улмаас хонхор газарт их хэмжээний ус тогтож, айл өрхүүд үерийн усанд автаад байсан. Үерийн голомтод тус умын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангитус аймгийн Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагч, орон нутгийн нийт 33 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 20 гаруй айл өрх, нэг автомашиныг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн үерийн гамшигт өртөж, орон гэргүй болсон айл өрх, иргэдэд тусламжийг гардуулсан байна. Үерт өртсөн 10 айл, өрхөд Дорноговь аймгийн нутгийн зөвлөлөөс хоёр давхар бүрээстэй, иж бүрэн тавилгатай гэрийг хүлээлгэн өгчээ. Мөн байшин байр нь үерт автсан, эд хөрөнгөөрөө хохирсон таван өрхөд тус бүр нэг сая төгрөгийн тусламж үзүүлсэн байна. Харин Засгийн газраас аврах ажиллагааны 450 сая төгрөгийн үнэ бүхий тэрэг, завь, ариутгалын машин хүлээлгэн өглөө.

Мөн үерт өртөж, орон гэргүй болсон иргэдэд “Мобиком” корпорациас нийт 10 сая төгрөгийн тусламж, МУЗН-ээс үерийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад 1,2 сая төгрөгний 22 хос усны гутал, 10 ширхэг цув, гамшигт өртсөн 20 өрхөд 3,9 сая төгрөгний 20 ширхэг гал тогооны иж бүрдэл, 40 ширхэг дулаан хөнжил, 40 хос хүүхдийн гутлыг олгосон байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!