Элбэгдоржийн хориотой яриа

Элбэгдоржийн хориотой яриа

Элбэгээ гэж хүн олон хориотой зүйлийг Гал морин жилийн эх цагаан сарын шинийн гурванд хөндсөн бололтой. Нэг улирлын жорлонгийн ялааны насгүй улс төрөөр хооллогсод, тэдний угаадас хүртэгсэд байж ядаж байна. Хойноос болон урдаас Монгол амжилт олоод босоод ирэх вий гэж айгсад тэдний тэжээврүүд нэмэгджээ.

Монгол гэгч өвөөгийн ач хүү хорвоод гялалзаж яваад тэд үнэн сэтгэлээсээ хорсоно.  Дэлхийн хамгийн алдартай, нэртэй хүмүүстэй нэг клубт байдаг л гэнэ. Мандела гуай түүнийг нь санаачилж босгож. Хамгийн олон эрх чөлөөг эрхэмлэгч экс ерөнхийлөгч, ерөнхий сайд нартай бас нэг дор ажилладаг л гэнэ. Энэ бөмбөрцгийн өнгөтэй өөдтэй явсан гаруудын байгуулсан дэлхийн удирдлагын санд ажиллаж төр засгийнх нь хүсэлтээр хүч хүрэхгүй асуудалд оролцож өр зээлээс нь эхлээд шийддэг гэнэ. Монголоос, Азиас тэнд байдаг заримдаа төлөөлөл нь, өнгөтэй нь гэнэ. Арай тийм байж болохгүй.

Үүнийг сонссон муухай Монгол хүн байтугай сайхан нь хүртэл атаархаж атирч үхнэ биз дээ. Тэр яриандаа монголчууд морин жилд ямар том юм хийх тухай асуухад "Том юмаа биш гэхэд логиктой, зөв сэтгэхэд шамдвал зүгээр. Монгол хүн нэгнээ гүтгэхгүй, биесээсээ сайныг нь хардаг болчих хэрэгтэй" гэлээ. Тэрний өмнө биш ард нь явах тавилантай, нэр сүрд нь дарагдаж явдаг нөхөд нь ч Элбэгээг үзэхгүй, зүхэж суугаа шиг.

Сансрын, эрүүл хүн, залуус хүүхэд сонсоход хориотой юм нилээд ярив. -Бусад нь яахав, тэр AI, хиймэл оюун ухаан, квант, цөмийн нэгдлийн тухай яриа дэлбэ, дэлбэ байсан гээд  таньдаг бүсгүй маань уур хүргэв. Америкийн коллеж, их дээдийн оюутнууд Элбэгээг олуулаа суугаад сонсдог гэнэ үү. Худлаа байх гэтэл түүнийг сонссон хүн орж ирээд тэр тухай нь гайхшран асууж байх юм. Хүн төрөлтөн эрчим хүч, ирээдүйгээ яаж шийдэх, тэнд анхаарах юу болоод байгаа тухайд Цахиагийн хүү санаа зовж явдаг гэнэ үү. Та нар хэрүүл биш, манай залуус сонс гээд хэдэн технологийн тэргүүн лагуудын нэрийг хэлэв. Хүүгээсээ асуухад – Наадуул чинь аймаар амьтад, үнэн гэж байх юм.

Шинэ юм, сайхан юм, эрин цагийн түрүү хөгжил дэвшил, удахгүй юу болохыг сонсохоос айдаг, чихээ дардаг хүн миний эргэн тойронд цөөнгүй. Би ч тэдний нэг. Улсаа жорлон бас уурын зуух болгосон хэдийг шүтдэг мань мэтэд хориотой, чихнээс цус, нүднээс ус гарч, үс эс бүхэн босмоор хориотой, аюултай юм ярилаа.

Дэлхийгээс нэг хэсэг нь тасраад явбал тэдэн дунд Монгол хүн явж байгаасай гэж мөрөөддөг гэж туусан шүү. Дэлхийгээр тарсан 13 сая монголчууд жаахан зүтгэлтэй байхад хаана амьдарч, юу хийж байгаа нь хамаагүй тэр хүн нэг бүрийн од гийнээ гэлээ.

Тэр клавхауст болсон хориотой ярианаас Элбэгээг санасан, болж өгвөл шарж идэх санаатай нь ч байдаг бололтой. "Таван жил гэрт нь Жэнко хорьж, залгаа нь шалгаад юм олоогүй гэнэ. Одоо том их сургуульд лекц яриа хийнгээ бас хэд хэдэн урилга, тасалбарт бүр люкс ангиллаар нисэх гээд сонгож яддаг гэнэ үү. Ийм юмыг яаж бид сонсож, бас бахархаж тэвчих билээ. Нэгнийхээ амжилтад баярлаж чаддаг хүн л аугаа байдаг гэж сонссон. Гэтэл очиж очиж Элбэгдоржийн ажил, хийж яваа юмаар бахархана гэхэд тархи хагармаар. Ийм идээлсэн, өтсөн толгойнууд, зөвхөн хэрүүл хов, му муухайгаар тэжээгдсэн маниусын толгойд Элбэгийн яриа харь санагдаад болохгүй юм. Цуврал алуурчны яриа, 15 давхараас цацдаг нэвтрүүлгүүд бол мөн ч амттай, бүр донтмоор шүү. Сүүлийн үед тэр нэвтрүүлгүүд нүдний гэм шиг ховордож. Харанхуйд цус сорж хуйлрах сарьсан багваахай, жорлонд жаргаж дүнгэнэх баасны харууд байгаадаа юутай таатай байдаг гээч.

