"Жүжигчин болгоно гэвэл хамаагүй гээд үсээ хусаж байсан"

ШИНЭ НЭР

"Жүжигчин болгоно гэвэл хамаагүй гээд үсээ хусаж байсан"

"Жүжигчин болгоно гэвэл хамаагүй гээд үсээ хусаж байсан"
Корпорэйт конвеншн центр, Улаанбаатар. 2026 оны 2 дүгээр сарын 26. Жүжигчин Ц.Энхжин. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

“NEWS” агентлаг залуустаа зориулсан "ШИНЭ НЭР" буланийнхаа энэ удаагийн дугаарт жүжигчин Ц.Энхжинг урьж оролцууллаа. Түүний хувьд “Итгэл” “love and sex” “Сүүдэрт ургасан цэцэг”, “Нийслэл хүүхэн” зэрэг дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээсэн. Урлагаасаа дөрөв орчим жил хөндийрч АНУ-д санхүүгийн чиглэлээр магистр хамгаалж ирээд удаагүй байгаа тэрбээр энэ удаа Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ц.Балдоржийн “Хориотой” драмын жүжигт Жавхаагийн дүрийг бүтээхээр ажиллаж буй. Тус жүжиг 20 жилийн өмнө “Х ТҮЦ” продакшны тавилтаар үзэгчдийн хүртээл болж байв. Харин энэ удаа “Орфей” театрын найруулагч М.Батболд, “Xermel” багийнхан уг төсөлд хамтран ажиллаж байгаа билээ

ЦОГООГИЙН ЭНХЖИН

Корпорэйт конвеншн центр, Улаанбаатар. 2026 оны 2 дүгээр сарын 26. Жүжигчин Ц.Энхжин. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

ТӨГССӨН СУРГУУЛЬ:

Соёл урлагийн их сургууль /2014-2018/

МЭРГЭЖИЛ:

Жүжигчин

ОДОО ЭРХЭЛЖ БУЙ АЖИЛ:

Чөлөөт уран бүтээлч, жүжигчин

ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ. ОН ГАРААД ХОЁР ДАХЬ УРАН БҮТЭЭЛДЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА. АНХ УДАА ТАЙЗНЫ УРАН БҮТЭЭЛД ТОГЛОЖ БАЙНА. БЭРХШЭЭЛТЭЙ ЗҮЙЛҮҮД БАЙНА УУ, БЭЛТГЭЛ ХЭР БАЙНА?

-Энэ удаагийн “Хориотой” драмын жүжиг бол миний анхны тайзны уран бүтээл. Театрын уран бүтээл жүжигчнээс маш их ур чадвар шаарддаг. Тиймдээ ч яг одоо бол жүжигтээ төвлөрөөд Жавхаагийн дүр дээр маш их хичээж ажиллаж байна. Жүжигчин ямар ч нөхцөлд, ямар ч дүрд хувирч чаддаг байх ёстой учраас өөрөө л хичээх ёстой гэж боддог. Тайзны уран бүтээлд дууны өнгө, харц, хөдөлгөөн гээд бүх жижиг үйлдэл бүр чухал байдаг. Тийм ч учраас уйгагүй бэлтгэлээ хийж байна. Жүжиг маань гуравдугаар сарын 7-нд нээлтээ хийнэ.

УРЛАГТАЙ ХЭРХЭН ХОЛБОГДОЖ БАЙСАН БЭ, ЭНЭ ТУХАЙГАА ЯРИХГҮЙ ЮУ?

