Он гарсаар наймдугаар сарын 13-ны өдрийн байдлаар 17 аймгийн 40 сум, нийслэлийн 5 дүүрэгт нийт 56 удаагийн усны осол гарч 67 хүн амь насаа алджээ. Үүний 16 нь хүүхэд, 51 нь насанд хүрэгсэд байгаа юм.
Түүнчлэн зургадугаар сарын сүүлч, долдугаар сард орсон усархаг аадар бороо, мөндрийн улмаас зарим аймаг, Улаанбаатар хотод үер бууж, Булган аймгийн Хутаг-Өндөр, Дорноговь аймгийн Айраг, Хөвсгөл, Өмнөговь аймгийн Ханхонгор, нийслэлийн Баянзүрх дүүрэгт нийт 8 иргэн нас барж, 72 иргэн бэртэж гэмтэн, цахилгаан шугам сүлжээ, автозамд эвдрэл гэмтэл, саатал гарч, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учраад байна.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 13-ны өдрийн байдлаар Хангай нуруунаас эхтэй Орхон, Онги, Шаргалжуут, Таац, Хэнтий нуруунаас усжих Онон, Хэрлэн, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 10-40 см, ус судлалын Байдраг-Баянбүрд, Орхон-Орхонтуул, Хэрлэн-Чойбалсан харуул орчимд үерийн аюултай түвшинг 10-25 см даван хүчтэй үерлэж байна. Мөн наймдугаар сарын 15-нд төв болон говийн аймгуудын ихэнх, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орох төлөв гарчээ.
Иймд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,
Хүүхдийг хараа хяналтгүйгээр орхилгүй, гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны орчимд тоглуулахгүй байх,
Амралт, аялал, зугаалгаар явахдаа усны ойролцоо амарч зугаалахгүй байх, нэгдсэн зохион байгуулалттай явах,
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх,
Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх,
Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,
Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.