Дунд сургуулийн нэг ангийнхан шиг олон хүүхдийг өсгөж өндийлгөсөн тухай яриа бол арай, арай. Хүнээр хүн хийх хэцүү гэж. Ийм юм хийдэг хүн, тэр тусмаа дарга, ерөнхийлөгч байх ямар ч боломжгүй. Харин тийм нэрээр харж хандах хүнгүй тэднийг орой бүр шарж иддэг байсан тухай шуугиан бол ортой мэт. Мөнгө олдвол сайхан хүүхэн эр, морь нохой, хөөрөг машин гээд бидний ихэнх хүн тийм л юманд өнгөтэй өөдтэйгээ зардаг. Яалаа гэж ээж аав нь, ар гэр нь хүртэл улсын асрахад өгсөн хүүхэд өсгөх вэ. Худал. Тийм азтай хүүхдүүд ч гэж юу байхав. -Хүн тэжээвэл толгой цусдана, мал тэжээвэл гэдэс тосдоно гэж хүртэл ярьцгаадаг. Хүүхэд олоод зарсан, худалдсан, бүр идсэн гэвэл үнэн байх. Өөрийнх нь ярьснаар яаж арваад жил тийм олон хүүхэдтэй хамт байж, элэг бүтэн болгоод, өргөж өсгөөд ээж аав, эгч ах, эмээ өвөө, хамаатан садан нь ирээд авахад хоюул нулимас унагаад үлдэв гэж.

Надаас өөрөөр боддог хүн бас байна. Энэ постын хэсгийг би фэйсбүүкээс аваад ирлээ. "Элбэгдоржоос хүүхэд нэхэж байгаа энэ хүний хайлангууд дотор тэр хүүхдүүдийг үнэхээр эсэн мэнд инээгээд гараад ирвэл баярлах хүн нэг ч байхгүй. Харин ч гутарна. Яагаад гэвэл тэдэнд Эбиг бузар мангас хэмээн чарлаж гаж донгоо хангах л хүсэл байгаагаас биш хүүхдүүд энх тунх байх эсэх нь огтхон ч сонин биш…Эсрэгээрээ Эби гэмгүй бол тэд харин ч боож үхнэ. Гэмгүй бол гэмтэн болгох гэж явж очиж хүн алахаас буцахгүй хүн хогнууд ч эдний дунд бий. Хорин найман хүүхэд бүр тоо ёсоороо эсэн мэнд гарч ирээд, энх тунхаа нотолчихлоо гэхэд эдний санаа амарна аа? Ёстой гонжийнжоо, голионы баас. Хүүхдэдээ биш хүндээ байгаа учраас тэр.

Сургаар хүний мууг хоолой мэдэн, ам булаалдан дуудах мөртлөө өөрсдөө хэрэг дээрээ энэ хорвоогийн хамгийн адгийн мангуу, харанхуй мунхагийн туйл, оюун тархиа бусдад тас базуулсан манкурт боол, буруу зөвийг ялгаж хорвоогийн сайн сайханд тэмүүлэх булчирхай нь хайлсан, аль л худал хуурмаг, бузар булай руу тэмүүлэн дээр нь үхэлдэн шавах, осолдохгүй хүн нэртэй хар ялаан сүргийг бодохын төдийд л жигшмээр!"

Ингэж лав нэг хүн нэр усаа тавиад бичсэн байна. Зарим хүн шуугианаас шороо атгах санаатай орой өдөргүй лайвдаж, нэхэл зүхэл болж байна.

Элбэгийг ир гэж орилж сууна. Түүнтэй хамт зүхэгдэж байсан Цагаан гэж хүн хүрээд ирсэн бүгд бүлх залгисан шиг болсон. Нөгөөдөх нь нэвтрүүлэг хөтөлж, бүр дахиад олны хараанд өртөж муулуулах гэж улайрч байгаа харагдсан. Эрдэнэтийг аваад ирсэн Элбэгийн буяныг бид таваг дүүрэн тавиад хүртэж байна. Турж үхэх гэж байгаа үнээ гэж байгаад хүнд байсан юмаа салгасан гэжугаа. Бидний насны хүмүүс Элбэгийг өвлийн хүйтэн, хаврын хавсарга дунд  цагаан хоолойтой бариад уячихсан юм шиг олны өмнө их харсан. Хар волганы хамар дээр ч харсан. Сүхийн талбайн өлсгөлөн ч адил. Хаа сайгүй. Арай түүнийг Монголд ирсэн ардчилал, эрх чөлөөтэй холбож хардаг юм биш байгаа. Хориотой юм руу дахиад орох нь. Би түүний ярьсан яриаг бүтнээр нь энд чирээд ирлээ…..Хориотой шүү. Би лав дахиж сонсомгүй байна. Тамын хүн тамлах жаргалтай гэж.

 

Бэлтгэл дэд хурандаа Б.Цэдэв

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
69
ТэнэглэлТэнэглэл
41
ЗөвЗөв
14
ХахаХаха
10
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж