Сар шинийн баярын өдрүүд дуусаж, сүсэгтэн олон жилийн засал номоо хийлгэх ажилд шамдав. Энэ үетэй давхцан улс төрийн эргэн тойронд "халуухан" үйл явдлууд өнгөрлөө. Тухайлбал, нэр бүхий гишүүний орон гэрт хулгай орсноос эхлүүлэн олон нийтийн үзэл бодол хагаралдаж байхад Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачилжээ. Мөн МАН-ын бага хурал болж, намын гишүүддээ тавих хараа хяналтаа сайжруулах юм гэнэ. Тэтгэврийн сангийн талаарх жиг жуг гарч, нэртэй баян засгийн газрын сайд, ноёд шүүхийн хаалга татах эхлэл тавигдах шиг боллоо. Хүйсийн квот ч хэл ам татаж, гадаадын банк манай улсад орж ирэх эсэхийг ихэс дээдэс шийдэх гэж мунгинасаар л байна. Тэгвэл уншигч олон өөрсдийн өнцгөөс таалан болгооно уу хэмээн "NEWS" агентлаг энэ долоо хоногийн онцлох сурвалжлага, үйл явдлыг тоймлон хүргэж байна.
ЗУРХАЙЧ НАРААС ГАДНА НЭМЭЛТЭЭР ХӨТӨЧ ЛАМ АЖИЛЛАЖ БАЙНА

Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд очиход гартаа цаас барьсан хүмүүс зурхайч ламын өрөөний үүдэнд дугаарласан байлаа. Засал номоо бичүүлэхээр сууж буй Д.Оюунцэцэг "Би жилийнхээ засал номыг хийлгэх гэж байна. Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан шүү дээ. Тэр утгаараа ажил үйлсээ бүтэмжтэй байлгаж, эрүүл саруул байх үүднээс жил бүр шинийн 15-ндаа багтан заслаа хийлгэдэг. Сүсэгтэн олон их байгаа учраас оочер дугаар ч урт байна. Үнийн хувьд зарим засал ном нь их үнэтэй юм. Гэтэл заслаа хийлгэж чадахгүй хүн ч байгаа шүү дээ. Тэтгэврийн насны хүмүүс бид яаж ийж байгаад л тухайн жилийнхээ засал номоо хийлгэчихнэ. Гал морин жил ард түмэндээ ээлтэй сайхан жил гарах байх" гэв.
Монголчууд хаврын эхэн сарын шинийн эхний 15 хоногийг ихэд бэлгэшээдэг заншилтай. Гэтэл зарим хүмүүс тухайн жилийнхээ засал номыг шинийн 15-ны дотор хийлгэхгүй бол хэцүүдэх юм шиг ойлгодог.
Энэ талаар Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Ч.Очирбат тайлбарлахдаа "Гандантэгчинлэн хийдээр тухайн жилийнхээ засал номыг хийлгэх хүсэлтэй сүсэгтэн олны тоо жилээс жилд нэмэгдэж байна. Энэ жилийн цагаан сарын баярын амралт олон хоног үргэлжилж байгаа учраас Гандантэгчинлэн хийд олны хөлд дарагдаж, хөл хөдөлгөөн ихтэй байна. Зурхайч нараас гадна тусгайлан засал хийх лам нар өдөр бүр 08:30-17:00 цаг хүртэл ээлжлэн ном уншиж, сүсэгтэн олонд түргэн шуурхай үйлчлэхээр хичээн ажиллаж байна. Аль болох иргэдэд хүндрэл учруулахгүй байх үүднээс хөтөч ажиллуулж байна. Ганцхан Төв Гандан гэлтгүй нийслэлийн дүүрэг бүрт сүм хийдүүд ажиллаж байгаа. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
ДУНД ГОЛ ҮНЭХЭЭР ГОЁ БОЛОХ НЬ Л ГЭЖ БОДСОН