-Бага байхдаа ер нь их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Цэцэрлэгээсээ эхлээд л дунд сургуулиа төгстлөө урлагийн бүх төрөлд бараг ордог дуулдаг, бүжиглэдэг, шүлэг уншдаг гээд урлагт дуртай, хайртай хүүхэд байсан. Хүүхэд байхдаа олны танил жүжигчдийг хараад “ямар гоё юм бэ, эд нар шиг гоё жүжигчин болох юм сан” гэж мөрөөддөг байсан. Гэхдээ “би чадах болов уу, яах бол”  гэсэн айдастай байсан. Тэгж явсаар дунд ангид ороод жүжигчин болъё гэж шийдсэн. Гэтэл гэрийнхэн маань жүжигчин хүн цаг наргүй хэцүү гээд зөвшөөрөөгүй. Тэгээд гэрийнхэн, ээж намайг эмч бол гэсэн. Тэгээд эмч болдог ч юм уу гэж бодсон л доо. Ингэж явсаар ахлах ангид ороод элсэлтийн шалгалт өгөх болоод шийдвэр гаргах мөч тулаад ирсэн чинь “Ер нь би жүжигчин л болох юм байна, жүжигчнээс өөр мэргэжил сонгохгүй” гээд бүрмөсөн шийдсэн.

ЭНЭ СОНГОЛТЫГ СОНСООД ГЭРИЙНХЭН НЬ ХЭРХЭН ХҮЛЭЭЖ АВСАН БЭ?

-Ерөөсөө зөвшөөрөхгүй байсан. Манай гэрт надаас өөр урлагийн мэргэжил сонгосон хүн байхгүй.  Манай өвөө хуульч эмээ маань эмч ер нь ихэнх нь төрийн албан хаагчид.

Тэгээд гэрийнхэн, ээж намайг “чи үнэхээр жүжигчин болно гэвэл үсээ хус” гэсэн. Би бага байхдаа даахиа үргээлгээгүй юм билээ л дээ. Тэгээд ээж түүнийг далимдуулаад жүжигчин хүн ямар ч дүрд хувирч чаддаг, өөрийгөө өөрчилж чаддаг байх ёстой гээд дээрээс нь үнэхээр энэ мэргэжлийг сонгохыг хүсэж байгаа эсэхийг тэгж шалгасан. Дээр хэлсэндээ бага байхдаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан гээд загварын дугуйланд явдаг байсан тэнд драмын хичээл гэж ордог байсан юм. Тухайн үед жүжигчин болвол ямар вэ? гээд л багшаасаа асууна. Багш, жүжигчин болоход золиос их шаарддаг. Дээрээс нь ямар ч дүрд хувирахад бэлэн байх ёстой гэж их хэлдэг байсан. Тийм учраас энэ миний эхний сорилт юм байна, үүнийг давахгүй бол жүжигчин болж чадахгүй гэж бодоод л шийдвэрээ гаргаж байсан. Тухайн үед чинь би яг өсвөр насан дээрээ байсан.

Гэсэн ч “үнэхээр үсээ хусчихвал жүжигчин болгоно гэвэл хамаагүй” гээд амлалт аваад үсээ хусаж байсан.

Гэхдээ үсээ хусах бол маш том сорилт байсан. Тэгээд халзан толгойтой элсэлтийн шалгалтаа өгч тэнцээд 2014 онд Соёл урлагийн их сургуульд элсэж Б.Отгонбат багшийн ангид ороод 2018 онд сургуулиа төгссөн дөө. Харин одоо манай гэрийнхэн бол миний ард асаалттай танк шиг намайг дэмждэг дээ.

АНХНЫ УРАН БҮТЭЭЛ НЬ ЯМАР КИНО БАЙСАН БЭ?

-Хамгийн анх дөрөвдүгээр курсдээ жүжигчин Э.Алдараа ахын найруулсан “One night” гэдэг кинонд дүр бүтээж байсан. Түүнээс хойш “Итгэл” “love and sex” “Сүүдэрт ургасан цэцэг” “Нийслэл хүүхэн” “Doctor” зэрэг кинонуудад гол болон туслах дүр бүтээсэн. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд урлагаас холдож АНУ-д санхүүгийн чиглэлээр магистр сурч төгсөөд ирээд байна. Энэ он гарснаас хойш г.Дэлгэрбаяр найруулагчийн “Орь дуу” нэртэй богино хэмжээний кинонд тоглосон харин одоо Орфей театр хамт олон болон “Xermel” багийнхны хамтран бүтээж байгаа М.Батболд найруулагчийн найруулан үзэгчдэд хүргэх гэж буй “Хориотой” драмын жүжигт дүр бүтээгээд бэлтгэл сургуулилтаа хийж байна даа.

Корпорэйт конвеншн центр, Улаанбаатар. 2026 оны 2 дүгээр сарын 26. Жүжигчин Ц.Энхжин. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

“СҮҮДЭРТ УРГАСАН САРНАЙ” УРАН САЙХНЫ КИНОНД +18  ДҮРД ТОГЛОСОН. ТУХАЙН ҮЕД САНАЛЫГ ХЭРХЭН ХҮЛЭЭЖ АВЧ БАЙСАН БЭ. СУРГУУЛИА ТӨГСӨӨД УДААГҮЙ БАЙСАН БАЙХАА?

Аан тэр үү. Ингэсэн юм. “Сүүдэрт ургасан цэцэг” уран сайхны киноны санал ирээд, зохиолыг нь уншсан чинь нэлээд тийм сонирхолтой дүр байсан. Тухайн кинон дээр секс сцен их гардаг дээрээс нь миний бүтээх дүр лэсби дүр байсан. Тэгээд зохиолоо уншихад үнэхээр өөр, миний мэдэхгүй ертөнц байсан. Тэгээд тухайн дүрийг бүтээхийн тулд дүрээ маш их судлах шаардлагатай болно. Ингээд л “яагаад тоглож болохгүй гэж би чадна. Жүжигчин хүн бүх дүрд хувирдаг байх ёстой” гээд тоглож байсан. Гэхдээ гэрийнхэндээ секс сцентэй гэж хэлээгүй байсан учраас гэрийнхнээ нээлтийг нь үзүүлээд киногоо үзүүлээгүй явуулчихсан юм. Бүр сүүлд намайг АНУ-д сурч байхад манай гэрийнхэн үзсэн байна лээ. Тэгээд чиний дүр чинь тийм дүр байсан юм уу, +18 кино байсан юм уу гэсэн. Гэхдээ нэгэнт энэ мэргэжлийг сонгочихсон, өөрсдөө дэмждэг болохоор өөр юм бол хэлээгүй ээ.

БҮТЭЭСЭН ДҮРҮҮДЭЭС НЬ ХАМГИЙН ХАЙРТАЙ ДҮР НЬ ЯМАР ДҮР БАЙСАН БЭ?

Их сургуулиа төгсөхдөө дипломоо хамгаалахдаа "Шөнө дундын бүжиг" жүжгийн Шубирагийн дүрийг бүтээж байсан. Энэ дүрдээ хамгийн их хайртай. Шубирагийн дүр өөрөө маш их зовлонтой дүр. Хамгийн сүүлд амиа хорлодог. Үхээд сүнс болоод л, маш уйлдаг шаналантай дүр л дээ. Дипломоо хамгаалсны дараа хүмүүс ирж баяр хүргээд байдаг, би зогсолтгүй уйлаад байсан.

Хоёр дахь нь “Сүүдэрт ургасан цэцэг” уран сайхны кино дээр олон залуучуудад хүчиндүүлдэг хэсэг байдаг юм. Тэр хэсэг маш хүнд байсан. Тэр хэсгийн зураг авалт  дууссаны дараа бараг хоёр өдөр дотор муухай оргиод маш муухай мэдрэмжтэй явсан. Жүжигчдээсээ айгаад тэгж дүрдээ орж тоглож байсан. Ийм хүнд дүрд тоглоход түүнээсээ гарах бас их хэцүү байдаг юм билээ. “Нийслэл хүүхэн” кинонд тоглоход натурт багагүй хоног явсан, тэр үед бас нэлээд хэцүү байсан. Жүжигчний мэргэжил ер нь халуунд халж, хүйтэнд хөрдөг, цаг наргүй гээд амаргүй шүү дээ.

