Их Британи улсад химийн "НОВИЧОК" хорт бодист хордсон экс-тагнуулч Скрипаль болон түүний охины хэрэгтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт АНУ ОХУ-д хориг тавьсан. Энэхүү хоригт ОХУ-ын эдийн засаг болон гадаад бодлогыг хорьсон заалтууд багтсан талаар АНУ-ын Төрийн департментын төлөөлөгч мэдэгдсэн билээ. ОХУ-ын Засгийн газар АНУ-ын гаргасан хоригт эрс шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд эрс эсэргүүцсэн байр суурь илэрхийлжээ. АНУ-ын удахгүй хэрэгжих гэж байгаа хоригт ОХУ-ын эрх баригчид хатуу байна хэмээн шүүмжилж хариу арга хэмжээ авах болохоо мэдэгдсэн. Тэгвэл RT сайтын сэтгүүлчид ОХУ АНУ-ын эсрэг хоригт хариу арга хэмжээ авах талаар таамаглан бичсэн таван жагсаалт гаргасныг толилуулж байна.
1. Титан баяжуулалт болон төмөрлөгийн үйлдвэрлэл
ОХУ-ын Засгийн газар АНУ-д металл, төмрийн экспортын хориг тавьж болохыг тусгажээ. Учир нь ВСМПО-Ависмо корпораци дэлхийн хүнд металл төмрийн худалдаа, үйлдвэрлэлийн зах зээлд 70 хувьтай тэнцэх байр суурийг эзэлдэг байна. Үйлдвэрлэсэн нийт титаниум төмрийн 40 хувийг АНУ-ын Боинг компанид харин Европын Эйрбус компанид 70 хувьтай тэнцэх бүтээгдэхүүнүүдээр тус тус хангадаг аж.
АНУ-ын Боинг компани нь Оросын сайн чанарын титан төмрийг орлож чадах материал олж чадахгүй байгаа бөгөөд бусад улс орнуудтай харьцуулбал ганцхан ОХУ сайн чанарын титан төмөр үйлдвэрлэж чаддаг ажээ.
Титан нь энгийн төмрийг бодвол хөнгөн, бат бөх мөн өндөр даралтыг тэсвэрлэж чаддаг материал учир нисэх онгоц үйлдвэрлэхэд өргөнөөр хэрэглэдэг ажээ. Хэрвээ ОХУ-ын титаниум төмөрлөгийн экспортод хориг тогтоовол АНУ-ын онгоц, зэр зэвсгийн үйлдвэрлэлд хүнд цохилт болохыг таамаглажээ.
2. Агаарын орон зай
ОХУ нь Европ болон Ази тивийг холбох чухал стратегийн байрлалтай учир ОХУ АНУ-ын иргэний болон тээврийн нисэх онгоцнуудад өндөр татвартай торгууль ноогдуулах боломжтой ажээ. Америкийн авиа компаниуд ОХУ-д агаарын бүс, замаар нь зорчих болгондоо төлбөр төлнө гэсэн үг. Хэрэв ОХУ АНУ-ын нисэх онгоцыг өөрийн улсын агаарын орон зайд нэвтрүүлэхгүй гэсэн хориг тогтоовол америкийн компаниуд Ази болон Европын улсууд руу тойрч хүрэх шаардлага тулгарах юм. Дэлхий дээрх хамгийн том газар нутагтай Орос улсыг тойрч явна гэдэг онгоцны шатахууны хэрэглээг нэмэгдүүлнэ. Иймээс ОХУ агаарын замаа зөвхөн АНУ-ын авиа компаниудад хоригловол их хохирол амсах нь лавтай.
3. Түлш, Эрчим хүчний түүхий эд
ОХУ АНУ руу экспортолдог шингэрүүлсэн байгалийн газ болон бусад эрчим хүчний эх үүсвэрүүдийг хорих боломжтой. Судалгаанд бүртгэгдсэнээр ОХУ АНУ руу найман тэрбум ам доллартай тэнцэх газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүн экспортолдог бөгөөд энэ нь ердөө ОХУ эрчим хүчний экспортод 4.6 хувь эзэлдэг аж. Хэрэв ОХУ АНУ-д эрчим хүч экспортлохоосоо татгалзсан тохиолдолд худалдан авах сонирхолтой Азийн улс орнуудад зарах боломжтой юм. Ингэснээр АНУ эрчим хүч үйлдвэрлэл, худалдааны салбарт тоглогч болох эрмэлзэл нь бүтэлгүйтэж, дотоодынхоо эрэлтийг хангаж чадахгүй болоход хүрэх магадлалтай аж. Мөн АНУ Европын орнуудад ОХУ-ын шингэрүүлсэн байгалийн хийг зардаг гэх баримт бүртгэгдсэн байдаг байна.
4. Худалдаа үйлчилгээ, Бизнес
ОХУ болон АНУ нарын харилцаа холбоо одоогийн байдлаар таарамжгүй байгаа боловч үндэстэн дамнасан бизнесийн том компаниуд элдэв саадгүйгээр үйл ажиллагаагаа эрхэлж байгаа билээ. Хэрэв ОХУ өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа АНУ-ын компаниудад хориг тавьбал ихээхэн хүндрэл учруулах нь дамжиггүй. АНУ-ын PepsiCo, Procter&Gamble, McDonald’s, Boeing, Mondelez International, General Motors, Johnson & Johnson зэрэг олон корпорациудад дарамт шахалт үзүүлж болзошгүй аж. Харин АНУ-ын нутаг дэвсгэрт ОХУ-аас төдийлөн олон компани үйл ажиллагаа эрхэлдэггүй тул АНУ хориг тавьсан ч ямар нэгэн хүнд хохирол учруулахгүй гэв. Гэвч эдгээр АНУ-ын корпорациуд нь ОХУ-ын иргэдийг ажлын байраар хангаж байгаа гэдгийг бодолцон үзэх хэрэгтэй болов уу.
5. Пуужингийн хөдөлгүүр
АНУ-ын Үндэсний сансар судлалын хүрээлэн болон сансрын удирдлага /NASA/ болон Батлан хамгаалах яам өөрсдийн сансрын хөлөг болон хиймэл дагуулыг хөөргөхийн тулд ОХУ РД-180 пуужингийн хөдөлгүүрээр хангадаг байна. Хэрэв ОХУ АНУ-ын эсрэг хориг гаргавал пуужингийн хөдөлгүүр авч чадахгүй болох юм. АНУ удаа дараа өөрсдөө пуужингийн хөдөлгүүр зохион бүтээх гэж оролдож байсан боловч бүтэлгүйтэж байсан нь ОХУ-аас худалдан авч байхад хүргэжээ.
Эх сурвалж: RT