Үерийн түшиц хана барих ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж байгаа бөгөөд 20 орчим тэрбум төгрөгөөр барьж байгаа. Уг ажлыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Билгүүн Монгол” компани барьж гүйцэтгэж байгаа юм. Тус компани 2024 оны зургадугаар сарын 20-ноос эхлэн Сэлбэ гол дагуу S’Outlet дэлгүүрийн буурин дээр үерийн далангийн байгууламжийг барих ажлыг эхлүүлж байв.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас гүйцэтгэгч “Билгүүн Монгол Констракшн” ХХК-д сургууль, цэцэрлэг эхлэхээс өмнө буюу 2025 оны наймдугаар сарын 20-ны дотор ажлаа хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн ч ийнхүү өнөөдрийг хүрсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, нийслэлийн үерийн эрсдэл хамгийн өндөр бүсүүдийн нэг болох Сэлбэ, Дунд гол дагуух үерийн хамгаалалтын бүтээн байгуулалт иргэдийн хүлээлт, болгоомжлолыг дагуулсаар хоёр дахь өвлөө угтаж байна.
2023 оны зун үргэлжилсэн аадар борооны улмаас Дунд гол далангаа давж, ойр орчмын орон сууц, аж ахуйн нэгжүүд усанд автсан нь нийслэлийн үерийн хамгаалалтын систем ямар түвшинд байгааг харуулсан.
Тухайн үед хотын удирдлагууд яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ мэдэгдэж, S’Outlet дэлгүүрийн барилгыг буулган, Натурын гүүр хүртэл 1.4 км урт бетонон түшиц хана барих ажлыг эхлүүлсэн. Гэвч анхнаасаа иргэдийн шүүмжлэл дагуулсан энэхүү төсөл товлосон хугацаандаа хэрэгжээгүй. Өнгөрсөн зургадугаар сард ашиглалтад орох ёстой байсан үерийн хамгаалалтын далангийн ажил хойшилсноор, түүний дараах ногоон байгууламж, тохижилтын ажлын явц ч тодорхойгүй хэвээр байна хэмээн иргэд шүүмжилж байгаа юм. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗАСАГ ДАРГА НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН

Засгийн газраас хурдан морины уралдаан, үсэргээ зэрэг үйл ажиллагааг тодорхойлон, хуульчлах шаардлагатай байна.
Бид эрх зүйт төрийн дор амьдарч байгаа учраас хууль, тогтоолын хэрэгжилтийг хангах нь зүйтэй. Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй зургаан аймгийн Засаг дарга нарт хариуцлага тооцох шаардлагыг хүргүүлсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ийм шаардлага хүргүүлж байсан ч хариуцлага тооцож, огцруулсан засаг дарга одоогоор байхгүй байна. Шаардлага хүргүүлсэн сумдын тухайд Төв аймгийн Сэргэлэн сум, Увс аймгийн Наранбулаг, Тариалан, Өлгий, Өндөрхангай, Улаангом сум, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум, Сүбаатар айгийн Онгон сум, Төв аймгийн Баян сум, Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Дорнод аймгийн Баянтүмэн сумын засаг дарга нарт шаардлага хүргүүлсэн. Эдгээр суманд хориглосон хугацаанд хурдан морины үсэргээ, сунгаа зохион байгуулсан байна. Хэрэв өвлийн улиралд морьтой холбоотой аливаа үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулахыг бүрэн хориглосон тогтоол гаргавал эргэлзээтэй нөхцөл байдал үүсэхгүй. Одоогийн нөхцөлд хүүхдийн сурч боловсрох эрх, амьд явах эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зэрэг олон эрх зөрчигдөж байна.
Сар шинийн баярын өмнө Хөвсгөл аймгийн Галт сум хурдан морины ажил хийж байх үед унаач хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
ЕРӨНХИЙЛӨГЧ УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ САНААЧИЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр "Монгол Улсын Ерөнхийлөгч монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд төр ард түмний итгэлцлийг бэхжүүлэх, эв нэгдлийн хангах Үндсэн хуульд заасан чиг үүрэгтэй. Үүнийхээ хүрээнд иргэд олон нийтийн парламент дах хяналтыг нэмэгдүүлэх, сайжруулах үүднээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн барихаар болж байна. Монгол Улс парламентын засаглалтай орон тиймээс парламентын дархлаа парламентын нэр хүнд өөрөө тухайн улсын язгуур эрх ашиг, Үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч үздэг" гэлээ.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал "Иргэд олон зүйл дээр бодитой шүүмжлэл хэлж байна. Тухайлбал, авлига, хулгайн асуудалд гишүүд нэр холбогдож байна. Хулгай, луйвар хийж байна, хуурч мэхэлж байна. Адаг сүүлд нь үндсэн хийх ёстой ажил болох хууль тогтоох байгууллагынхаа үйл ажиллагаанд ч оролцохгүй гишүүд байна. Үүнийг л засъя гэж байгаа юм. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
МАН-ЫН БАГА ХУРЛААР ГИШҮҮДИЙГ ОНООЖУУЛАХ СИСТЕМИЙГ БАТАЛЛАА

МАН-ын Бага хурлын хоёрдугаар хуралдаан дууслаа. Хурлаар МАН-ын дэргэдэх 11 бодлогын хорооны дүгнэлт, саналтай танилцаж, намын гишүүдийн идэвх оролцоог үнэлэх журмын төсөлтэй танилцсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, Бага хурал даргалагч Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "МАН-ын 31 дүгээр Их хурлаас сонгогдсон Бага хурлын 595 төлөөлөгч 85 хувийн ирцтэйгээр хоёрдугаар хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар зургаан асуудлыг хэлэлцсэн юм. Нэгдүгээрт, МАН-ын дарга Н.Учрал болон Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-ын ЕНБД Я.Содбаатар нар илтгэл тавьж, тогтоолыг баталлаа. Цаашдаа намын гишүүдийг оноожуулах системийг шинээр баталж, Хяналтын хороондоо хэрхэн гомдол гаргаж, гомдлоо яаж шийдвэрлэх вэ гэх мэт гишүүдэд хариуцлага тооцдог журмуудыг баталлаа" гэсэн юм.
Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаанаар гурван тогтоол баталснаар өндөрлөв. Хуралдааны даргаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, орлогч даргаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа нар ажиллалаа.
Хуралдааны эхний хэсэгт Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" сэдэвт улс төрийн илтгэл, Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэм, эдийн засгийн тайлан мэдээлэл, намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар намын мөрийн хөтөлбөрийн биелэлт, мониторингийн судалгааны талаар илтгэл танилцуулсан юм. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
ХАВРЫН УЛС ТӨРИЙГ УГТСАН ШИНЭ ТОМИЛГООНУУД

Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн, Засгийн газар болон төрийн зарим байгууллагад шинэ томилгоо үргэлжилж байна. Тухайлбал, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ХХЕГ-ийн дарга нарыг шинээр томилж, Засгийн газрын тэмдэглэлд дурдагдсан зарим асуудлаар шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгоод байгаа юм. Энэ мэт сүүлийн үед хийгдсэн томоохон томилгоонуудыг нэгтгэн танилцуулж байна.
ЕРӨНХИЙ САЙДЫН АХЛАХ ЗӨВЛӨХӨӨР Ж.САНДАГСҮРЭНГ ТОМИЛЛОО
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэнг Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар томилжээ.
Ж.Сандагсүрэн нь 2012-2020 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр, 2016-2020 онд тус дүүргийн Засаг даргаар ажилласан. Мөн 2020-2023 онд Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж, 2020 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байна.
Тэрбээр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байх үед үүссэн “Ногоон автобус”-ны хэрэгт холбогдон Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан билээ. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
3,576.03






















































Нэргүй 2026-03-01 103.57.95.197
ТҮЦ шиг хэрэггүй юм байхгүй шүү, Учралаа!