Корпорэйт конвеншн центр, Улаанбаатар. 2026 оны 2 дүгээр сарын 26. Жүжигчин Ц.Энхжин. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

“СҮҮДЭРТ УРГАСАН ЦЭЦЭГ” УРАН САЙХНЫ КИНОНД ТОГЛОСНЫ ДАРАА ҮЗЭГЧИД ХЭРХЭН ХҮЛЭЭЖ АВСАН БЭ?

Олон нийтийн сүлжээнд бол маш их муулж л байсан. Тэгээд их сургуулиа төгсөөд удаагүй байсан болохоор хүмүүс янз бүрээр дэргэд байсан юм шиг худлаа зүйл ярина. Тэр бүрт тухайн үед маш хэцүү байсан, хүмүүс муухайгаар хэлэхээр буланд очоод уйлаад л суучихдаг байсан. Гэрийнхэн маань маш их дэмжиж байсан учраас шантраагүй.  Манай дүү бүр сошиалд намайг өмөөрч заримтай нь муудалцдаг.

Тэгээд миний хувь зан чанар маань тууштай, юмнаас нэг их айдаггүй, чадна л гэсэн бол ард нь заавал гардаг. Чадахгүй ээ л гэсэн бол хойшоо суучихдаг.

Тийм учраас ямар ч дүрийн санал ирсэн байлаа би өөрөө чадна, за гэсэн бол шантраад байдаггүй дээ. Гэхдээ миний хувьд дөнгөж сургуулиа төгсөөд хоёр ч эротик кинонд тоглосон болохоор хүмүүс амьдрал дээр яг тийм мэтээр хүлээж авдаг. Зарим салбарын хүмүүс хүртэл муулж л байсан. Тийм учраас дүү нартаа хэлэхэд уран бүтээлийн гараагаа +18 дүрээр эхлэх дэмий юм байна лээ шүү, эхлээд зайлсхийх хэрэгтэй гэж захина. Учир нь хэл ам их, нийгэм хүлээж авах уу үгүй юу хүмүүсийн хэл ам, доромжлолыг даахгүй шантарч магадгүй.

ҮЛГЭР ДУУРИАЛ АВДАГ ЖҮЖИГЧИН БАЙДАГ УУ?

-Жүжигчин Отгонцэцэг эгчээс үлгэр дууриал авдаг. Түүний харц дүрээ бүтээж байгаа байдал нь маш их таалагддаг.

ЖҮЖИГЧНИЙ МЭРГЭЖИЛ СОНГОХ ГЭЖ БАЙГАА ДҮҮ НАРТАА ЯМАР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ВЭ?

-Эхлээд сэтгэлээ сайн сонсох хэрэгтэй. Үнэхээр сонгохоор шийдсэн бол жүжигчин болоход өчнөөн бэрхшээл тулгарна Соёл урлагийн их сургуульд нэг ангид 40 хүүхэд орлоо гэж бодоход дөрвөн жилийн дараа ар гэр, санхүү, шантрах гээд ямар нэг шалтгаанаар тал нь сургуулиа орхиод 20 орчим хүүхэд л төгсдөг. Жүжигчин байхад тэр дундаа эмэгтэй хүнд нэлээд хүнд. Цаг наргүй, ар гэртээ цаг зав гаргах боломж хомс. Шантрах үе зөндөө гарна. Тэвчээртэй байх хэрэгтэй. Ингээд энэ бүгдийг даван туулж чадна аа гэвэл тууштай байгаарай л гэж хэлмээр байна. Дээрээс нь ар гэрийн туслалцаа, дэмжлэг бас маш чухал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2026-02-27 103.229.120.34

Одоо цагийн кино гэж жонхуу, тоглож байгаа нь өөрснийгөө мэргэжлийн гээд бодцон алиалагчид л байхым даа. Кино гээд байгаа юмнуудыг нь сонсоо ч гүйм байна. Өөрийгөө юун их юманд бодцым бэ дээ.

Avatar

Нэргүй 2026-02-27 103.57.94.109

huushuur bilvv tsuivan hiideg content orood hiij chadhgvi uurlaad garaad yvdav ohin bnshd hha

Avatar

Нэргүй 2026-02-27 203.217.139.241

hahahaha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж