“Хог” шиг хаягдах гэж тэд хорвоод ирээгүй

Хуучирсан мэдээ: 2018.08.14-нд нийтлэгдсэн

“Хог” шиг хаягдах гэж тэд хорвоод ирээгүй

“Хог” шиг хаягдах гэж тэд хорвоод ирээгүй

Арван сар тээж төрүүлсэн үрээ хорвоод мэндлээд хэдхэн хонож байхад нь харанхуй орц, хогийн сав, айлын үүдэнд хаяж явчхаад цагдаад баригдахаараа "сэтгэлийн хямралтай байсан юм" гээд гэмшингүй зогсох хориодхон настай охины талаар цагдаагийн ажилтнууд одоо ч ярьдаг. Одоогоос зургаан сарын өмнө буюу 2018 оны хоёрдугаар сарын 9-ны өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд /ЭХЭМҮТ/ төрөөд хэдхэн хонож буй хүүгээ давхар өлгийгөөр өлгийдөн ойролцоох хогийн саванд үлдээгээд явсан сэтгэл эмтэрмээр хэрэг гарсан юм.  

Хэргийг сөхвөл цагдаагийн байгууллагад “Нярай хүүхдээ хогийн саванд хаяжээ” гэх дуудлага тухайн өдрийн 15.30 цагт иржээ. Үүний дагуу цагдаа нар хэргийн газар үзлэг хийж улмаар төрөөд хэдхэн хонож буй хүүг Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ. Харин өнөөх “хүйтэн” сэтгэлт ээжийг эрэн сурвалжилж түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Азаар хүүхдийн биеийн байдал тогтворжиж, эсэн мэнд бойжиж байгаа аж. Үртэй бүхний сэтгэл эмзэглүүлсэн эл хэрэг саяхан шүүхээр шийдэгдэж 22 настай цэл залуухан бүсгүй анхан шатны шүүхээс нэг жилийн хорих ял авчээ.

Тодруулбал, 1996 онд төрсөн А гэх казах бүсгүйд Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт гаргасан байв.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А-г нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан нэг жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.  

Харин хүүгийн ээж хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөлгүй, хэрэг үйлдэхдээ сэтгэл санааны хямралтай байсан учраас ийм үйлдэл гаргасан. Цаашид хүүхдээ өөрөө авч асарна гээд хорихоос өөр төрлийн хөнгөн яг оноож өгөхийг хүсчээ. Гэвч анхан шатны шүүхээс түүнд оноосон нэг жилийн хориг ялыг хэвээр үлдээсэн байна.

Он гарсаар нярай хүүхдээ хаясан дөрвөн тохиолдол бүртгэгджээ

Энэ 2018 он гарсаар цагдаагийн байгууллагад хүүхдээ хаясан дөрвөн тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал, эхний тохиолдол нь нийтлэлийн дээр хэсэгт дурдсан болно.

  • Харин хоёр дах нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4-р багийн нутаг дэвсгэрт суугаа айлын хашаанаас 2018 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр 3.400 грамм жинтэй, 53 см урттай эмэгтэй нярайн цогцос олдсон билээ. Эх сурвалжийн мэдээлснээр хүүгийн эхийг олоогүй ч эмнэлгийн бус орчинд төрсөн байх магадлалтай гэж үзжээ. 

  • Гурав дахь тохиолдол нь 2018 оны гуравдугаар сарын 2-нд нийслэл хотод бүртгэгдсэн юм. Ингэхдээ Баянгол дүүргийн 20-р хороонд явж байсан иргэн өглөө 11.00 цагийн орчимд дулааны шугамын засварт цэнхэр хадганд боолттой зүйл байгааг харжээ. Улмаар лавшруулан харахад хадганд ороосон, дөнгөж төрсөн нярай хүүхдийг цогцос байсан аж. Ингээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгснөөр эхийг нь хайх ажиллагааг эхлүүлсэн байдаг.  

  • Дөрөв дэх тохиолдол нь уржигдар буюу 2018 оны наймдугаар сарын 11-ны өдөр бүртгэгджээ. Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт айлын хашааны гаднаас нэг сар орчимтой өлгийтэй хүүхэд олдсон байна. Энэ талаарх дуудлагыг цагдаагийн байгууллагад уржигдар /2018.08.11/-ны 15.48 цагийн үед иргэн Б өгчээ. Дуудлагын дагуу цагдаа нарыг очиж шалгалтын ажиллагаа явуулахад нэг сар орчимтой, эрэгтэй хүүхдийг гудамжинд хаясан болох нь тогтоогджээ. Одоогоор хүүхдийн байдал байдал хэвийн байгаа бөгөөд эцэг, эхийг нь тогтоохоор ажиллаж байгаа аж.

Энэ мэтчилэн эцэг эхийн үүрэг хариуцлагаас зугтаж эх хүнд баймааргүй үйлдэл хийсэн эмэгтэйчүүд хорих ангийн хаалга татсаар байгаа нь хамгийн харамсалтай. 

Э.Ариун 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж