‘Мазала’ үндэсний дээд лигийн 13-р тойргийн сүүлийн тоглолт МХБХ-ны талбайд ‘Атлетик 220’ болон ‘Улаанбаатар Сити’ клубүүдийн хооронд боллоо.
Эдгээр багууд ижилхэн 19 оноотой, хүснэгтийн 5 болон 6-р байруудад бичигдэж байсан юм. Өнгөрсөн улирлын дээд лигийн медалийн эзэд энэ улиралд түрүүлэх зорилгыг өмнөө тавьж байгаа ч бодит байдал өөр байна. Эдгээр багууд улирлын эхний хагаст таарч тоглоход ‘Атлетик 220’ клуб 4:1-ийн харьцаатай хожиж байсан билээ. Тухайн үед хоёр багийг П.Мөнхбат, Мануэль Ретамеро нар удирдаж байсан бол эдгээр дасгалжуулагчид ажлаасаа чөлөөлөгдсөн.
Тоглолтын эхний үед ‘Улаанбаатар Сити’-д тооны харьцааг нээх боломж байсан ч багийн ахлагч Н.Цэдэнбал торгуулийн цохилтоо алдсан юм. Улмаар эхний 45 минут гоолгүй өндөрлөсөн. Харин 2-р хагас эхлээд 24 минут өнгөрч байхад ‘Атлетик 220’ клубийн довтлогч Б.Мөнх-Эрдэнэ эсрэг багийн хаалганы баруун доод буланд гоол оруулж, багтаа тэргүүллийг авчирлаа. Түүний гоолоос 10 минутын дараа Б.Эрхэмбаяр ‘Атлетик 220’-ын тэргүүллийг баталгаажуулсан бол шүүгчийн мэдлийн цагт А.Тэмүүжин тоглолтын эцсийн цэгийг тавьж, ‘Атлетик 220’ хүчтэй өрсөлдөгчөө 3:0-ээр хожлоо. Ингэснээр тэд 22 оноотой болж, хүснэгтийн 4-р байранд дэвшсэн байна.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО