31 дэх Ерөнхий сайдын марафон эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.14-нд нийтлэгдсэн

31 дэх Ерөнхий сайдын марафон эхэлжээ

31 дэх Ерөнхий сайдын марафон эхэлжээ

Түүх давтагдах нь олон. Ордны хананд зургаа хадуулахаас илүүтэй түүхэнд нэрээ үлдээх асар их амбицтайгаар Монгол Улсын 30 дэх Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийн суудал нэгэнтээ өнцөгджээ. Жилийн өмнөх, засгийн газраа авч үлдэх гэсэн Ж.Эрдэнэбатын зовлон өнөөдөр эс хүссэн ч түүнийх болжээ. Хэзээ мөдгүй төрхөмдөө буцах түүний цаг хугацааны тоолуур хэдийнэ гүйгээд эхэлсэн, МАН-д 31 дэх Ерөнхий сайдын марафон явагдах болсон нь ёстой л хувь заяаны тоглоом гэлтэй. Хэрэв тэр огцорвол Ж.Эрдэнэбат шиг ядаж л УИХ-ын сул гишүүнээр үлдэж чадахгүй. Засгаа өгсөн тэрбээр намын тамгаа ч өгөхөд хүрнэ.

МАН-ын УИХ дахь албан ёсны 64 буюу, албан бус 32:32-ын бүлгүүдийн дунд шинэ Ерөнхий сайдыг тодруулах асуудал эртнээс яригдсан ч энэ удаад бүр эрчимжиж байгаа бололтой, Тусгаар тогтнолын өрөөндөө фракциуд нь өөрсдийн хүний нэрийг дугуйлаад  эхэлсэн гэх.

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдад бүлгийн дарга Д.Хаянхярваа, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нарын нэр сонсогдож байна.

Бүлгийн дарга Д.Хаянхаярваа хамгийн магадлал өндөртэй хүнээр яригдаж байгаа ч Ерөнхийлөгчийн зүгээс Л.Оюун-Эрдэнийг зүтгүүлж магадгүй гэсэн мэдээлэл байна. Учир нь  У.Хүрэлсүхээс илүү Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчтэй арай дотно гэсэн яриа Төрийн ордонд яригддаг. Л.Оюун-Эрдэнийн хувьд Бага хурлынхаа дараа ‘Дарга нар тохирох надад хамаагүй! Би зогсохгүй! Үнэнээ хэлж улайх хүртэл чинь явна!” гэж нүүр номдоо жиргэснээс харахад У.Хүрэлсүхэд илтгэл алдарсан гэлтэй. Мөн Т.Аюурсайханы дотор ч эмээл хазаартай морь багтаж явааг хэн үгүйсгэх билээ. Олон нийтийн дунд хамгийн их нэр хүндтэй байгаа МАН-ын залуу улстөрч бол Т.Аюурсайхан.

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдоход Ерөнхийлөгч болоод Ардчилсан намынхан багагүй дэмжсэн. Тэгвэл энэ удаад Ардчилсан намын зүгээс Ардын засгийг огцруулахыг УИХ-аас шаардаж буй.

 Тодруулбал, өчигдөр /2018.08.13/ Ардчилсан намаас хэвлэлийн хурал зарлаж, намын дарга С.Эрдэнэ, бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар “У.Хүрэлсүхийн Засгийн газрын хууль бус бодлогогүй үйл ажиллагаа төрийн албыг үнэгүйдүүлж байна. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахыг шаардаж байгаа”-гаа мэдэгдсэн. Эндээс харахад ямартай ч У.Хүрэлсүхийг огцруулахад Ардчилсан намын бүлгийн ес эсрэг кноп дарах нь ойлгомжтой болсон. Дээр нь О.Баасанхүү ч нүүр номдоо У.Хүрэлсүхийн засгийг огцруулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэх болсон. Тиймээс 32 бүлэг дээр АН-ын 9 нэмээд, О.Баасанхүүг тооцвол У.Хүрэлсүхийн засгийг огцруулах кноп хангалттай байна гэсэн үг.

Үнэндээ С.Эрдэнийг намын дарга болоход нь М.Энхболд хамгийн түрүүнд баяр хүргэж, хадаг мөнгөн аягатай сүүтэй угтсаныг бас тооцохгүй өнгөрч яавч болохгүй. Улс төрд мөнхийн найз  биш мөнхийн эрх ашиг л үйлчилдэг гэвэл шүү дээ. Тэр тусмаа сөрөг хүчинд эрх баригчид муу дээрээ муухай харагдах нь бүр ч сайн. Энэ бол улс төр, тиймээс С.Эрдэнэ дарга болоод Ардчилсан намыг буруутгах аргагүй гэсэн үг.

Дээр нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 32-ын бүлгээс Засгийн газарт гомдолтой яваа хүмүүсийн тоонд Ч.Улаан, Х.Болорчулуун нар ордог. Тэд  эсрэг санал өгөх юм бол У.Хүрэлсүхийн засаг бараг л хөдлөх нь тодорхой болжээ. Хэрэвзээ Л.Оюун-Эрдэнийн хүсэлт, шахалтаар ээлжит бус чуулган зарлавал 60 тэрбумын асуудлаар М.Энхболдыг унагаах биш У.Хүрэлсүхийн  засгийн унах нүхийг ухсантай ялгаагүй болно. Бүр цаашилбал, засгаа ч унагааж, УИХ-аа ч тарааж, МАН-ынхан ёстой л нохой явган, гахай нүцгэн үлдэж мэдэхээр болжээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж